Sunday, 16 March 2014



Ясаар хийсэн мотоцикл худалдаанд тавигдлаа


АНУ-ын Флорида мужийн иргэн Риз Мур амьтны ясаар хийсэн мотоциклоо дуудлага худалдаанд тавьжээ. Cowasaki хэмээх нэртэй болсон энэхүү тээврийн хэрэгсэл 55 мянган доллараар үнэлэгдэж байна. Мэдээж энэхүү ясан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож болохгүй, зөвхөн дурсгал, гангараа маягаар ашиглаж болох аж. Р.Мур хүүтэйгээ хамтран хэд хэдэн ийм мотоцикл хийсэн байна. Тэрээр 1990-ээд онд Хэллоуины баяраар ясан чимэглэл хийж өгдөг байжээ. Харин мотоцикл хийх ясаа хүүгийнхээ хамтаар хэдэн жилийн турш цуглуулжээ.

Tuesday, 11 March 2014




Оросын эсрэг хориг арга хэмжээг энэ долоо хоногт авч магадгүй

Кремлийн эрх баригчид Крым дахь нөхцөл байдлыг намжаах саналд хариу өгөхгүй бол энэ долоо хоногт Оросын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдлээ. “Тэд нааштай хариу өгвөл Жон Керри Москвад очиж, хориг арга хэмжээг яаран авахгүй. Хэрвээ оросууд хариу өгөхгүй, эсвэл татгалзсан хариу өгвөл энэ долоо хоногтоо багтааж хориг арга хэмжээ авч магадгүй” хэмээн тэрээр онцолсон байна. Өчигдөр өрнөдийн улстөрчид Лондонд уулзаж хориг арга хэмжээнд орох оросуудын жагсаалтыг хэлэлцжээ.

Крым бүгд найрамдах улсын эрхтэйгээр Оросын бүрэлдэхүүнд орно

Хар далай дахь Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх шийдвэр Кремлийн дээд түвшинд алт хэдийнэ гарсан хэмээн “Газета” мэдээлэв. Крымийн хойг нь Оросын холбооны бүрэлдэхүүнд орос, крымийн-татар гэсэн албан ёсны хоёр хэлтэй бүгд найрамдах улсын хувиар орох бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албанд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Крымийг Оросын бүрэлдэхүүнд албан ёсоор оруулах асуудлыг гуравдугаар сарын эцэс гэхэд шийдэж дуусах зорилт тавьжээ. Крымийг нэгтгэх тодорхой хугацааг заагаагүй ч алгуурлах санаа байхгүй байна хэмээн бусад эх сурвалж баталж байна.

Жеки Чан Өмнөд Солонгосын поп хамтлагийн менежер болжээ

Холливудын алдарт жүжигчин Жеки Чан Өмнөд Солонгосын JJCC поп хамтлагийн менежер боллоо хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. Тус хамтлаг нь рэпчин PSY-ийн алдаршуулсан k-pop стилээр тоглодог аж. Хамтлагийн бүрэлдэхүүнд дөрвөн солонгос, нэг хятад, нэг австрали байдаг.

Жеки Чан тэдний анхны цомгийн продюсерээр ажиллахаар болжээ. Тус хамтлаг хонконг жүжигчнийг хүндэтгэж нэрнийх нь эхний үсгийг (J, C) хамтлагтаа өгсөн ажээ.  


Далай лам, цөллөгт өнгөрүүлсэн 55 жил

Түвдүүд Хятадын эзэрхэг засгийн эсрэг тэрслэн боссоны 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ бослого бүтэлгүйтсэний улмаас Түвдийн оюун санааны лидер, XIV Далай лам Данзанжамц төрөлх нутгаа орхин Энэтхэг рүү дүрвэсэн билээ. Тэрээр мөргөлдөөнийг зохицуулах энхийн арга замыг олж дөнгөсөнгүй, өсөж төрсөн газартаа дахин хөл тавьж чадсангүй хагас илүү зуун өнгөрчээ.
“Улс төрийн дарамт хавчлага, соёл уламжлалыг ижилсүүлэх, эдийн засгийн хувьд дорд үзэх, арьс өнгөөр ялгаварлах, нүүдэлчин ард түмнийг өөр газарт цөлөх, байгаль орчныг устгах зэрэг нь Хятадын Засгийн газрын эсрэг тэрслэн босох шалтгаан болсон” хэмээн Энэтхэгийн Дарамсала хотод төвтэй Түвдийн цөллөгийн Засгийн газрын парламентаас өчигдөр гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Сүүлийн таван жилд Түвд дахь Бээжингийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн 126 лам амьдаараа “Зулын гол” болсон юм. Тэдний 108 нь амь насаа алджээ.
Хятадын Засгийн газар Далай ламыг Түвдийг Хятадаас салган тусгаарлахыг хүсдэг, хүчирхийлэлд уриалагч, өдөөн турхирагч хэмээн “цоллосон” хэвээр байна. “Далай ламд хандах бидний үзэл огтхон ч өөрчлөгдөөгүй. Тусгаар тогтнол гэдэг нь шашны бурангүй улсыг буцааж авчирна гэсэн үг” хэмээн Түвдийн бүс нутгийг Ардын дээд чуулганд төлөөлдөг Бадма Чойлин мэдэгдсэнийг “China Daily” сонин иш татжээ.
Буддын шашны лидер “Дундын зам” буюу Хятад улс дотор Түвдэд автономит бүрэн эрх олгох энхийн санаачилгыг хэдэн жилийн өмнөөс ярих болсон билээ. Түвдэд илүү их эрх чөлөө олгосноор шашын болон ард түмний эрх ашгийг хамгаалж чадна хэмээн тэрээр үздэг.
Коммунист удирдагч Мао Зедуны цэргүүд Түвдийн ард түмнийг “хаант засгийн дарлалаас чөлөөлөх” нэрийн дор 1950 оны аравдугаар сард Түвдэд нэвтрэн орж эзэлжээ. Олон сонголтгүй болсон Түвдийн эрх баригчид Далай ламын улс төрийн манлайлал дор бүс нутгийн улс төр, шашны бие даасан байдлыг хадгалах тохиролцоог Бээжингийн Засгийн газартай хийлээ. Гэвч нөхцөл байдал санаснаар болсонгүй.

1959 оны гуравдугаар сарын 10-нд Америкийн нууц албаны сургагчдаас заавар авсан түвд иргэд Хятадын эзэрхийллийн эсрэг зэвсэг барин тэрслэн боссон ч бүтэлгүйтсэн юм. Хятадын коммунист армийн эсрэг тулалдаанд хэдэн мянган түвд босогч амь үрэгдэж, хэдэн зуун сүм хийд үнсэн товрог болжээ. Далай лам тэргүүтэй хэсэг түвд иргэн Энэтхэг рүү зугтаан гарч Дарамсалад ирж суурьшжээ. Тэр цагаас хойш Далай лам Түвдийн хувь заяаны асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах гэж хичээж ирсэн ч төдийлэн амжилт олохгүй байна.

Monday, 10 March 2014



Хараагүй хүмүүс дуу авианы тусламжтайгаар харж сурна

Хараагүй хүмүүсийг дуу авианы тусламжтайгаар харахад сургаж болно хэмээн Израилийн эрдэмтэд баталж байна. Энэ талаарх эрдэм шинжилгээний материал Current Biology сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд дүрс, дүрслэлийг дуу авианд шилжүүлэх програмыг зохион бүтээж чадсан ажээ. Далайн гахай болон сарьсан багваахайн дуу авиаг мэдрэх чадварыг ашиглан энэ механизмийг зохион бүтээсэн байна. Хараагүй хүмүүст энэ програмыг ашиглах сургалт явуулсны дараа тэд урдаа байгаа хүмүүсийн дүрс, зогсолтын байрлалыг “хардаг” болох аж.  

Элсэн чихрийн хэрэглээгээ багасгахыг сануулж байна

Тө өдөрт хэдэн гр элсэн чихэр хэрэглэдэг вэ? Ер нь мэдэхгүй байх л даа. Хүний өдөрт идэж буй хоол хүнсний таваас илүүгүй хувьд нь элсэн чихэр байх ёстой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт 25 гр-аас илүүгүй (зургаан жижиг халбага) элсэн чихэр хэрэглэж байвал эрүү саруул байх юм. Энэ хязгаараас хэтэрвэл таргалах, шүд цоорох өвчинд нэрвэгдэх магадлал ихсэх ажээ.

Бидний хэрэглэж, залгиж буй элсэн чихрийн багагүй хэсэг нь нуугдмал байдаг ажээ. Жишээ нь, нэг халбага кетчупэнд дөрвөн гр элсэн чихэр агуулагдаж байдаг. Чихэрлэг болгосон нэг литрийн шүүсэнд 40 гр элсэн чихэр байдаг ажээ. 

Saturday, 18 January 2014







60 жил усанд ороогүй эр

Ираны Дейга тосгонд амьдардаг 80 настай Амоу Хажи хэмээх эр сүүлийн 60 жилд ганц ч удаа усанд орж биеэ угаагаагүй гэж байна. “Tehran Times” сонин мэдээлж буйгаар, “дэлхийн хамгийн заваан эр” Хажи 38 жил усанд ороогүй энэтхэг эрийн рекордыг “хумхийн тоос” болгож байгаа аж.
Амоу Хажи залуудаа сэтгэцийн өвчинд нэрвэгдэж, зожгирч ганцаараа амьдрах болжээ. Тэр цагаас хойш хүний хөлөөс хол, даруухан амьдрах болсон аж. Цэвэрхэн байвал өвчин тусдаг гэж итгэсэндээ зургаан аравны туршид усанд ороогүй Хажи өмхийрч үнэр орсон гахай зараа (porcupine) идэх дуртай. Үсээ засуулах хэрэг гарвал үсээ зүгээр л шатааж орхидог аж. Нэгэн удаа хэсэг залуус ирж хүчээр усанд оруулах гэсэн ч зугтаж амжжээ.

Деннис Родман Хойд Солонгосоос ирээд архины эмчилгээндээ орлоо

Америкийн сагсан бөмбөгч Деннис Родман АНУ-ын зүүн эргийн нэгэн эмнэлэгт архины донгоос ангижрах эмчилгээндээ орлоо хэмээн “CNN” мэдээлэв. Тэрээр Хойд Солонгос руу ээлжит аялалаа хийж ирэнгүүтээ эмнэлэгт хэвтжээ.
Родман Пхеньянд нэгдүгээр сарын эхээр үзүүлэх тоглолтод оролцож байхдаа архинд донтсоноо хүлээн зөвшөөрч байв. Тэрээр “CNN”-ийн шууд нэвтрүүлэгт орж, Хойд Солонгост 15 жил хорих ялаар шийтгүүлсэн Америкийн иргэн Кеннетийн талаарх асуултад “Магадгүй тэр зохих шийтгэлээ авсан байх” хэмээн хариулснаар олон хүний шүүмжлэлд өртсөн юм. Дараа нь тэрээр Кеннетийн гэр бүлээс уучлал хүссэн аж.
Родман NBА-ийн ахмад тоглогчдийн хамтаар Хойд Солонгосын лидер Ким Чен Унд төрсөн өдрийн баяр хүргэхээр очсон юм. Тэд үзүүлэх тоглолт хийжээ. Энэ аялалд оролцсон сагсан бөмбөгч Чарльз Смит “Үзүүлэх тоглолт хийлээ гэж бидэнд мөнгө өгөөгүй” хэмээн мэдэгдсэн байна. Залуу лидер Ким Чен Ун алдарт сагсан бөмбөгч Деннис Родманаар дамжуулж улс орноо өрнөдийн анхааралд өртүүлэхийг хүсч буй бололтой.

Бан Ги Мун Сирийн сөрөг хүчинд баяр хүргэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Женев-2” энхийн бага хуралд оролцохоор болсон Сирийн Үндэсний сөрөг хүчний эвслийн шийдвэрт баяр хүргэжээ. “Ийм их гай зовлон, сүйтгэлийг авчирсан гурван жилийн иргэний дайныг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө түүхэн, зоригтой алхам хийлээ” хэмээн Бан Ги Мун онцолжээ. Тэрээр Сирийн сөрөг хүчнийхэн бага хуралд оролцох төлөөлөгчдөө шуурхай сонгож чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Энхийн хуралд оролцох болсон Сирийн Үндэсний сөрөг хүчний эвслийн шийдвэрт Европын дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон мөн баяр хүргэсэн байна.

Үерт 22 хүн амиа алдлаа

Бразилийн Сан-Паулу хотод үер буусны улмаас 22 хүн амь насаа алдаад байна. Одоогоор таван хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Үер, хөрсний нуралтын улмаас Итаока суурингийн хүн амын 10 хувь нь орох оронгүй болов. Олон цаг үргэлжлэн орсон борооны улмаас гол үерлэж эргээсээ хальсан аж. Онцгой албаныхан болон цэргүүд байгалийн гамшигт өртсөн иргэдэд тусалж байна.

Б.Обама Ангела Меркелийг тайвшруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы канцлер Ангела Меркельд хандаж “Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) үйл ажиллагаанаас болж хоёр орны улс төрийн харилцаа муудна гэж санаа зовох хэрэггүй” хэмээн хэлжээ. Тэрээр Германы телевизэд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.
“АНУ, Германы харилцан итгэлцэл NSA-ийн үйл ажиллагаа болон түүний тагнах мөрдөх арга барилын улмаас тасалдах ёсгүй. Ийм байдалд хүргэхгүйн төлөө би ажиллана. Би АНУ-ын Ерөнхийлөгч байгаа цагт Германы канцлер үүнд санаа зовохгүй байж болно” хэмээн Цагаан ордны эзэн онцолжээ. NSA-д гадаад орнуудын лидерийг тагнаж мөрдөхийг хориглож байгаагаа Обама мэдэгдсэн билээ.

Амстердамд Алтанзул цэцгийн баяр болж байна

Голландын Амстердам хотод Алтанзул цэцгийн баяр болж байна. Тус улсад энэ цэцэг хоёр, гуравдугаар сард цэцэглэдэг ч голландууд энэ баярыг нэгдүгээр сарын дундуур тэмдэглэх болжээ. Энэ баяраар хэдэн мянган гоёмсог цэцгийг янз бүрийн хэлбэр, дүрс үүсгэн дэлгэдэг. Цэцэгний баярт ирсэн зочин бүр 15-20 Алтанзул цэцэгтэй баглааг үнэгүй авч явж болдог ажээ.





Япон цэрэг Хиро Онода өөд болжээ

1945 онд дэлхийн II дайн дуусчихаад байхад Филиппины Лубанг арлын ширэнгэ ойд партизаны дайн өрнүүлж 29 жилийн турш бууж өгөлгүй “гүрийж байсан” япон цэрэг Хиро Онода 91 насандаа өөд болов. “Энэ 30 жилийн хугацаанд би цаг, мөч бүрийг эх орныхоо төлөө зориулдаг байсан” хэмээн тэрээр хожим дурсан ярьсан байдаг. Дайн дуусч, Япон орон энх тайван байдалд шилжиж, хөгжил дэвшлийнхээ замд орж байхад цэрэг эр Онода дайсандаа бууж өгөхгүй хэмээн ширэнгэ ойд бүгсээр байсан юм. Тэрээр дайн дууссаныг мэдээгүй байсан бөгөөд “Дайсанд бууж өгч, баригдаж болохгүй” гэсэн даргынхаа тушаалыг биелүүлсээр байсан гэдэг.
Японы арми Филиппины Лубанг арал дээр хуаран байгуулж, Хиро Онода 1944 оны арванхоёрдугаар сарын 17-нд хошууч Танагучигаас Лубанг дахь партизаны отрядыг толгойлох үүргийг хүлээн авчээ.
Тэрээр тушаалыг гүйцэтгэн Лубанг дахь партизан отрядаа толгойлж байсан ч ихэнх дайчид нь алуулж, гурван цэргийн хамт үлдсэн байна. 1950 онд гурван цэргийн нэг нь Филиппины армид бууж өгсөн бол, нөгөө нь 1954 онд нутгийн иргэдтэй буудалцах үеэр нас барж, үлдсэн нэг нь 1972 онд өөд болсноор Хиро Онода ганцаараа үлджээ.
Түүнийг японы оюутан Норио Сузуки ойгоос олоход тэрээр дайн дууссан гэдэгт итгэж чадахгүй байсан гэдэг. Норио Японд эргэн ирж эрх баригчдад энэ тухай дуулгаснаар Японы милитарист армийн сүүлчийн цэргийг эх оронд нь авчрах, цэрэг эрийн алдар сууг нь сурталчлах өргөн хүрээтэй ажил өрнөсөн юм. Улмаар Онодад байлдааны тушаал өгч Филиппины ширэнгэ ой руу илгээсэн хошууч Танагучиг сурвалжлан олжээ. Танагучи Лубанг арал дээр ирж цэрэг Хиро Онодаг дуудан ойгоос гаргаж ирээд “Дайн дууссан. Япон дайнд бууж өгсөн. Тиймээс ойд бүгж тулалдах тушаалыг цуцалж байна” хэмээн тушаасны эцэст л цэрэг Онода дайн дууссан гэдэгт итгэсэн гэдэг.
1974 оны гуравдугаар сарын 10-нд Онода Филиппины талд бууж өгч буйгаа зарлан ширэнгэ ойгоос гарсан байна. Дайн дууссанаас хойш 29 жил өнгөрсөн ч Онода 500 сумтай буу, хэд хэдэн гранат болон самурайн илдээ тун сайтар хадгалсан байжээ. Тэр ширэнгээс гарч энгийн амьдралаа эхлүүлж, дараа нь Бразил руу явжээ. Онода Бразилд гэрлэж, хүүхэдтэй болсныхоо дараа “Бууж өгөхгүй: Миний 30 жилийн дайн” хэмээх ном бичсэн нь бестселлер болж байв.
Онода 1984 онд Японд эргэн ирж, хүүхдийн зуслан байгуулж, тэндээ ойд хэрхэн амьдрах, тэсч үлдэх аргыг зааж байлаа. Харин 1996 онд Филиппины аралд дахин очиж, нутгийн дунд сургуульд арван мянган долларын хандив өргөсөн түүхтэй.
Онода 30 жилийн турш ширэнгэ ойд бүгж партизаны дайн явуулахдаа дайн дууссан, Япон дайнд бууж өгсөн, бууж өг гэсэн “суртал ухуулга”-д огт итгээгүй юм. Нисэх онгоцноос “Дайн дууссан шүү дээ” гэсэн хуудас цацаж, гэр бүлийнхэн нь ирж чанга яригчаар Онодаг ятгасан ч тэрээр ойгоос гарч ирээгүй. Харин тушаал өгсөн дарга нь ирж “Би хошууч Танагучи байна. Цэрэг Онода ойгоос гарч ир" гэж хашгирч тушаал өгсний дараа л тэрээр гарч ирсэн юм. Онода энэ хугацаанд партизаны дайн өрнүүлэхдээ энгийн номхон 30 орчим нутгийн иргэнийг алж, 100 орчим хүнийг шархдуулжээ. Ширэнгэ ойн гүнд бүгж, гадил, дал модны жимсээр хооллож явжээ.
Цэрэг Онода нутагтаа буцаж ирээд харсан зүйлдээ итгэхгүй байсан гэдэг. Үнэнчээр үүрэг гүйцэтгэж явсан дайнд эх орон нь ялагдаж, америкуудын илт нөлөөтэй Үндсэн хууль батлагдсан байсанд тэрээр ихэд гутарчээ. Дайны дараах яарангуй хөгжил цэцэглэлтэд хуучны үнэт зүйлсээ алдсан олон сая япон иргэний хувьд Онода бахархал, гунигийг зэрэг авчирсан юм. Үзэл бодлынхоо төлөө үнэнчээр тулалдсаар явсан япон цэргийн түүх Япон орныг тэр чигээр нь долгилуулсан билээ.
Япон нь түрэмгийлэгч гүрэн байсан гэдгийг Хиро Онода хүлээн зөвшөөрөөгүй юм. “Бидэнд сонголт байхгүй байсан. Харин Азийн орнуудыг довтлоход япон сургуулиудад явуулдаг байсан зүүний хүчний суртал ухуулга их ташуур болсон” хэмээн өгүүлж байв. Тэрээр Японыг ялсан Америкийг ч буруутгасангүй. “Би энэ дайнд, энэ бүгдэд АНУ-ыг буруутгахгүй. Учир нь тэд сул дорой Японыг хүсч байсан, тэрэндээ ч хүрсэн” хэмээн Хиро Онода ярьсан удаатай.