Wednesday, 1 March 2017




Домогт хөлбөмбөгчийн хүү хэрэгт холбогджээ

Бразилийн домогт хөлбөмбөгч Пелегийн хүү Эдиньо бохир мөнгө угаасан, хар тамхины биенестэй холбогдсон хэргээр хоригдож байгаа. Тэрээр давж заалдах өргөдөл гаргаж, хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргасныг ёсоор болгож түүнийг түр суллаад байна. Шүүхээс түүнд 33 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Хэргийг дахиж шалгасан ч түүнийг цагаатгахгүй, харин ялыг нь 12 жил болгон бууруулах бололтой. Эдиньо хоёрдугаар сарын 24-ноос эхлэн хоригдож байна.
Эдиньо Бразилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хаалгаж хийж явжээ. 1999 онд спортын замналаа өндөрлүүлсний дараа авто уралдаанд оролцож хүний амь насанд хүрсэн хэргээр зургаан жилийн ял сонсож байв. 2005 онд шоронгоос гарсан ч 2006 онд хар тамхины хэргээр дахин шийтгүүлжээ.

Халдлага үйлдэх гэж байсан дөрвөн этгээдийг баривчлав

Францын нийслэл Парисын дагуул хотоос халдлага үйлдэхээр төлөвлөж байсан дөрвөн этгээдийг илрүүлэн баривчиллаа хэмээн Reuters агентлаг цагдаагийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Парисаас зүүн зүгт орших Клиши тосгонд баривчилгаа болж нэг гэр бүлийн дөрвөн гишүүнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлээд байна. Тэдний гэрээс тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг бодис, материалыг хурааж авчээ. Хэд хоногийн өмнө өөр дөрвөн этгээдийг халдлага үйлдэхээр завдаж байсан хэмээн баривчилсан юм. Тэдний нэг нь 16 настай охин байжээ. 2015 оны сүүлчээр Парист аймшигтай цуврал халдлага болж олон зуун хүн амь насаа алдсаны дараа цагдаа, тусгай хүчнийхэн байнгын бэлэн байдалд ажиллаж, сэжигтэй хүмүүсийг илрүүлэн баривчилсаар байгаа юм.

М.Жексоны Neverland-ийг хямдруулан худалдана

Подын хаан Майкл Жексоны эзэмшиж байсан Калифорни дахь Neverland эдлэн газрыг анхны үнийг нь 33 хувиар бууруулан дахин дуудлага худалдаагаар оруулахаар боллоо хэмээн Wall Street Journal мэдээлэв. Калифорни мужийн Санта-Барбара хотоос 65 км-т орших Neverland-ийг 98 сая доллараар үнэлэн дуудлага худалдаанд оруулсан ч худалдан авагч олдоогүй юм. Одоо үнийг нь 67 саяаас эхлэн дуудахаар болов. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Coldwell Banker Previews International компани попын хааны эдлэн газрыг хоёр жилийн өмнө дуудлага худалдаанд тавьж байсан юм. 2016 оны зун тус газрыг дуудлага худалдаанаас эргүүлэн татсан ба эдүгээ хямдруулсан үнээр худалдан авагчдад санал болгож байгаа аж.
Майкл Джексон Neverland-ийг 1987 онд 19,5 доллараар худалдан авч тэндээ 15 жил амьдарчээ. Тус эдлэн газар нь 903 га талбайтай, дуучны амьдарч байсан харш, мөн цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоом, сонин хачин амьтадтай хүрээлэн байрлаж байв. 2008 онд Жексон эдлэн газартаа 24 сая долларын хөрөнгө оруулалт хийж, дараа нь Colony Capital компани тус газрыг 23 сая доллараар худалдан авч дуучны өв залгамжлагчдын хамтаар эзэмших болсон юм. Майкл  Жексон 2009 оны зун нас барсны дараа Neverland эдлэн хоосорч, тоглоомуудыг буулгаж, амьтдыг нь цирк болон хувь хүмүүст худалджээ. Дараа нь тус эдлэнд засвар хийж Sycamore Valley Ranch хэмээн нэрлэжээ. Эдүгээ тэнд 22 байшин барилга, нэг царигтай төмөр зам, буудал байна.  

Нууц баримт, материал алдагдах нь хоёр дахин ихэсчээ

АНУ-д нууц баримт, материал алдагдах нь явдал 2016 онд өмнөх оноос хоёр дахин ихэсчээ. Тус улсын Хууль зүйн яамны албан ёсны тоо баримт үүнийг гэрчилж байгаа аж. Өнгөрсөн онд АНУ-ын төрийн албаны нууц баримт алдагдсан 37 тохиолдол бүртгэгдсэн байна. 2015 онд энэ үзүүлэлт 15 байсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа руу чиглэсэн, тэднийг ОХУ-тай хуйвалдсан гэх мэдээ материал ихээхэн тарж байгаа. Цагаан ордны нэр хүндийг унагах зорилготой нууц баримт материалыг хэвлэлд мэдээлэлд тарааж буй нь өмнөх Ерөнхийлөгч Барак Обама болон тэдний хүрээлэлтэй холбоотой хэмээн Трамп үзэж байна. “Трамп үүний ард зогсож байгаа гэж үзэж байна. Зарим мэдээлэл тэдний хүрээний хүмүүсээс гарсан байх магадлалтай. Нууц мэдээлэл ийнхүү алдагдаж байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдалд муу нөлөөтэй” хэмээн Ерөнхийлөгч Fox News телевизэд ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгоход 20 тэрбум доллар шаардлагатай


Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана хэрэм босгоход одоогоор 20 сая доллар л гаргах боломжтой байна хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлэв. Хууль бус цагаачлал, хар тамхи, хүний наймаанаас сэргийлнэ гэж байгаа хилийн хана хэрмийг босгоход 21.6 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм. Одоогоор Аризона мужийн Нако хотын ойролцоох хилийн хамгаалалт болон тусгай камер суурилуулахад 20 сая доллар л гаргах боломжтой байгаа хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ төсөлд нэмэлт хөрөнгө гаргуулахын тулд Конгрессоор шийдвэр гаргуулах хэрэгтэй болж байна. АНУ-ын хил, гаалийн алба дөрөвдүгээр сарын дундаас эхлэн Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгохын тулд анхны гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулахаар зэхэж байна. 


Хойд Солонгосын иргэд визгүй зорчдогийг цуцлана

Малайз улс Хойд Солонгосын иргэдийг визгүй зорчуулдаг журмаа цуцлана хэмээн мэдэгдлээ. Визний журмыг чангатгаж буй хууль дүрэм гуравдугаар сарын 6-наас эхлэн хэрэгжинэ хэмээн тус улсын дэд Ерөнхий сайд Захид Хамади мэдэгдлээ. Ийнхүү Хойд Солонгосын иргэд Малайз улсад зорчихдоо виз мэдүүлэх болж байна. Үндэсний ашиг сонирхлын үүдээс ийм өөрчлөлт хийж байгааг сайд дуулгажээ. Хойд Солонгосын лидер Ким Чен Уны ах Ким Чен Нам Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр мэдрэл муутгаж саажуулдаг хорт бодисын халдлагад өртөж амиа алдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа ийм шийдвэр гарч байна.
Ким Чен Нам Хойд Солонгосын нууц тагнуулуудын довтолгоонд өртөн амиа алдсан хэмээн Өмнөд Солонгос, АНУ үзэж байгаа юм.

Дээрх хэрэгт Хойд Солонгосын уугуул Малайзын иргэншилтэй Ри Чон Чол болон Вьетнам, Индонезийн харъяат иргэнийг сэжиглэн баривчилжээ. Индонезийн иргэн, 25 настай Сити Айша хэмээх бүсгүй Ким Чен Намыг хордуулсныхаа төлөө 90 доллар авсан хэмээн мэдүүлжээ. Тэднээс гадна Хойд Солонгосын дөрвөн иргэнийг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байна. Нэг нь Пхеньяны дипломат ажилтан гэсэн мэдээлэл байгаа аж. Нисэх онгоцны буудал дээр Ким Чен Намд халдсан эмэгтэйчүүд нь хорт бодисыг нүцгэн гараараа түүний нүүрэн дээр түрхсэн болохыг цагдаагийн шинжээчид тогтоогоод байна. Тэднийг хүн амины хэрэгт буруутгажээ. Малайзын хуулийн дагуу тэдгээр бүсгүйчүүд цаазаар авахуулж магадгүй байна. Хойд  Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн том хүү Ким Чен Нам Европт боловсрол эзэмшээд ирснийхээ дараа эцгийгээ замгамлжлагч хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байв. Гэвч тэрээр Япон руу хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригдсанаасаа хойш энэ жагсаалтаас хасагдаж түүний дүү Ким Чен Ун Хойд Солонгосыг удирдах дараагийн хүнээр тодорсон юм. Ким Чен Нам тэр цагаас хойш Малайз, Сингапурт амьдарч байжээ. Тэрээр Малайзаас Макао руу явах гэж байгаад нисэх онгоцны буудал дээр хорлогдон амь насаа алдсан юм. 

Wednesday, 22 February 2017



Эми Уайнхаусын төвд эмэгтэйчүүдийг эмчилнэ

Английн алдарт дуучин Эми Уайнхаус нэрэмжит сангаас зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан төвийг нээхээр болжээ. Amy's Place буюу Эмигийн газар хэмээн нэрлэсэн төвд архи, хар тамхинд донтсон эмэгтэйчүүдийг эмчлэх аж. Энд ирсэн охид, хүүхнүүдийг тусад нь өрөөнд байрлуулж аймшигт зуршлаас нь бүрэн ангижруулаад гаргах ажээ. Эмигийн нэрэмжит төвд ирсэн эмэгтэйчүүд хоёр жил хүртэл хугацаагаар байрлан эмчлүүлж болно.

Дуучин Уайнхаус таван жилийн өмнө буюу 2011 оны долдугаар сарын 23-нд хар тамхи, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан юм. Тэрээр амь насаа алдах үедээ архийг аминд аюултай түвшнээс тав дахин хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь түүний биед хийсэн давтан шинжилгээгээр тодорхой болсон билээ. Ийнхүү хэмжээлшгүй их авьяастай дуучин бүсгүй 27-хон насандаа хорвоог орхисон юм.  


Окинавагийн оршин суугчдад 264 сая долларын нөхөн төлбөр олгоно

Японы Окинава мужийн Наха хотын шүүх АНУ-ын нисэх хүчний онгоцны чимээ шуугианы төлөө Японы Засгийн газар тус арлын оршин суугчдад нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Энэ тухай NHK телевиз мэдээлэв. Окинава арлын 22 мянган иргэн шүүхэд гомдол гаргасан бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг 30 тэрбум иен (264 сая доллар) хэмээн зааж өгсөн байна. Америкийн нисэх хүчний онгоцууд өдрөөр ч, шөнөөр ч тогтоосон хууль дүрмийг зөрчиж, амар амгаланг алдагдуулж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн нутгийн иргэд гомдол гаргасныг шүүх ёсоор болгожээ. Харин цэргийн нисэх онгоцууд болон MV-22 Osprey нисдэг тэргийг мужийн, арлын харъяаны газар нутаг дээгүүр нисгэхгүй байхыг хүссэн өргөдлийг хүлээж авсангүй.
Өнгөрсөн оны сүүлчээр Окинаватай ойролцоо Футамэ арал дээрх АНУ-ын агаарын цэргийн бас нэг баазын эсрэг гомдлыг иргэдийн талд шийдвэрлэсэн юм. Тус арлын иргэд Засгийн газраасаа 2.5 тэрбум иенийн (22 сая доллар) нөхөн төлбөр шаардсан аж. Окинава мужийн захирагч Такеши Онага Японы дээд шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд Футамэ арал дээрх АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг Окинава руу нүүлгэн шилжүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Тэрээр мөн Окинава дахь Америкийн цэргийн баазыг буулгаж байхгүй болгоно хэмээн амлаж байсан юм.
Япон дахь АНУ-ын цэргийн хүчний дийлэнх хэсэг нь Японы Окинава арал дээр байрладаг. АНУ-ын нутаг дэвсгэрээс гаднах агаарын цэргийн хамгийн том бааз нь Окинавагийнх юм. Тэнд мөн Америкийн тэнгисийн явган цэрэг байрладаг. Нийтдээ тус арал дээр АНУ-ын 50 мянган иргэн байрлаж байгаагаас 30 мянга нь цэргийн албан хаагчид ажээ. 

АНУ-аас хөөгдсөн мексик эр амиа хорложээ


АНУ-аас гурав дахь удаагаа хөөгдсөн мексик эр хилийн Чапаррал хотод амиа хорложээ. 45 настай Оливас Валенсиаг Мексик рүү буцааснаас 30 минутын дараа ухаангүй байхыг нь олсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй. Гэрчүүдийн ярьж буйгаар, Валенсиа амиа егүүтгэхээсээ өмнө “Мексикт буцаж очмооргүй байна” хэмээн хашгирч ихээхэн бухимдсан байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын эсрэг бодлогоо дахин чангатгасны дараа ийм явдал болсон юм. Хууль бусаар АНУ, Мексикийн хилийг нэвтэрч байгаад баригдвал хаанаас ирснийг нь үл харгалзан Мексик рүү буцаахаар болсныг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын департаментын тэргүүн Жон Келли мэдэгджээ. Мексикийн Засгийн газар Вашингтоны энэ шийдвэрт зохих хариуг нь өгнө хэмээн мэдэгдлээ.

Tuesday, 21 February 2017



2030 онд дундаж наслалт 90-ийг давна

Эрдэмтдийн таамаглаж буйгаар, эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 90-ийг давсан дэлхийн анхны орон нь Өмнөд Солонгос болох аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Лондон дахь Империал их сургуулиас хамтран явуулж анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн ингэж гарчээ. 2030 он гэхэд хөгжингүй орнуудын эмэгтэйчүүд хангалттай урт наслах ч Өмнөд Солонгосыг ямар улс орон гүйцэхгүй бололтой. Япон, Франц, Испани, Швейцарийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 88-д хүрэх аж.
2030 онд Өмнөд Солонгос, Австрали, Швейцарийн эрчүүдийн дундас нас 84-д хүрч бусдаа манлайлна. Өмнөд Солонгост хүүхдүүд нь илүү сайн, чанартай хооллож, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ ард иргэдэд нь жигд хүртээмжтэй байдаг нь дундаж наслалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Өмнөд Солонгос, Японы эмэгтэйчүүдийн дунд таргалалт хамгийн бага байдаг, мөн тэд тамхи бараг татдаггүй ажээ.

Сэжиглэгдсэн дөрвөн иргэнийг шилжүүлж өгөхийг шаардлаа

Малайзын хууль сахиулах байгууллага Ким Чен Намын амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн иргэнийг шилжүүлж өгөхийг Хойд Солонгосоос шаардлаа. Хойд Солонгосын лидер Ким Чен Уны ахыг хордуулан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн этгээд Малайзыг орхин Пхеньянд иржээ. Ким Чен Намын гэр бүлийнхнээс хэн нь ч Малайзид ирж ДНК-ийн шинжилгээ өгсөнгүй. Ким Чен Намын цогцсыг таниулах хүн ч ирээгүй аж. Хойд Солонгосын тал цогцсыг шилжүүлэн өгөхийг шаардсан ч Малайзын эрх баригчид шинжилгээ хийж, цогцсыг ар гэрийнхнээр нь таниулсны дараа шилжүүлж өгөх талаар ярилцана гэсэн юм. Малайзууд Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийж байгааг хойд солонгосууд эсэргүүцэж, шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Энэ хэрэгт сэжиглэгдэж буй нэг этгээд нь Хойд Солонгосын авиакомпанийн ажилтан бүсгүй хэмээн Малайзын цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар мэдэгдлээ.

57 макак сармагчинг аюулгүй болгов


Япон Чиба мужийн амьтны хүрээлэнгийн 57 макак сармагчинд түрэмгий авир гаргадаг ген илэрсэн тул үхлийн тариа хийж унтуулсан байна. Эсийн шинжилгээ хийх явцад тэдгээр цасны макак сармагчингууд Японд авчрахыг хориглосон бас нэг төрлийн макак сармагчингуудтай нийллэгэд орсны улмаас зан авирыг нь түрэмгий болгодог гений халдвар авсан байжээ. Тиймээс амьтны хүрээлэнгийн зохистой байдлыг хадгалахын тулд түрэмгий авиртай болох нь тодорхой болсон сармагчингуудыг устгалд оруулах хэрэгтэй болсныг хүрээлэнгийн захиргаанаас мэдэгдэв. Хүчээр унтуулсан амьтдын сүнсийг тайтгаруулах номыг хөрш буддын сүмийн санваартнууд уншжээ. Түрэмгий гений халдвар авсан амьтдыг устгах санааг Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах сан дэмжсэн байна. 


Д.Трампын засаг захиргаа хууль бус цагаачдыг хөөх шинэ захирамж гаргалаа

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-аас албадан гаргах хууль бус цагаачдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн захирамж гаргажээ. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан цагаачдыг АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж, АНУ-аас олгодог давуу талуудыг буруугаар ашиглаж байна хэмээн үзэж нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахыг урьтал болгох аж. АНУ-д зохих ёсны бичиг баримтгүй оршин сууж байгаа 11 сая гадаадын иргэн шинэ захирамжийн дагуу нутаг буцах магадлалтай болоод байна. Гэвч хүүхэд байхдаа АНУ-д хууль бусаар орж ирсэн цагаачдыг хамгаалах Барак Обамагийн Засгийн газрын арга хэмжээг хэвээр байлгах бололтой. Обамагийн засаглалын үед ноцтой гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг шууд эх нутаг руу нь буцаах бодлого баримталж байсан. Харин Цагаан ордны шинэ эзний захирамжийн дагуу, одооноос эхлэн цагаачлал, гаалийн албаны ажилтнууд ямар нэг гэмт хэргээр шийтгүүлсэн, мөн АНУ-ын албаны хүмүүсийг хууран мэхэлсэн, нийгмийн халамж, тусламж олгох хөтөлбөрийг буруугаар ашигласан цагаачдыг өчиггүй буцаахаар болж байна.  Вашингтоны эрх баригчдын шинэ арга хэмжээ цагаачдын эрхийн асуудалд сөргөөр нөлөөлөх вий хэмээн хүний эрхийг хамгаалагч байгууллагууд санаа зовниж эхэлжээ.
Шинэ захирамжийн дагуу, шууд буцаалтыг өргөтгөх аж. Өөрөөр хэлбэл, хил, гааль, цагаачлалын ажилтнууд, хилийн харуулууд бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг цагаачлалын шүүхэд танилцуулалгүй шууд, хамгийн хурдан хэлбэрээр буцаах эрхтэй болж байна. АНУ-д хууран мэхлэх замаар орж ирэх гэж оролдсон, визгүй, эсвэл ямар нэг хүчинтэй зөвшөөрөлгүйгээр орж ирэх гэсэн гадаадын иргэдэд ийм арга хэмжээ авдаг байсан. АНУ-д ямар ч хамаагүй аргаар орж ирээд 14-оос дээш хоносон, эсвэл хилээс 160 км холдсон бол тухайн цагаачийг шууд хөөх эрхгүй байсан билээ. Тэгвэл одооноос эхлэн АНУ-д хууль бусаар орж ирээд хоёроос дээш жил болоогүй бол хаана, аль мужид байгаагаас үл хамааран хөөж гаргахаар болж байгаа аж.
“Өмнөд хил дээрх (Мексиктэй залгаа) хууль бус цагаачдын давалгаа хэрээс хэтэрч, холбооны агентлагуудын зардлыг үлэмж нэмэгдүүлж байна. Улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц сул дорой байдлыг бий болгож байна” хэмээн Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Жон Келли хэллээ. Ерөнхийлөгчийн шинэ захирамжийг биелүүлэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын департамент нэмж 10 мянган ажилтныг элсүүлэхээр болов.

АНУ-ын газар нутаг дээр ямар нэг аргаар хөл тавьчихаад цагаачлалын өмгөөлөгч аваад нөхцөл байдлыг сунжруулдаг явдал ийнхүү эцэс болж байх шиг. Одоо өмгөөлөгч авч өгөхөөс нь өмнө саатуулах байранд байлгаж байгаад буцаах эсэхийг нь шийддэг болж байна. “Шинэ захирамж нь цагаачдыг бөөн бөөнөөр нь буцаана гэсэн үг биш. Цагаачлал, АНУ-д хөл тавихыг хүссэн, хууль бусаар хил нэвтэрдэг гадаад иргэдийн асуудлыг цэгцлэх зорилготой” хэмээн Цагаан ордны төлөөлөгч Шон Спайсер ярилаа.   

Sunday, 19 February 2017




Дэлбэрэлт 30 гаруй хүний аминд хүрчээ

Сомалийн нийслэл Могадишо хотод дэлбэрэлт болсны улмаас амь насаа алдсан хүний тоо 34-д хүрч 50 орчим хүн шархдаж бэртээд байна. Эрх баригчид мэдээлж буйгаар, хотын өмнөд хэсэгт автомашинд тавьсан бөмбөг дэлбэрчээ. Хоёрдугаар сард Мохаммед Абдуллахи улс орны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа анх удаа томоохон хэмжээний халдлага гарч байна. Шинэ Ерөнхийлөгчийн талыг баримтлагчдыг онилно хэмээн хэд хоногийн өмнө заналхийлж байсан лалын хэт даврагч “Аш-Шабаб” бүлгийг энэ хэрэгт хардаж байгаа аж. Могадишо хотод болсон халдлагын талаарх чухал мэдээллийг 100 мянган доллараар худалдаж авна хэмээн эрх баригчид зарлав. “Аш-Шабаб” бүлэг 2006 онд байгуулагджээ. Тэд 2012 онд “Аль-Кайда”-тай нэгдэж гадаадын хөлсний дайчдыг элсүүлэх болсон байна.

Гитлерийн улаан телефон утас 243 мянган долларын үнэ хүрчээ

АНУ дахь Alexander Historical Auctions дуудлага худалдаанд Адольф Гитлерийн хувийн телефон утас 243 мянган доллараар зарагджээ. Нацист удирдагч Гитлер тушаал заавар өгч байсан телефон утсыг худалдан авсан хүний нэрийг нууцалж байна. Энэхүү телефон утас Берлин дахь Адольф Гитлерийн газар доорх оромжинд байсан юм. Тэрээр дэлхийн II дайны сүүлчийн хоёр жилд энэ утсыг ашиглаж байжээ. Үүнийг хар хуванцар материалаар хийж улаанаар будаж, хас тэмдэг болон Гитлерийн нэрийг сийлбэрлэн гоёсон юм. 1945 оны тавдугаар сард нацист Герман бууж өгч, Гитлер амиа хорлоход Зөвлөлтийн цэргүүд энэ телефон төхөөрөмжийг Британийн холбоочин офицер Ральф Рейнерт дурсгал болгож өгсөн аж. Ральф 1977 онд нас барахдаа Гитлерийн телефон утсыг хүү Рейнульфт өвлөж үлдээсэн байжээ.

Иракийн цэргүүд Мосул хот руу давшсаар байна


Мосул хотыг лалын босогчдоос чөлөөлөхөөр давшиж буй Иракийн Засгийн газрын цэрэг Мосулын өмнөд хэсгийн хэд хэдэн тосгоныг чөлөөлөөд байна. Удахгүй Мосул хотыг ихээхэн хүчээр дайрахаар бэлтгэж байгаа аж. Зарим мэдээллээр, ирак цэргүүд лалын дайчдын хяналтад байдаг хотын баруун хэсгийг бүсэлж авчээ. АНУ тэргүүтэй холбоотны хүчний онгоцууд агаараас дэмжлэг үзүүлж байна. Стратегийн чухал ач холбогдолтой, газрын тосоор баян Мосул хотыг эзлэх ажиллагаа эхэлж байгааг Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади телевизээр мэдэгдсэн юм. Нэгдүгээр сард Иракийн цэргүүд хотын өмнөд хэсгийг хяналдтдаа авсан билээ. Гэвч нарийн гудамж ихтэй баруун хэсгийн эзлэхэд ихээхэн бэрхшээл тулгараад байгаа аж. Мосул хотыг бүрэн чөлөөлөх ажиллагаа дэлхийн ямар ч армид хүндрэл учруулахаар байна хэмээн холбооны хүчний цэргийн командпагч, дэслэгч генерал Стивен Танунсенд мэдэгджээ.