Thursday 7 April 2011

Габриель Гарсия Маркес “Гунигт янхнуудаа дурсахуй” (Memoria de mis putas tristes) романаа 2004 онд хэвлүүлжээ. Энэ ном нь Испани, Латин Америкийн орнуудад шуугиан тарьж, Колумб, Мексик, Венесуэль, Перу зэрэг хэд хэдэн оронд худалдаанд гарсан өдрөө дуусч байв. 2005 онд англи хэлээр хэвлэгджээ. Зохиолч энэ бүтээлээ нэлээн хожуу хэвлүүлэх санаатай байсан ч номынх нь зарим эх хулгайд алдагдсаны улмаас хэвлэлтээ яаравчлахаас аргагүй болсон гэдэг. “Миний гунигт янхнуудын дурсамж” 12 хэл дээр хэвлэгдэж, дэлхийн бестселлерүүдийн нэг болж чадсан юм.  



....орчин үеийн уран зохиол, хүүрнэл, колумб роман, хөгшрөлт, хайр, бестселлер....




Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Габриель Гарсия Маркес 1928 онд Колумбын Аракатака хотод төржээ. Шидэт реализмийн гол төлөөлөгч гэгддэг тэрээр “Зуун жилийн ганцаардал” романаараа Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн юм. Габито (багынх нь хоч) ээжийн талын өвөө, эмээ дээрээ өссөн нь ирээдүйн зохиолчийг ардын уламжлал, испани хэлний өвөрмөц онцлогтой танилцах боломжийг олгож, энэ нь хожим зохиол бүтээлд нь тусгалаа олсон юм.
Габриель 1946 онд Колумбын Үндэсний их сургуулийн хууль, эрх зүйн ангид орж суралцав. Тэнд ирээдүйн гэргий Мерседестэй танилцжээ. 1950 онд сургуулиа хаяж сэтгүүл зүй, уран зохиолд өөрийгээ зориулахаар шийдлээ. Эрнест Хемингуэй, Уильям Фолкнер, Жеймс Жойс, Виржини Вульф зэрэг зохиолчид түүнд онцгой нөлөө үзүүлсэн гэдэг.
Маркес 1954 оноос эхлэн “El Espectador” сонинд ажиллаж, өгүүлэл, киноны шүүмж бичих болов. Сэтгүүлчийн хувиар Итали, Польш, Франц, Венесуэль, Америкт томилогдон ажиллаж байжээ. 1959 онд Нью-Йоркт анхны хүү Родриго нь мэндэлсэн байна. 1962 онд хоёр дахь хүү Гонсало нь төржээ. Габриель Гарсия Маркес 1962 онд гэр бүлийн хамт Мексикийн нийслэл Мехико хотод суурьшиж, одоо ч тэндээ амьдарсаар байна.
Маркес романаас гадна богино өгүүллэг, кино зохиол бичдэг байв. 1961 онд “Хурандаад хэн ч бичихгүй байна”, 1966 онд “Цөвүүн цаг”, 1967 онд “Зуун жилийн ганцаардал” романаа хэвлүүлжээ. Суут зохиолчийн "Хөрмөг" (орчуулагч Б.Нарантуяа), "Хурандаад хэн ч бичихгүй байна" (орчуулагч О.Чинбаяр) , "Дурлал хийгээд бусад чөтгөрүүдийн тухай" (орчуулагч Л.Алтангэрэл), “Бальтасарын гайхамшигт үдэш” (орчуулагч Г.Аюурзана), "Зуун жилийн ганцаардал" (орчуулагч Г.Аким) роман монгол хэлээр хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон билээ. 2002 онд “Өгүүлэхийн тулд амьдрах нь” гурамсан намтрынхаа эхний хэсгийг хэвлүүлсэн нь испани хэлт ертөнцөд бестселлер болжээ.