Wednesday 22 February 2017



Эми Уайнхаусын төвд эмэгтэйчүүдийг эмчилнэ

Английн алдарт дуучин Эми Уайнхаус нэрэмжит сангаас зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан төвийг нээхээр болжээ. Amy's Place буюу Эмигийн газар хэмээн нэрлэсэн төвд архи, хар тамхинд донтсон эмэгтэйчүүдийг эмчлэх аж. Энд ирсэн охид, хүүхнүүдийг тусад нь өрөөнд байрлуулж аймшигт зуршлаас нь бүрэн ангижруулаад гаргах ажээ. Эмигийн нэрэмжит төвд ирсэн эмэгтэйчүүд хоёр жил хүртэл хугацаагаар байрлан эмчлүүлж болно.

Дуучин Уайнхаус таван жилийн өмнө буюу 2011 оны долдугаар сарын 23-нд хар тамхи, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан юм. Тэрээр амь насаа алдах үедээ архийг аминд аюултай түвшнээс тав дахин хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь түүний биед хийсэн давтан шинжилгээгээр тодорхой болсон билээ. Ийнхүү хэмжээлшгүй их авьяастай дуучин бүсгүй 27-хон насандаа хорвоог орхисон юм.  


Окинавагийн оршин суугчдад 264 сая долларын нөхөн төлбөр олгоно

Японы Окинава мужийн Наха хотын шүүх АНУ-ын нисэх хүчний онгоцны чимээ шуугианы төлөө Японы Засгийн газар тус арлын оршин суугчдад нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Энэ тухай NHK телевиз мэдээлэв. Окинава арлын 22 мянган иргэн шүүхэд гомдол гаргасан бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг 30 тэрбум иен (264 сая доллар) хэмээн зааж өгсөн байна. Америкийн нисэх хүчний онгоцууд өдрөөр ч, шөнөөр ч тогтоосон хууль дүрмийг зөрчиж, амар амгаланг алдагдуулж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн нутгийн иргэд гомдол гаргасныг шүүх ёсоор болгожээ. Харин цэргийн нисэх онгоцууд болон MV-22 Osprey нисдэг тэргийг мужийн, арлын харъяаны газар нутаг дээгүүр нисгэхгүй байхыг хүссэн өргөдлийг хүлээж авсангүй.
Өнгөрсөн оны сүүлчээр Окинаватай ойролцоо Футамэ арал дээрх АНУ-ын агаарын цэргийн бас нэг баазын эсрэг гомдлыг иргэдийн талд шийдвэрлэсэн юм. Тус арлын иргэд Засгийн газраасаа 2.5 тэрбум иенийн (22 сая доллар) нөхөн төлбөр шаардсан аж. Окинава мужийн захирагч Такеши Онага Японы дээд шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд Футамэ арал дээрх АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг Окинава руу нүүлгэн шилжүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Тэрээр мөн Окинава дахь Америкийн цэргийн баазыг буулгаж байхгүй болгоно хэмээн амлаж байсан юм.
Япон дахь АНУ-ын цэргийн хүчний дийлэнх хэсэг нь Японы Окинава арал дээр байрладаг. АНУ-ын нутаг дэвсгэрээс гаднах агаарын цэргийн хамгийн том бааз нь Окинавагийнх юм. Тэнд мөн Америкийн тэнгисийн явган цэрэг байрладаг. Нийтдээ тус арал дээр АНУ-ын 50 мянган иргэн байрлаж байгаагаас 30 мянга нь цэргийн албан хаагчид ажээ. 

АНУ-аас хөөгдсөн мексик эр амиа хорложээ


АНУ-аас гурав дахь удаагаа хөөгдсөн мексик эр хилийн Чапаррал хотод амиа хорложээ. 45 настай Оливас Валенсиаг Мексик рүү буцааснаас 30 минутын дараа ухаангүй байхыг нь олсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй. Гэрчүүдийн ярьж буйгаар, Валенсиа амиа егүүтгэхээсээ өмнө “Мексикт буцаж очмооргүй байна” хэмээн хашгирч ихээхэн бухимдсан байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын эсрэг бодлогоо дахин чангатгасны дараа ийм явдал болсон юм. Хууль бусаар АНУ, Мексикийн хилийг нэвтэрч байгаад баригдвал хаанаас ирснийг нь үл харгалзан Мексик рүү буцаахаар болсныг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын департаментын тэргүүн Жон Келли мэдэгджээ. Мексикийн Засгийн газар Вашингтоны энэ шийдвэрт зохих хариуг нь өгнө хэмээн мэдэгдлээ.

Tuesday 21 February 2017



2030 онд дундаж наслалт 90-ийг давна

Эрдэмтдийн таамаглаж буйгаар, эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 90-ийг давсан дэлхийн анхны орон нь Өмнөд Солонгос болох аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Лондон дахь Империал их сургуулиас хамтран явуулж анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн ингэж гарчээ. 2030 он гэхэд хөгжингүй орнуудын эмэгтэйчүүд хангалттай урт наслах ч Өмнөд Солонгосыг ямар улс орон гүйцэхгүй бололтой. Япон, Франц, Испани, Швейцарийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 88-д хүрэх аж.
2030 онд Өмнөд Солонгос, Австрали, Швейцарийн эрчүүдийн дундас нас 84-д хүрч бусдаа манлайлна. Өмнөд Солонгост хүүхдүүд нь илүү сайн, чанартай хооллож, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ ард иргэдэд нь жигд хүртээмжтэй байдаг нь дундаж наслалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Өмнөд Солонгос, Японы эмэгтэйчүүдийн дунд таргалалт хамгийн бага байдаг, мөн тэд тамхи бараг татдаггүй ажээ.

Сэжиглэгдсэн дөрвөн иргэнийг шилжүүлж өгөхийг шаардлаа

Малайзын хууль сахиулах байгууллага Ким Чен Намын амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн иргэнийг шилжүүлж өгөхийг Хойд Солонгосоос шаардлаа. Хойд Солонгосын лидер Ким Чен Уны ахыг хордуулан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн этгээд Малайзыг орхин Пхеньянд иржээ. Ким Чен Намын гэр бүлийнхнээс хэн нь ч Малайзид ирж ДНК-ийн шинжилгээ өгсөнгүй. Ким Чен Намын цогцсыг таниулах хүн ч ирээгүй аж. Хойд Солонгосын тал цогцсыг шилжүүлэн өгөхийг шаардсан ч Малайзын эрх баригчид шинжилгээ хийж, цогцсыг ар гэрийнхнээр нь таниулсны дараа шилжүүлж өгөх талаар ярилцана гэсэн юм. Малайзууд Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийж байгааг хойд солонгосууд эсэргүүцэж, шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Энэ хэрэгт сэжиглэгдэж буй нэг этгээд нь Хойд Солонгосын авиакомпанийн ажилтан бүсгүй хэмээн Малайзын цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар мэдэгдлээ.

57 макак сармагчинг аюулгүй болгов


Япон Чиба мужийн амьтны хүрээлэнгийн 57 макак сармагчинд түрэмгий авир гаргадаг ген илэрсэн тул үхлийн тариа хийж унтуулсан байна. Эсийн шинжилгээ хийх явцад тэдгээр цасны макак сармагчингууд Японд авчрахыг хориглосон бас нэг төрлийн макак сармагчингуудтай нийллэгэд орсны улмаас зан авирыг нь түрэмгий болгодог гений халдвар авсан байжээ. Тиймээс амьтны хүрээлэнгийн зохистой байдлыг хадгалахын тулд түрэмгий авиртай болох нь тодорхой болсон сармагчингуудыг устгалд оруулах хэрэгтэй болсныг хүрээлэнгийн захиргаанаас мэдэгдэв. Хүчээр унтуулсан амьтдын сүнсийг тайтгаруулах номыг хөрш буддын сүмийн санваартнууд уншжээ. Түрэмгий гений халдвар авсан амьтдыг устгах санааг Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах сан дэмжсэн байна. 


Д.Трампын засаг захиргаа хууль бус цагаачдыг хөөх шинэ захирамж гаргалаа

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-аас албадан гаргах хууль бус цагаачдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн захирамж гаргажээ. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан цагаачдыг АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж, АНУ-аас олгодог давуу талуудыг буруугаар ашиглаж байна хэмээн үзэж нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахыг урьтал болгох аж. АНУ-д зохих ёсны бичиг баримтгүй оршин сууж байгаа 11 сая гадаадын иргэн шинэ захирамжийн дагуу нутаг буцах магадлалтай болоод байна. Гэвч хүүхэд байхдаа АНУ-д хууль бусаар орж ирсэн цагаачдыг хамгаалах Барак Обамагийн Засгийн газрын арга хэмжээг хэвээр байлгах бололтой. Обамагийн засаглалын үед ноцтой гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг шууд эх нутаг руу нь буцаах бодлого баримталж байсан. Харин Цагаан ордны шинэ эзний захирамжийн дагуу, одооноос эхлэн цагаачлал, гаалийн албаны ажилтнууд ямар нэг гэмт хэргээр шийтгүүлсэн, мөн АНУ-ын албаны хүмүүсийг хууран мэхэлсэн, нийгмийн халамж, тусламж олгох хөтөлбөрийг буруугаар ашигласан цагаачдыг өчиггүй буцаахаар болж байна.  Вашингтоны эрх баригчдын шинэ арга хэмжээ цагаачдын эрхийн асуудалд сөргөөр нөлөөлөх вий хэмээн хүний эрхийг хамгаалагч байгууллагууд санаа зовниж эхэлжээ.
Шинэ захирамжийн дагуу, шууд буцаалтыг өргөтгөх аж. Өөрөөр хэлбэл, хил, гааль, цагаачлалын ажилтнууд, хилийн харуулууд бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг цагаачлалын шүүхэд танилцуулалгүй шууд, хамгийн хурдан хэлбэрээр буцаах эрхтэй болж байна. АНУ-д хууран мэхлэх замаар орж ирэх гэж оролдсон, визгүй, эсвэл ямар нэг хүчинтэй зөвшөөрөлгүйгээр орж ирэх гэсэн гадаадын иргэдэд ийм арга хэмжээ авдаг байсан. АНУ-д ямар ч хамаагүй аргаар орж ирээд 14-оос дээш хоносон, эсвэл хилээс 160 км холдсон бол тухайн цагаачийг шууд хөөх эрхгүй байсан билээ. Тэгвэл одооноос эхлэн АНУ-д хууль бусаар орж ирээд хоёроос дээш жил болоогүй бол хаана, аль мужид байгаагаас үл хамааран хөөж гаргахаар болж байгаа аж.
“Өмнөд хил дээрх (Мексиктэй залгаа) хууль бус цагаачдын давалгаа хэрээс хэтэрч, холбооны агентлагуудын зардлыг үлэмж нэмэгдүүлж байна. Улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц сул дорой байдлыг бий болгож байна” хэмээн Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Жон Келли хэллээ. Ерөнхийлөгчийн шинэ захирамжийг биелүүлэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын департамент нэмж 10 мянган ажилтныг элсүүлэхээр болов.

АНУ-ын газар нутаг дээр ямар нэг аргаар хөл тавьчихаад цагаачлалын өмгөөлөгч аваад нөхцөл байдлыг сунжруулдаг явдал ийнхүү эцэс болж байх шиг. Одоо өмгөөлөгч авч өгөхөөс нь өмнө саатуулах байранд байлгаж байгаад буцаах эсэхийг нь шийддэг болж байна. “Шинэ захирамж нь цагаачдыг бөөн бөөнөөр нь буцаана гэсэн үг биш. Цагаачлал, АНУ-д хөл тавихыг хүссэн, хууль бусаар хил нэвтэрдэг гадаад иргэдийн асуудлыг цэгцлэх зорилготой” хэмээн Цагаан ордны төлөөлөгч Шон Спайсер ярилаа.   

Sunday 19 February 2017




Дэлбэрэлт 30 гаруй хүний аминд хүрчээ

Сомалийн нийслэл Могадишо хотод дэлбэрэлт болсны улмаас амь насаа алдсан хүний тоо 34-д хүрч 50 орчим хүн шархдаж бэртээд байна. Эрх баригчид мэдээлж буйгаар, хотын өмнөд хэсэгт автомашинд тавьсан бөмбөг дэлбэрчээ. Хоёрдугаар сард Мохаммед Абдуллахи улс орны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа анх удаа томоохон хэмжээний халдлага гарч байна. Шинэ Ерөнхийлөгчийн талыг баримтлагчдыг онилно хэмээн хэд хоногийн өмнө заналхийлж байсан лалын хэт даврагч “Аш-Шабаб” бүлгийг энэ хэрэгт хардаж байгаа аж. Могадишо хотод болсон халдлагын талаарх чухал мэдээллийг 100 мянган доллараар худалдаж авна хэмээн эрх баригчид зарлав. “Аш-Шабаб” бүлэг 2006 онд байгуулагджээ. Тэд 2012 онд “Аль-Кайда”-тай нэгдэж гадаадын хөлсний дайчдыг элсүүлэх болсон байна.

Гитлерийн улаан телефон утас 243 мянган долларын үнэ хүрчээ

АНУ дахь Alexander Historical Auctions дуудлага худалдаанд Адольф Гитлерийн хувийн телефон утас 243 мянган доллараар зарагджээ. Нацист удирдагч Гитлер тушаал заавар өгч байсан телефон утсыг худалдан авсан хүний нэрийг нууцалж байна. Энэхүү телефон утас Берлин дахь Адольф Гитлерийн газар доорх оромжинд байсан юм. Тэрээр дэлхийн II дайны сүүлчийн хоёр жилд энэ утсыг ашиглаж байжээ. Үүнийг хар хуванцар материалаар хийж улаанаар будаж, хас тэмдэг болон Гитлерийн нэрийг сийлбэрлэн гоёсон юм. 1945 оны тавдугаар сард нацист Герман бууж өгч, Гитлер амиа хорлоход Зөвлөлтийн цэргүүд энэ телефон төхөөрөмжийг Британийн холбоочин офицер Ральф Рейнерт дурсгал болгож өгсөн аж. Ральф 1977 онд нас барахдаа Гитлерийн телефон утсыг хүү Рейнульфт өвлөж үлдээсэн байжээ.

Иракийн цэргүүд Мосул хот руу давшсаар байна


Мосул хотыг лалын босогчдоос чөлөөлөхөөр давшиж буй Иракийн Засгийн газрын цэрэг Мосулын өмнөд хэсгийн хэд хэдэн тосгоныг чөлөөлөөд байна. Удахгүй Мосул хотыг ихээхэн хүчээр дайрахаар бэлтгэж байгаа аж. Зарим мэдээллээр, ирак цэргүүд лалын дайчдын хяналтад байдаг хотын баруун хэсгийг бүсэлж авчээ. АНУ тэргүүтэй холбоотны хүчний онгоцууд агаараас дэмжлэг үзүүлж байна. Стратегийн чухал ач холбогдолтой, газрын тосоор баян Мосул хотыг эзлэх ажиллагаа эхэлж байгааг Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади телевизээр мэдэгдсэн юм. Нэгдүгээр сард Иракийн цэргүүд хотын өмнөд хэсгийг хяналдтдаа авсан билээ. Гэвч нарийн гудамж ихтэй баруун хэсгийн эзлэхэд ихээхэн бэрхшээл тулгараад байгаа аж. Мосул хотыг бүрэн чөлөөлөх ажиллагаа дэлхийн ямар ч армид хүндрэл учруулахаар байна хэмээн холбооны хүчний цэргийн командпагч, дэслэгч генерал Стивен Танунсенд мэдэгджээ. 
Ким Чен Намын үхэлд Хойд Солонгосын дөрвөн иргэнийг сэжиглэж байна

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз улсад алуулснаас хойш долоо хоног өнгөрсний дараа энэ аллагад Пхеньяны гар хөл оролцсон байж болох ул мөр гарч ирсээр байна. Энэ хэрэгт Хойд Солонгосын дөрвөн иргэнийг сэжиглэн эрэн сурвалжилж буйг Малайзын цагдаагийн газрын дэд дарга Ноор Рашид зарлав. 33 настай Ри Жи Хон, 34 настай Хон Сон Хак, 55 настай О Жон Гил, 57 настай Ри Жае Нам нарыг эрэн сурвалжилж байгаа аж. Тэд өнгөрсөн долоо хоногийн өмнө буюу Ким Чен Нам алуулсан өдөр Малайз улсыг орхин явжээ. Энэ дөрөв Малайзыг орхин хаашаа ниссэнийг Ноор Рашид хэлээгүй ч тус улсын тагнуулын ажилтнууд тэднийг олж илрүүлэхийн тулд Интерполтой хамтран ажиллаж байгааг дуулгав.
Одоогоор Вьетнамын паспорттой нэг эмэгтэй, Индонезийн харъяат бас нэг эмэгтэй, Малайзын нэг эрэгтэй, мөн Хойд Солонгосын нэг эрэгтэй хүнийг баривчлаад байгаа аж. Куала Лумпурын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бичигдсэнээс үзвэл, нэг эмэгтэй Ким Чен Намыг саатуулан анхаарлыг нь сарниулж байх хооронд өөр нэг бүсгүй нүүр рүү нь ямар нэг шингэн цацсан байна. Индонез бүсгүй цагдаагийн газарт мэдүүлэхдээ “Телевизийн хөгжилтэй нэвтрүүлэг хийж байгаа. Тэр хүнийг очоод саатуулаатах гэхээр нь итгээд хэлснээр нь хийсэн” хэмээн ярьжээ.
Хойд Солонгосын дөрвөн иргэнийг дээрх хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж буй нь “Хайрт удирдагч” Ким Чен Ирийн том хүүгийн үхлийн ард Пхеньяны эрх баригчид зогсож байгаа гэх хардлагыг улам нэмэгдүүлж байна. Түүнийг залгамжлагчийн тоонд Ким Чен Намын нэр нэг хэсэг хүчтэй сонсогдож байсан ч тэрээр бүтэлгүйтэж, улмаар эцэг нь бага хүүгээ (Ким Чен Ун) залгамжлагчаараа сонгосон билээ. Тэр цагаас хойш Ким Чен Нам Макаод ирж очиж амьдарч, үе үе хойдуудын дэглэмийг шүүмжилсээр байлаа. Залуу удирдагч Ким Чен Ун улс орноо бүрэн захирахын тулд “цэвэрлэгээ” хийж 2013 онд хадам ах Чан Сон Тэкийг баривчлан цаазалж байв. Тиймээс түүний тэрслүү ахын үхэлд Пхеньяны эрх баригчдыг хардах үндэслэл байгаа аж. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч “Энэхүү хачирхалтай хэрэг явдлын ард Хойд Солонгосын дэглэм байгаа гэж бид үзэж байна. Энэ хэрэгт сэжиглэгдэж буй таван хүн Хойд Солонгосын иргэд байгаа нь ийм хардлага төрүүлж байна” хэмээн ВВС-д ярьжээ.

Задлан шинжилгээний дүн хоёр долоо хоногийн дараа гарна гэж буй тул Ким Чен Намыг ямар хороор хордуулсан одоогоор тодорхойгүй байна. Хойд Солонгосын тал цогцсыг хүлээлгэж өгөхийг хүссэн ч Малайзын эрх баригчид няцааж, гэр бүлийнх нь хэн нэгэнтэй харьцуулсан генетикийн шинжилгээ хийнэ гэжээ. Харин Пхеньяны тал задлан шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн тул хоёр улсын харилцаа муудаад байна. 

Tuesday 14 February 2017




Ким Чен Уны ах Ким Чен Намын нууцлаг үхэл

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайзын Куала Лумпур хотын нисэх оггоцны буудал дээр хортой зүүгээр хатгуулан амь насаа алджээ. Тэрээр Макао руу нисэхээр онгоцны буудал дээр явж байхад нь хоёр эмэгтэй дөхөж ирээд нүүрийг нь даавуугаар бүтээсэн хэмээн мэдээлж байна. Ким Чен Нам эмнэлэгт хүргэгдэж байхдаа амьсгал хураажээ. Энэ нь Пхеньяны эрх баригчдын илгээсэн тагнуул, тусгайгийн ажилтнуудын хийсэн ажил гэдэгт Өмнөд  Солонгос итгэлтэй байгаа аж. Тэд ийнхүү хардаж буйгаа ил тод илэрхийлсэн ч Малайзын цагдаа одоогоор үүнийг батлах зүйлийг олоогүй байна. Ямар ч байсан Ким Чен Намын амь насанд халдсан нь тодорхой байгаа бөгөөд түүний цогцост задлан шинжилгээ хийж байгаа аж. Ким Чен Намын гэр бүлд ойрхон эх сурвалж ВВС-д мэдээлснээр, түүнийг хордуулж хөнөөсөн нь илт, хойдууд гадаад дахь дайснуудаа устгах арга барилтай адилхан байгаа ажээ.
Эцгийнхээ үхлийн дараа Хойд Солонгосын жолоог гартаа авсан Ким Чен Ун 2013 оны арванхоёрдугаар сард хадам ах Чан Сон Тэкийг төрд тэрсэлсэн хэргээр цаазаар авч байв. Тэрнээс хойшх хамгийн дуулиантай үхэл нь ийнхүү Ким Чен Намынх болж байна. Эцэг Ким Чен Ирийг залгамжлан Хойд Солонгосын лидер болох боломжгүй болсныхоо дараа эх орноосоо зугтан гарсан Ким Чен Нам  Пхеньяны дэглэмийг шүүмжлэгчдийн нэг болсон юм. Хойд Солонгосын дэглэмийг идэвхтэй шүүмжлэгч, тэрслүү үзэлтэн, Пхеньяны эрх мэдэлд санаархагч хэмээн тооцогддог Ким Чен Намыг Малайзид хөнөөсөн нь таагүй өрсөлдөгч, тэрслүү этгээд рүү чиглэсэн Хойд Солонгосын тусгай үйл ажиллагаа хэмээн тоймч, шинжээчид үзэж байна.
45 настай Ким Чен Нам цагтаа дэлхийн хамгийн хаагдмал, коммунист Хойд Солонгос улсын жолоог эцгээсээ өвлөж авах хүн хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байв. Гэвч 2001 онд Япон улсад хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригдсан нь “уруудах”-ын эхлэл болсон юм. Тэрээр зөвхөн Токио дахь Диснейлэндийг үзэхийг л хүссэн хэмээн мэдүүлж байв. Үүнээс нь болсон уу, яасан, Ким Чен Ир том хүүгээ “жийж”, Швейцарьт сурч байсан дараагийн эхнэрийн хүү Ким Чен Уныг авчирч залгамжлагчаараа зарласан билээ. Ийнхүү Ким Чен Ун 2001 онд Хойд Солонгосын жолоог гартаа атгахдаа дөнгөж 30 настай байсан юм. Тэр цагаас хойш ах Ким Чен Нам нь ихэнх цагийг Макао, Сингапур, Хятадад хэсүүчлэн өнгөрөөж байжээ.

Нэг дор 104 хиймэл дагуул хөөргөв

Энэтхэг улс нэг пуужингийн тусламжтайгаар сансарт нэгэн зэрэг 104 хиймэл дагуулыг хөөргөжээ. 2014 онд оросууд нэг зэрэг 37 хиймэл дагуулыг хөөргөж дэлхийд нэрээ гаргаж байв. Энэтхэгүүдийн хөөргөсөн хиймэл дагуулын 96-г нь АНУ-ын компани үйлдвэрлэжээ. Судалгаа, тандалтын том биш хиймэл дагуулуудыг Бенгалын хоолой дахь Шрихарикота арал дээрх сансрын төвөөс хөөргөсөн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ нь тоогоороо ч, сансрын судалгааны ахиц дэвшлээрээ ч түүхэн үйл явдал ажээ. Энэтхэгийн газар нутгийн зургийг сансраас маш нарийвчлалтай, оновчтой авах чадвартай хиймэл дагуул тэдний дунд хөөрчээ. Мөн газар нутгийн маргаан, дайн мөргөлдөөн ихтэй Кашмирийг хянахад ч эдгээрийг ашиглах бололтой. Энэтхэгийн Засгийн газар энэ онд сансрын судалгаа шинжилгээний төсвөө ихээхэн нэмэгдүүлсэн юм.

Алдарт “Барселона” гутамшигтай ялагдал хүлээлээ

Аваргуудын лигийн 1/8 шигшээ тоглолт эхэллээ. Францын “ПСЖ” талбай дээрээ Месси, Луис  Суарес тэргүүтэй Испанийн алдарт “Барселона”- г хүлээн авч 4-0 харьцаагаар бут ниргэв. Францын багаас аргентин тоглогч Анхель Ди Мария хоёр гоол оруулжээ. Тоглолтын дараа “Барса”-гийн дасгалжуулагч Луис Энрике “ПСЖ бүх талаар илүү байлаа. Тэд бөмбөгтэй ч, бөмбөггүй байхдаа ч илүү байсан. Тоглолтын дүн үүнийг харуулж байна. Хожигдлын бурууг хайж байгаа бол та нарын өмнө зогсож байна. Энэ ялагдалд тоглогчид биш, би буруутай” хэмээн ярьжээ. Хариу тоглолт гуравдугаар сарын 8-нд Барселона хотын Камп Ноу цэнгэлдэхэд болно. Заналт өрсөлдөгч “Реал Мадрид”-ыг 5-0 харьцаагаар хожиж байсан “Барса” шилдэг наймд шалгарахын тулд хариу тоглолтыг мөн ийм дүнтэйгээр дуусгах хэрэгтэй болж байна.

Иванка Трамп “Цагаан ордон”-д “эзэн суув”


Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка Цагаан ордны эзний сэнтийд заларч хоёр талдаа АНУ болон Австралийн лидерийг зогсоосон зураг дэлхий дахиныг шуугиулж байна. Тэрээр Цагаан ордны Зууван танхим дахь АНУ-ын Ерөнхийлөгчийн ширээнд сууж буй зургаа Твиттер хуудсандаа тавьж “Эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн талаар дэлхийн хоёр лидертэй гайхалтай сайхан яриа өрнүүллээ” хэмээн бичжээ. Энэ нь 1961 оноос хойшх АНУ-ын бүх Ерөнхийлөгч сууж Америкийн болон дэлхийн хэргийг эрхэлж байсан ширээ юм. Энэ суудалд анх удаагаа эмэгтэй хүн сууж гэрэл зургаа олон нийтэд цацсан нь гол шуугиан дэгдээж байгаа бололтой. 1879 онд үйлдвэрлэсэн HMS Resolute хөлөг онгоцны модоор энэ ширээг хийж Resolute бичгийн ширээ хэмээн хүндэтгэн нэрлэсэн аж. Эл ширээ Цагаан ордонд олон арван жил болсны дараа тэргүүн хатагтай Жаклин Кеннедийн санаачлагаар сэргээн засварласнаас хойш АНУ-ын Ерөнхийлөгчийн ширээ болсон түүхтэй. Цагаан ордны эзэд энэ л ширээний ард сууж дэлхийн, хүн төрөлхтний түүхийг эргүүлсэн шийдвэрээ гаргаж байв. Ямар нэг сонгуульд оролцож байгаагүй, сонгогдож байгаагүй 35 настай эмэгтэй энэ ширээний ард суусныг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Иванкагийн хойд эх Меланиа Трамп Нью-Йоркоос Вашингтонд бүрмөсөн шилжиж ирэх хүртэл Иванка АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байгаа билээ.