Окинавагийн оршин суугчдад 264 сая долларын нөхөн төлбөр
олгоно
Японы Окинава мужийн Наха хотын шүүх АНУ-ын нисэх хүчний
онгоцны чимээ шуугианы төлөө Японы Засгийн газар тус арлын оршин суугчдад нөхөн
төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Энэ тухай NHK телевиз мэдээлэв. Окинава
арлын 22 мянган иргэн шүүхэд гомдол гаргасан бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг 30
тэрбум иен (264 сая доллар) хэмээн зааж өгсөн байна. Америкийн нисэх хүчний
онгоцууд өдрөөр ч, шөнөөр ч тогтоосон хууль дүрмийг зөрчиж, амар амгаланг
алдагдуулж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн нутгийн иргэд гомдол
гаргасныг шүүх ёсоор болгожээ. Харин цэргийн нисэх онгоцууд болон MV-22 Osprey нисдэг
тэргийг мужийн, арлын харъяаны газар нутаг дээгүүр нисгэхгүй байхыг хүссэн
өргөдлийг хүлээж авсангүй.
Өнгөрсөн оны сүүлчээр Окинаватай ойролцоо Футамэ арал
дээрх АНУ-ын агаарын цэргийн бас нэг баазын эсрэг гомдлыг иргэдийн талд
шийдвэрлэсэн юм. Тус арлын иргэд Засгийн газраасаа 2.5 тэрбум иенийн (22 сая доллар) нөхөн төлбөр шаардсан аж. Окинава мужийн захирагч Такеши Онага Японы дээд
шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд Футамэ арал
дээрх АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг Окинава руу нүүлгэн шилжүүлэхийг
хориглосон шийдвэр гаргасан билээ. Тэрээр мөн Окинава дахь Америкийн цэргийн
баазыг буулгаж байхгүй болгоно хэмээн амлаж байсан юм.
Япон
дахь АНУ-ын цэргийн хүчний дийлэнх хэсэг нь Японы Окинава арал дээр байрладаг.
АНУ-ын нутаг дэвсгэрээс гаднах агаарын цэргийн хамгийн том бааз нь Окинавагийнх
юм. Тэнд мөн Америкийн тэнгисийн явган цэрэг байрладаг. Нийтдээ тус арал дээр
АНУ-ын 50 мянган иргэн байрлаж байгаагаас 30 мянга нь цэргийн албан хаагчид
ажээ.
АНУ-аас хөөгдсөн мексик эр амиа хорложээ
АНУ-аас гурав дахь удаагаа хөөгдсөн мексик эр хилийн
Чапаррал хотод амиа хорложээ. 45 настай Оливас Валенсиаг Мексик рүү буцааснаас
30 минутын дараа ухаангүй байхыг нь олсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч
амийг нь аварч чадсангүй. Гэрчүүдийн ярьж буйгаар, Валенсиа амиа егүүтгэхээсээ
өмнө “Мексикт буцаж очмооргүй байна” хэмээн хашгирч ихээхэн бухимдсан байжээ. АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын эсрэг бодлогоо дахин чангатгасны
дараа ийм явдал болсон юм. Хууль бусаар АНУ, Мексикийн хилийг нэвтэрч байгаад
баригдвал хаанаас ирснийг нь үл харгалзан Мексик рүү буцаахаар болсныг АНУ-ын
Үндэсний аюулгүй байдлын департаментын тэргүүн Жон Келли мэдэгджээ. Мексикийн
Засгийн газар Вашингтоны энэ шийдвэрт зохих хариуг нь өгнө хэмээн мэдэгдлээ.
No comments:
Post a Comment