Monday 31 October 2016



15 мянган хүн орон гэргүй болжээ

Италийн төвийн хэсгийн Норча хот орчимд 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 15 гаруй хүн орон гэргүй хоцроод байна хэмээн эрх баригчид мэдэгдэв. Хэд хэдэн хот, тосгон байгалийн гамшигт нэрвэгдсэн юм. Хүний амь нас үрэгдээгүй ч Норча хотын 20 орчим хүн хүнд, хөнгөн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Өнгөрсөн наймдугаар сард Италийн төвийн нутгаар хүчтэй газар хөдөлж 300 гаруй хүн амь насаа алдаж байв. Орон гэргүй болсон хүмүүсийн ихэнх нь хамаатан садан, найз нөхдийндөө амьдарч байна. Ард иргэдэд туслах агентлаг гамшигт нэрвэгдсэн 15 мянган хүнд яаралтай тусламж, дэмжлэг үзүүлж байна. Тэдний 10 мянга нь майхан, спортын танхимд амьдарч байгаа ажээ.

Дэлхийн цомыг зохион бүтээгч 95 наслав

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан дагина цомыг зохион бүтээсэн Италийн нэртэй загвар зохиогч Силвио Гаццанига 95 насандаа өөд болов. “Тэрээр өөрийн гэртээ унтаж байхдаа тайван амгалан мөнхийн орон руу явлаа” хэмээн нэрт уран барималчийн хүү Жоржио Гаццанига Gazzeta dello Sport сонинд ярьжээ. Силвио “Алтан дагина”-ыг 1971 онд бүтээжээ. 1974 оны дэлхийн аваргын финалд Голландыг 2:1-ээр хожиж түрүүлсэн Германы шигшээ баг анхны “Алтан дагина”-ы эзнээр тодорч байв. Германууд мөн 2014 оны дэлхийн аваргад түрүүлсэн билээ. Силвио Гаццанига мөн UEFA болон UEFA-гийн супер цомын загварыг гаргаж байжээ.

Олимпт оролцож чадаагүй тамирчдад нөхөн төлбөр олгоно


2016 оны Риогийн зуны олимпт оролцож чадаагүй Оросын 42 тамирчинд ОХУ-ын олимпийн тамирчдыг дэмжих сангаас нөхөн төлбөр олгохоор болсныг Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Дмитрий Шляхтин мэдэгдлээ. “Хөнгөн атлетикийн 42 тамирчинд нийтдээ 40 сая рубль олгоно” хэмээн онцлов. Нэг тамирчин 900 мянган рубль (36 сая төгрөг) авахаар болж байна. Өнгөрсөн наймдугаар сард Кремльд тамирчдыг төрийн шагналаар шагнасан юм. Мөн тамирчдад BMW X6, BMW X4, BMW X3 автомашины түлхүүр гардуулсан. 2015 оны арваннэгдүгээр сард Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоог гишүүнээс гаргаж, Оросын тамирчдыг тэмцээн уралдаанд орохыг түдгэлзүүлээд байсан. Энэ шалтгааны улмаас уртын харайлтын Дарья Клишинагаас бусад Оросын хөнгөн атлетикчид Риогийн олимпийн гадна үлдсэн билээ. 


Хиллари Ерөнхийлөгч болвол Билл Клинтоныг хэн гэж дуудах вэ?

Хиллари Клинтоны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын явцад энэ асуулт байнга дагалдсаар, Google дээрх эрэл хайгуулын тоогоор ч толгой цохиж байна. Хиллари АНУ-ын төрийн тэргүүн болчихвол Билл Клинтоныг хэрхэн дуудах вэ, хэн гэж нэрлэх вэ? Дэлхийн лидерүүдийн эр нөхөр нь ийм нөхцөл байдалд орж байгаа тохиолдол дэлхийн улс төрд шинэ зүйл биш. Их Британийн шинэ Ерөнхий сайд Тереза Мэйн нөхөр Филип Жон Мэй байна. Түүний нэрний өмнө ямар нэг цол, гуншин байдаггүй. Гэвч АНУ-д уламжлал ёсоор төрийн тэргүүн болон түүний гэргийг Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай гэж нэрлэдэг. Хиллари Ерөнхийлөгч болчихвол Билл Клинтоныг хэрхэн хүндэтгэн дуудах вэ гэдэг бас л маргаан дагуулах бололтой.
Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдрж байгаагүй ч тус улсад мужийн захирагчийн нөхрийг тэргүүн жентльмен хэмээн нэрлэж, дууддаг. Өнөөдөр Америкт тэргүүн жентльмен зургаа байна. Билл Клинтон Ардчилсан намын их хурал дээр үг хэлж байхад энэ сэдэв Твиттерийн топ сэдэв болж байсан юм. Google-ийн хайгуул дээр ч мөн олон сая хүн зөвхөн энэ сэдвийг сонирхож АНУ-ын ирээдүйн тэргүүн ноёнтон Билл Клинтоныг хэрхэн дуудах вэ гэсэн санаа бодол дээд цэгтээ хүрч байсан билээ. Зарим нь, Хиллари ялалт байгуулсан тохиолдолд Билл Клинтоныг нэгдүгээр эрэгтэй (First Dude), эсвэл нэгдүгээр залуу (First Laddie) гэж нэрлэе хэмээн санал дэвшүүлж байв. Кельт, шотланд хэл дээр залуу, хөвгүүн гэдгийг laddie гэдэг бөгөөд энэ нь англи хэлний lady (хатагтай) гэдэг үгтэй гайхалтай хоршиж байгаа аж. Билл Клинтон ч шотланд, кельт угсаатай.

“Билл энэ яриа маргаанд тайван, хэвийн хандаж буйгаа надад хэлж байсан. Тэргүүн хатагтай заавал эмэгтэй хүн байх ёстой гэсэн хэв, мөсийг тэр хагалахыг хүссэн. Эмэгтэй Ерөнхийлөгчийн нөхрийг юу гэж хүндэтгэн нэрлэх вэ гэдэг талаар би ч бас бодож байсан” хэмээн Хиллари өнгөрсөн сард нэгэн ярилцлагадаа онцолж байв. АНУ-ын Ерөнхийлөгч нарыг бүрэн эрхийн хугацаанд нь ч, албанаасаа буусны дараа ч “Ноён Ерөнхийлөгч” гэж дуудаж, харьцдаг тул Биллийн хувьд энэ нь яригдах ёстой нэгэн сэдэв болж байгаа аж. “Та ялалт байгуулвал нөхрөө юу гэж дуудах вэ” гэсэн асуултад Хиллари “Одоогоор бодсон юм алга. Тэргүүн эрэгтэй, тэргүүн нөхөр, тэргүүн жентьлмен гэх үү, мэдэхгүй байна” гэж хариулжээ. Түүний ч зөв. Учир нь Билл Клинтон хэзээд АНУ-ын Ерөнхийлөгчөөрөө үлдэнэ, тэгж дуудагдана. Хиллари Клинтон ялалт байгуулвал хатагтай Ерөнхийлөгч, ноён Ерөнхийлөгч гэдэг хүндэтгэл алга болохгүй дагалдах нь ойлгомжтой. Билл Клинтон ч энэ сэдвээр дуугараад амжсан юм. “Намайг яаж дуудах нь чухал биш ээ. Хамгийн гол нь Хиллари ялалт байгуулаасай л гэж хүсч байна. Би анхны сайн дурын ажилтан нь байх болно. Тэр миний нүүр царайнаас зөвхөн төсөөлөлд ургаж чадах үнэгүй ажиллах хүчийг олж харна гэдэгт найдаж байна” хэмээн АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч хэлжээ. 

Monday 3 October 2016






Робот хүүхдийг бүтээв

Японд робот хүүхдийг бүтээж олон нийтэд танилцуулав. Андройд системтэй, Бяцхан Киробо хэмээн нэрлэсэн роботыг Toyota Motor компанийн мэргэжилтнүүд бүтээжээ. Суугаагаараа 10 см-ийн өндөртэй энэ робот таван настай хүүхдийн хиймэл оюун ухаан, видео камер, дуу хоолой тохируулагчаар тоноглогдсон байна. Киробо камерийн тусламжтайгаар түүнтэй харилцаж буй хүний нүүрний илэрхийллийг таньж, зохих хариуг нь өгнө. Мөн үйл хөдлөл, үг таних чадвартай. Дуу хоолойны тохируулагч нь жаахан хүүхдийн хоолойг дуурайж чадах ажээ. Суугаа робот яг хүүхэд шиг найгаж, нүдээ анивчиж чадна.
Японд сүүлийн 50 жилд төрөлт эрс багассан нь робот-хүүхэд бүтээх шалтгаан болсон аж. Хүүхэдгүй хосууд сэтгэл санааны дарамтаа давж гарахад Бяцхан Киробо тусална хэмээн зохион бүтээгчид үзэж байна. Эрдэмтдийн шинэ бүтээл эзэнтэйгээ ярилцаж, сэтгэл хөдлөлд нь хариу өгч чаддаг тул ямар ч хүний сайн нөхөр, туслах байж чадна хэмээн Toyota компани мэдэгджээ. Бяцхан Киробо 2017 онд Японд 39 мянган иен (390 доллар)-ээр худалдаанд гарах юм.

В.Путин тахь сонирхлоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амралтын өдрөөр Оренбургийн дархан цаазат нутагт зочилж Пржевальскийн адуу буюу тахь үзэж сонирхжээ. Тус газар тахийг нутагшуулан үржүүлэх төсөл хэрэгжиж байгаа юм. 2015 онд Францаас зургаан тахийг авчирч 38 мянган га талбайг эзэлдэг Оренбургийн дархан цаазат газарт нутагшуулж эхэлжээ. 200-гаад жилийн өмнө Оренбургийн тал нутагт тахь амьдарч байсан аж. Орост анх удаа ийм төсөл хэрэгжиж байгаа бол, дэлхий даяар тахийг эх нутагт нь авчирч өсгөж үржүүлэх арванхоёр дахь төсөл болж байгаа аж.
“Устаж алга болсон амьтан, байгалийг сэргээн хамгаалах цорын ганц төсөл нь энэ биш. Кавказын ирвэсийг дахин нутагшуулах ажил хийгдэж байгаа. Тэнд ирвэс сайн нутагшиж байгаа гэсэн. Бүр баавгайтай хүртэл тулгарч амжсан байна. Ирвэс баавгайтай зоригтой тулалдсаны дараа эрүүл саруул байгаа. Пржевальскийн адуу ч их сайхан амьтан юм. Сүрлэг, хүчтэй юм. Тэжээвэр морь, тахь хоёр ямар их ялгаатайг одоо л харлаа. Энэ бол зүгээр нэг морь биш, дэлхий дээр бараг устаж алга болоод байгаа нэг төрөл. Тахь 66 хромосомтой байдаг бол, гэрийн морь 64 хромосомтой байдаг. Хараач, ямар сайхан амьтан бэ” хэмээн Оросын лидер шагшин дуу алджээ.

Хуриман дээр дэлбэрэлт болжээ

Сирийн Хасака хотод амиа золиослогч этгээд курд үндэстний хуриман дээр халдлага үйлдлээ хэмээн Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллага болон курдын мэдээллийн Hawar агентлаг уламжлав. Дэлбэрэлтийн улмаас 22 хүн амь насаа алджээ. Хэдэн арван хүн шархдаж гэмтсэн хэмээн Курдын өөрийгөө хамгаалах ардын отрядаас мэдээлэв. Хасака, Камиш хотын хоорондох замын дагуух нэгэн байшинд хуримын ёслол болж байхад дэлбэрэлт болжээ. Курдын зэвсэгт отрядууд энэ бүс нутгийн үзэмж хэсгийг хяналтдаа байлгадаг. Гэвч зарим хэсэг нь Ерөнхийлөгч Башар Асадын хяналтад байдаг тул байлдаан, мөргөлдөөн болох нь элбэг байдаг ажээ.

Жирэмсэн эмэгтэйчүүд Зикатай эсэхийг шалгана

Тайландын эрх баригчид 16 мужид амьдарч буй бүх жирэмсэн эмэгтэйд Зика вирусын шалгалт хийхээр болжээ. “Эхчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндийн талаарх чухал мэдээлэл хэрэгтэй байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Тайландад шинээр төрсөн хоёр хүүхдээс микроцефали буюу тархи нь жижигрэх өвчин илэрсний дараа ийм арга хэмжээ авахаар болсон юм. Зика вирусын халдвар зөвхөн Тайланд биш, Зүүн өмнөд Азийн бүх бүс нутагт илрээд байна. Энэ онд тус улсад Зика вирусээр халдварласан 349 тохиолдол бүртгэгдсэний 25 нь жирэмсэн эмэгтэй байжээ. Гаити улсад Зикагийн анхны тохиолдол бүртгэгдсэн аж.

Роналдогийн ээлжит амраг


Испанийн “Реал Мадрид” болон Португалын шигшээ багийн 31 настай довтлогч Криштиано Роналдо Испанийн 2014 оны тэргүүн гоо бүсгүй Дезире Кордеротой уулзах болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Роналдо Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй таван жил амьдарсны эцэст 2015 оны нэгдүгээр сард хоёр тийш болсон юм. Тэр цагаас хойш дэлхийн шилдэг хөлбөмбөгч хэд хэдэн бүсгүйтэй болзож амжсаны дотор Колумбын сайхан бүсгүй Паула Суарес байжээ. Дезире хөлбөмбөгийн хүрээнд ихэд алдаршсан бүсгүй юм. Тэрээр “Бетис” клубын хөлбөмбөгч Энцо Ренелло, “Реал Мадрид”-ын домогт тоглогч Фернандо Йеррогийн хүү Альваротой найзалж байсан аж. Севилья хотын уугуул Дезире Кордеро дурлалт залуутайгаа ойрхон байхын тулд Мадридад шилжиж ирээд байна. Роналдо, Дезире хоёр ихэд дотносон хамт амьдарч байна хэмээн “Corazon” сэтгүүлд бичжээ.


Орос, Америкийн харилцаа дахин муудлаа

Сири дахь энх тайвны итгэл найдвар гурван долоо хоног үргэлжлэв. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сири дахь мөргөлдөөнийг зохицуулах хоёр улсын тохиролцоог цуцалсны дараа есдүгээр сарын 12-нд Вашингтон, Москвагийн хооронд байгуулсан гэрээ өчигдөр “нүд анилаа”. Кремль амлалтаа биелүүлээгүй гэж үзсэн Керри ийнхүү хэлсэн үгэндээ хүрч байна. Гэвч хагарал ганцаараа ирсэнгүй. Хариуг нь аль хэдийнэ бэлдчихсан байсан Ерөнхийлөгч В.Путин Хүйтэн дайны дараагаар байгуулж байсан нэгэн чухал гэрээг хүчингүй болгож буйгаа зарлалаа. Ийнхүү цөмийн цэнэгт хошуунд плутони хэрэглэхийг хориглож байсан хоёр том гүрний тохиролцоо агаарт замхарч байна.
Энэхүү хоёр ширүүн мэдэгдэл хоёрхон цагийн зайтай болсон юм. “Сирид гал зогсоох гэрээг хадгалахын тулд байгуулсан хоёр талт хэлэлцээ, арга хэрэгсэлд АНУ оролцохоо зогсоож байна” хэмээн Төрийн департаментын тэргүүн мэдэгдэлдээ онцолжээ. Сирийн дайн, хямралыг зохицуулах хэлэлцээ ийнхүү байхгүй болсныг Төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби баталсан юм. Оросын нисэх хүчин Сирийн Засгийн газрын цэрэгтэй хамтран Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж буй сөрөг хүчний гол түшиц газар болсон Алеппог довтолсоор байгаа нь гэрээг цуцлах нэг шалтгаан болж өгчээ. Эхлээд америкууд Сирийн байрлалыг эндүүрэн бөмбөгдөж, дараа нь Оросын онгоцууд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн цувааг довтолсон нь сайныг зөгнөсөнгүй. Энэхүү андуурлыг Башар Асад ашиглан гал зогсоох гэрээг дангаараа цуцалж, Оросын тусламжтайгаар Алеппог довтолжээ.
Сирийн сөрөг хүчний байрлалыг довтлохдоо оромж, нуувчны эсрэг тэсрэх бөмбөгийг ашиглаж байна хэмээн Жон Керри өнгөрсөн долоо хоногт сануулсан юм. Ийм зэвсэг нь энгийн ард иргэдэд ихээхэн хөнөөлтэй хэмээн үзэж байгаа аж. Харин оросууд АНУ-ын мэдэгдлийн хариуд сөрөг довтолгоо хийхдээ “Вашингтон Сирийн дайнд оролцож буй улсуудын хоорондох хямралыг улам хурцатгаж, харилцан ойлголцлыг үгүй хийсэн” гэжээ. Оросын тал цөмийн гэрээг цуцалснаа “Оросын эсрэг АНУ-ын дайсагнасан үйлдлийн эсрэг стратегийн тогтвортой байдлаа хадгалах хэрэгцээ шаардлага гарлаа” хэмээн зөвтгөсөн байна.
Уржигдар Москвагийн цуцалсан гэрээг хоёр улс 2000 онд байгуулж, 2009 онд шинэчлэн баталсан юм. Гэрээний дагуу 17 мянган цөмийн цэнэгт хошуунд бэхлэгдэж болох 34 мянган тн плутонийг устгах ёстой. Цөмийн зэвсгийг устгах гэрээг идэвхтэй хамгаалдаг Ерөнхийлөгч Барак Обамад Кремлийн шийдвэр хүндээр тусч буй нь ойлгомжтой ажээ.