15 мянган хүн орон гэргүй болжээ
Италийн төвийн хэсгийн Норча хот орчимд 6.6 магнитудын
хүчтэй газар хөдөлсний улмаас 15 гаруй хүн орон гэргүй хоцроод байна хэмээн эрх
баригчид мэдэгдэв. Хэд хэдэн хот, тосгон байгалийн гамшигт нэрвэгдсэн юм. Хүний
амь нас үрэгдээгүй ч Норча хотын 20 орчим хүн хүнд, хөнгөн гэмтэж эмнэлэгт
хүргэгджээ. Өнгөрсөн наймдугаар сард Италийн төвийн нутгаар хүчтэй газар хөдөлж
300 гаруй хүн амь насаа алдаж байв. Орон гэргүй болсон хүмүүсийн ихэнх нь
хамаатан садан, найз нөхдийндөө амьдарч байна. Ард иргэдэд туслах агентлаг гамшигт
нэрвэгдсэн 15 мянган хүнд яаралтай тусламж, дэмжлэг үзүүлж байна. Тэдний 10
мянга нь майхан, спортын танхимд амьдарч байгаа ажээ.
Дэлхийн цомыг зохион бүтээгч 95 наслав
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан
дагина цомыг зохион бүтээсэн Италийн нэртэй загвар зохиогч Силвио Гаццанига 95
насандаа өөд болов. “Тэрээр өөрийн гэртээ унтаж байхдаа тайван амгалан мөнхийн
орон руу явлаа” хэмээн нэрт уран барималчийн хүү Жоржио Гаццанига Gazzeta dello
Sport сонинд ярьжээ. Силвио “Алтан дагина”-ыг 1971 онд бүтээжээ. 1974 оны
дэлхийн аваргын финалд Голландыг 2:1-ээр хожиж түрүүлсэн Германы шигшээ баг анхны
“Алтан дагина”-ы эзнээр тодорч байв. Германууд мөн 2014 оны дэлхийн аваргад түрүүлсэн
билээ. Силвио Гаццанига мөн UEFA болон UEFA-гийн супер
цомын загварыг гаргаж байжээ.
Олимпт оролцож чадаагүй тамирчдад нөхөн төлбөр олгоно
2016 оны Риогийн зуны олимпт оролцож чадаагүй Оросын 42
тамирчинд ОХУ-ын олимпийн тамирчдыг дэмжих сангаас нөхөн төлбөр олгохоор
болсныг Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Дмитрий Шляхтин
мэдэгдлээ. “Хөнгөн атлетикийн 42 тамирчинд нийтдээ 40 сая рубль олгоно” хэмээн
онцлов. Нэг тамирчин 900 мянган рубль (36 сая төгрөг) авахаар болж байна.
Өнгөрсөн наймдугаар сард Кремльд тамирчдыг төрийн шагналаар шагнасан юм. Мөн
тамирчдад BMW X6, BMW X4, BMW X3 автомашины түлхүүр гардуулсан. 2015 оны
арваннэгдүгээр сард Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл Бүх Оросын
хөнгөн атлетикийн холбоог гишүүнээс гаргаж, Оросын тамирчдыг тэмцээн уралдаанд
орохыг түдгэлзүүлээд байсан. Энэ шалтгааны улмаас уртын харайлтын Дарья
Клишинагаас бусад Оросын хөнгөн атлетикчид Риогийн олимпийн гадна үлдсэн билээ.
No comments:
Post a Comment