Робот хүүхдийг бүтээв
Японд робот хүүхдийг бүтээж олон нийтэд танилцуулав. Андройд
системтэй, Бяцхан Киробо хэмээн нэрлэсэн роботыг Toyota Motor компанийн
мэргэжилтнүүд бүтээжээ. Суугаагаараа 10 см-ийн өндөртэй энэ робот таван настай
хүүхдийн хиймэл оюун ухаан, видео камер, дуу хоолой тохируулагчаар тоноглогдсон
байна. Киробо камерийн тусламжтайгаар түүнтэй харилцаж буй хүний нүүрний
илэрхийллийг таньж, зохих хариуг нь өгнө. Мөн үйл хөдлөл, үг таних чадвартай.
Дуу хоолойны тохируулагч нь жаахан хүүхдийн хоолойг дуурайж чадах ажээ. Суугаа
робот яг хүүхэд шиг найгаж, нүдээ анивчиж чадна.
Японд сүүлийн 50 жилд төрөлт эрс багассан нь робот-хүүхэд
бүтээх шалтгаан болсон аж. Хүүхэдгүй хосууд сэтгэл санааны дарамтаа давж
гарахад Бяцхан Киробо тусална хэмээн зохион бүтээгчид үзэж байна. Эрдэмтдийн
шинэ бүтээл эзэнтэйгээ ярилцаж, сэтгэл хөдлөлд нь хариу өгч чаддаг тул ямар ч
хүний сайн нөхөр, туслах байж чадна хэмээн Toyota компани мэдэгджээ. Бяцхан
Киробо 2017 онд Японд 39 мянган иен (390 доллар)-ээр худалдаанд гарах юм.
В.Путин тахь сонирхлоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амралтын өдрөөр Оренбургийн
дархан цаазат нутагт зочилж Пржевальскийн адуу буюу тахь үзэж сонирхжээ. Тус
газар тахийг нутагшуулан үржүүлэх төсөл хэрэгжиж байгаа юм. 2015 онд Францаас
зургаан тахийг авчирч 38 мянган га талбайг эзэлдэг Оренбургийн дархан цаазат
газарт нутагшуулж эхэлжээ. 200-гаад жилийн өмнө Оренбургийн тал нутагт тахь
амьдарч байсан аж. Орост анх удаа ийм төсөл хэрэгжиж байгаа бол, дэлхий даяар тахийг
эх нутагт нь авчирч өсгөж үржүүлэх арванхоёр дахь төсөл болж байгаа аж.
“Устаж алга болсон амьтан, байгалийг сэргээн хамгаалах
цорын ганц төсөл нь энэ биш. Кавказын ирвэсийг дахин нутагшуулах ажил хийгдэж
байгаа. Тэнд ирвэс сайн нутагшиж байгаа гэсэн. Бүр баавгайтай хүртэл тулгарч
амжсан байна. Ирвэс баавгайтай зоригтой тулалдсаны дараа эрүүл саруул байгаа. Пржевальскийн
адуу ч их сайхан амьтан юм. Сүрлэг, хүчтэй юм. Тэжээвэр морь, тахь хоёр ямар их
ялгаатайг одоо л харлаа. Энэ бол зүгээр нэг морь биш, дэлхий дээр бараг устаж
алга болоод байгаа нэг төрөл. Тахь 66 хромосомтой байдаг бол, гэрийн морь 64
хромосомтой байдаг. Хараач, ямар сайхан амьтан бэ” хэмээн Оросын лидер шагшин
дуу алджээ.
Хуриман дээр дэлбэрэлт болжээ
Сирийн Хасака хотод амиа золиослогч этгээд курд үндэстний
хуриман дээр халдлага үйлдлээ хэмээн Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллага
болон курдын мэдээллийн Hawar агентлаг уламжлав. Дэлбэрэлтийн улмаас 22 хүн амь
насаа алджээ. Хэдэн арван хүн шархдаж гэмтсэн хэмээн Курдын өөрийгөө хамгаалах
ардын отрядаас мэдээлэв. Хасака, Камиш хотын хоорондох замын дагуух нэгэн
байшинд хуримын ёслол болж байхад дэлбэрэлт болжээ. Курдын зэвсэгт отрядууд энэ
бүс нутгийн үзэмж хэсгийг хяналтдаа байлгадаг. Гэвч зарим хэсэг нь Ерөнхийлөгч
Башар Асадын хяналтад байдаг тул байлдаан, мөргөлдөөн болох нь элбэг байдаг
ажээ.
Жирэмсэн эмэгтэйчүүд Зикатай эсэхийг шалгана
Тайландын эрх баригчид 16 мужид амьдарч буй бүх жирэмсэн
эмэгтэйд Зика вирусын шалгалт хийхээр болжээ. “Эхчүүд, хүүхдүүдийн эрүүл
мэндийн талаарх чухал мэдээлэл хэрэгтэй байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн
яам мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Тайландад шинээр төрсөн хоёр хүүхдээс
микроцефали буюу тархи нь жижигрэх өвчин илэрсний дараа ийм арга хэмжээ авахаар
болсон юм. Зика вирусын халдвар зөвхөн Тайланд биш, Зүүн өмнөд Азийн бүх бүс
нутагт илрээд байна. Энэ онд тус улсад Зика вирусээр халдварласан 349 тохиолдол
бүртгэгдсэний 25 нь жирэмсэн эмэгтэй байжээ. Гаити улсад Зикагийн анхны
тохиолдол бүртгэгдсэн аж.
Роналдогийн ээлжит амраг
Испанийн “Реал Мадрид” болон Португалын шигшээ багийн 31
настай довтлогч Криштиано Роналдо Испанийн 2014 оны тэргүүн гоо бүсгүй Дезире
Кордеротой уулзах болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Роналдо Оросын загвар
өмсөгч Ирина Шейктэй таван жил амьдарсны эцэст 2015 оны нэгдүгээр сард хоёр
тийш болсон юм. Тэр цагаас хойш дэлхийн шилдэг хөлбөмбөгч хэд хэдэн бүсгүйтэй
болзож амжсаны дотор Колумбын сайхан бүсгүй Паула Суарес байжээ. Дезире
хөлбөмбөгийн хүрээнд ихэд алдаршсан бүсгүй юм. Тэрээр “Бетис” клубын хөлбөмбөгч
Энцо Ренелло, “Реал Мадрид”-ын домогт тоглогч Фернандо Йеррогийн хүү Альваротой
найзалж байсан аж. Севилья хотын уугуул Дезире Кордеро дурлалт залуутайгаа
ойрхон байхын тулд Мадридад шилжиж ирээд байна. Роналдо, Дезире хоёр ихэд
дотносон хамт амьдарч байна хэмээн “Corazon” сэтгүүлд
бичжээ.
No comments:
Post a Comment