Sunday 2 November 2014




АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн бэ

Барак Обамагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч болох боломжтой хүн нь Төрийн нарийн бичгийн дарга асан, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон хэмээн Америкийн нэртэй улстөрч Филипп Карбер үзэж байна. Жоржтауны их сургуулийн профессор, улс төрийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Карбер “Хоёр жилийн дараахийг харвал Оросын Ерөнхийлөгч их болгоомжтой байх хэрэгтэй болж байна. Хиллари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болж магадгүй. Тэр Обамаг бодвол Оросын эсрэг илүү хатуу байр суурь баримталдаг” хэмээн ярилаа. ОХУ зөвхөн Украин дээр нэр, нөлөөгөө “харуулаад” зогсохгүй сүүлийн үед Оросын цэргийн онгоцууд Европын орнуудын хилд ойрхон нисэх болсныг америк шинжээч хэлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-д хэтэрхий “зөөлөн” хандаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.  

Сьерра-Леонд Эболагийн халдвар хурдтай тархаж байна

Сьерра-Леон улсын зарим бүс нутагт Эбола вирусын халдвар эрс нэмэгдлээ хэмээн Africa Governance Initiative олон улсын байгууллага мэдэгдэв. Тус байгууллагын баталж буйгаар, нийслэл Фритаун хотоос холгүй орших хөдөө, тосгодод аймшигт тахлын вирус хоёр сарын өмнөхийг бодвол ес дахин илүү хурдтай тархаж байгаа аж. Харин Фритаун хотод есдүгээр сартай харьцуулбал тархалт ес дахин багаасан байна. Хөрш Либери улсад ч Эболагийн шинэ тохиолдол бүртгэгдэх нь багасчээ.

Ууртай хүмүүс тайван, дөлгөөн хүмүүсээс илүү өвчилдөг

Ууртай, бухимдсан, хэдэр хүмүүс инээсэн, халгисан, дөлгөөхөн хүмүүсийг бодвол чихрийн шижин, үе мөчний, цус харвах өвчинд хавьгүй илүү өртдөг болохыг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Эрдэмтэд 68-аас дээш настай хоёр мянга орчим хүнийг сонгон ажиглалт, судалгаа хийсэн байна.
Уурлаж уцаарлаж, хэг ёг гэж харьдаг хүмүүс өвчинд илүү өртөмтгий хандлагатай байдаг нь харагджээ. Харин инээмсэглэж, хүмүүстэй эелдэг дотно харилцдаг хүмүүс бага өвчилж, илүү урт насладаг болохыг тогтоогоод байна.

АНУ Донбасс дахь сонгуулийг шүүмжлэв

Дангаараа тусгаар тогтнолоо зарласан Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсад арваннэгдүгээр сарын 2-нд болсон сонгуулийг АНУ хууль бус хэмээн үзэж байна. Цагаан ордны төлөөлөгч Марк Строх “Эдгээр сонгууль нь Украины Үндсэн хуульд харшилж, мөн есдүгээр сарын 5-ны Минскийн гэрээг зөрчиж байна. АНУ Донбасст болсон сонгуулийн ямар ч үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Бусад улс орныг ч мөн ийм алхам хийхийг уриалж байна” хэмээн мэдэгдлээ.  
Европын холбоо мөн ийм байр суурьтай байна. Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын төлөөлөгч Федерика Могерини Украины зүүн нутаг дахь сонгуулийг хууль бус хэмээн нэрлээд “Украинд энх тайван бий болоход саад болж байна” хэмээн мэдэгдэв. Харин Москва сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Пентагон 500 тагнуулчаа гадаадад илгээнэ

АНУ-ын Батлан хамгаалах яам 500 орчим нууц ажилтнаа гадаадад илгээхээр бэлтгэж байна хэмээн Washington Post сонин зарим эх сурвалжаас иш татан мэдээлэв. Тагнуулчдын гол зорилго нь Пентагонд зориулж мэдээлэл цуглуулах.
Америкийн нууц албаны ажилтнууд дэлхийн хамгийн халуун цэгүүд, тэр тусмаа “Аль-Кайда” болон “Лалын улс” бүлгийнхэн холхидог Ойрхи Дорнодод ажиллах ажээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын хэлтэс 2012 онд мянга орчим шинэ ажилтныг бэлтгэж гадаадад илгээх төлөвлөгөө боловсруулж байжээ. Тэднийг Тагнуулын төв газар болон терроризмийн эсоэг АНУ-ын тусгай ажиллагаанд оролцуулна хэмээн тооцоолж байв. Гэвч хоёр жилийн дараа энэ төлөвлөгөөг эргэн харж шинэчилсэн байна.

Талибууд Энэтхэг-Пакистаны хил дээр халдлага үйлджээ

Энэтхэг-Пакистаны хил орчмын Вагах боомт дээр болсон халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн өөртөө авчээ. Дэлбэрэлт Вагахын автомашины зогсоол дээр болсон юм. Эхлээд хийн баллон дэлбэрсэн гэж үзэж байсан ч дараа нь халдлага болсон гэх хувилбар дээр буужээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр, дэлбэрэлтэд 50 орчим хүн амь насаа алдаад байна. 70 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлт Пакистаны газар нутаг дээр, Энэтхэгийн хилээс 500 метрийн зайд болсон аж. Вагах суурин нь хоёр улсын хилийн гарц дамжин өнгөрдөг цорын ганц суурьшилтай бүс юм. 


Иран цөмийн тохиролцоонд хүрэх болзлоо тавилаа

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд зуучлагчаар оролцож байгаа Америк, Хятад, Их Британи, Орос, Франц, Герман улс Тегераны энхийн цөмийн эрчим хүч эзэмших эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл гэрээ, хэлэлцээг эцэслэн батлахад бэлэн байна хэмээн Тегераны эрх баригчид мэдэгдлээ. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Норвегийн дипломат албаны тэргүүн Берг Брендтэй уулзах үерээ ийнхүү мэдэгдсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан улс болон Ираны хоорондох хэлэлцээний дараагийн шат арваннэгдүгээр сарын 11-нд Оманы нийслэл Маскат хотод болох юм. Энэ хэлэлцээний өмнө буюу арваннэгдүгээр сарын 9, 10-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, Европын холбооны гадаад бодлогын дээд төлөөлөгч Кэтрин Эштон нар гурван талын уулзалт, хэлэлцээ хийх ажээ. К.Эштон арваннэгдүгээр сарын 1-нээс Европын холбооны дипломат албаны тэргүүний суудлаас буусан ч Иран болон зургаан улсын хоорондох хэлэлцээнд Европын холбооны төлөөлөгчийн хувиар оролцсоор байх юм.
Олон улсын зургаан зуучлагч орон болон Иран улс Тегераны цөмийн хөтөлбөрийг цэвэр энхийн зорилготой болгох тал дээр ажиллаж байна. Үүний хариуд тус улсын эсрэг хориг арга хэмжээг бүрэн цуцлах амлалт өгсөн билээ. Ийм тохиролцоонд талууд арваннэгдүгээр сарын 24-нөөс өмнө гарын үсэг зурах ёстой.

Иран улс 2012 оноос хойш Европын холбоо болон АНУ-ын хориг арга хэмжээтэй тулгарч, нефтиэ гадаадад борлуулахад ихээхэн хүндрэлтэй болжээ. Хориг арга хэмжээний улмаас Иранд инфляц ихээхэн өсөөд байна. Тегеран цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй үргэлжлүүлсээр байсан нь хориг арга хэмжээ авах шалтгаан болсон юм. Иранууд энэ буруутгалыг эрс эсэргүүцэж, манай цөмийн хөтөлбөр цэвэр энхийн, иргэний зорилготой хэмээн мэдэгдсээр байна. Үүнд огт итгэдэггүй улс нь Израиль. Тегераны эрх баригчид энхийн зорилготой цөмийн хөтөлбөр нэрийн дор цөмийн зэвсэг бүтээж Израилийн эсрэг ашиглаж магадгүй хэмээн Тель-Авив үзсээр байгаа юм. 2005-2013 онд Ираны Ерөнхийлөгч байсан радикал үзэлтэй Махмуд Ахмадинежад “Израиль улсыг газрын хөрснөөс “арчих” хэрэгтэй” хэмээн мэдэгдэж шуугиан тарьж байсан билээ.