Wednesday 29 October 2014




Гудамжны сод авъяастан

Мельбурн хотын уугуул Натали Трейлинг магадгүй дэлхийн хамгийн алдартай орон гэргүй хүн байсан. Учир нь өндөр настай энэ эмэгтэй одоо сайхан ажилтай болжээ. Хувь заяа дэндүү өршөөлгүй хандаж, Натали есөн жил гудамжинд амьдарчээ. Тэрээр залуудаа Австрали орноороо аялан тоглодог байв. Гэвч нөхөр, хүүхдээ алдаж, ажилгүй болсныхоо дараа орон гэргүй болж, гудамжинд гарчээ. Натали Мельбурны нэгэн цэцэрлэгт суурьшиж, хүүхдийн төгөлдөр хуур дээр ая тоглон алдаршсан юм. Заримдаа тэрээр хөгжмийн дэлгүүр орж, худалдагчийнх нь зөвшөөрөлтэйгээр жинхэнэ хөгжмийн зэмсэг дээр тоглож сонсгол, авъяас билгээ мартчихалгүй хадгалсаар иржээ.
Эцсийн эцэст хувь заяа түүнд дахин инээмсэглэж, 80 настай Натали Трейлинг нэгэн томоохон зочид буудлын лобби танхимд төгөлдөр хуур тоглох болсон байна. Гэсэн хэдий ч Натали есөн жил амьдарсан гудамжаа марталгүй хааяа гадаа гарч зөрөн өнгөрөх хүмүүст “Сэтгэлийн концерт” тоглодог ажээ.

Хойд Солонгосууд сүй тавихдаа гар утас бэлэглэж байна

Хойд Солонгост чинээлэг залуу хосууд сүй тавихдаа нэг нэгэндээ гар утас бэлэглэх боллоо хэмээн The Guardian сонинд бичжээ. “Жижиг, дунд хотуудад хосууд гэрлэж, сүй тавихдаа гар утас бэлэглэх нь моодонд оржээ” хэмээн Хойд Солонгосын Хамгён-Пукто муж дахь эх сурвалж мэдээлэв. Сүйн бөгж хоёрдугаарт орж байгаа аж.
Британийн сонинд бичсэнээр, Хойд Солонгост гар утас барих нь залуу үеийнхэнд нэр хүндийн хэрэг болоод байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын байдлаар, тус улсад үүрэн телефоны хоёр сая гаруй хэрэглэгч бүртгэгдсэн нь 12 иргэн тутмын нэг нь гар утас барьж байна гэсэн үг юм. Хэрвээ залуухан бүсгүй гар утас бариад явж байвал тун ховор үзэгдэлд тооцогдох бөгөөд тэр бүсгүй мөдхөн нөхөрт гарна, эсвэл найз залуутай болсон гэсэн үг. Өмнө нь цэвэр ус бэлэглэх нь моодонд ороод байжээ.

Япон бүсгүйчүүд “Гоонь хурим” хийж болно

Японы Киото хотын Cera Travel компани нөхөрт гараагүй бүсгүйчүүдэд зориулан ганц хүний хурим зохион байгуулах болжээ. Тэд албан ёсоор гэрлэх шаардлагагүйгээр хөгжилтэй, дэгжин хуримыг амтлуулна хэмээн амлаж байна. Энэ үйлчилгээнд хуримын даашинз (уламжлалт цагаан даашинз, эсвэл гейшагийн гоёмсог өмсгөл), баярын цэцгийн баглаа, дээд зэрэглэлийн нүүр будагч, үсчинд орох, мөн тансаг зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлэх зэрэг багтжээ. Үүнээс гадна сүйт бүсгүй сэдэвчилсэн байдлаар зургаа авахуулсан эрчүүдээс сонголт хийж болно. “Гоонь хурим” хоёр мянга 800 долларын үнэтэй. Зургадугаар сард зарласан энэ үйлчилгээг арав гаруй эмэгтэй аваад байна.
Cera Travel компани уламжлалт япон заншлаар хуримлахгүй гэж шийдсэн, карьераа хөөгөөд завгүй байдаг ганц бие эмэгтэйчүүдэд зориулж “Гоонь хурим”-ыг бий болгожээ. Мөн хуримын онцгой агшныг дахин мэдрэхийг хүссэн салсан эмэгтэйчүүдэд энэ үйлчилгээ зориулагджээ. Зочид буудал дахь шөнөөр хуримласан байдлаар зургаа авахуулсан эрчүүдийг авчрах боломжгүй ч үйлчлүүлэгч хүүхнүүд найз залуугаа урьж авчран, шөнийг хамтдаа өнгөрөөдөг байна.

Британид үндэсний тоглоомын галерей нээгдэнэ

Британийн Ноттинхам хотод 2.5 сая долларын өртөгтэй үндэсний видео тоглоомын галерей нээхээр төлөвлөж байна. National Videogame Arcade (NVA) гэдэг нэр аваад байгаа үзэсгэлэнгийн цогцолбор нь видео тоглоомд зориулсан дэлхийн анхны соёлын төв болох юм. Видео тоглоомыг кино, театр, бүжиг зэрэг урлагийн хэлбэр мэт хөгжүүлэх, түгээх зорилготой ажээ.
Үндэсний видео тоглоомын галерей нь таван давхар, гурван мянган кв метр талбайтай, 12 мянган үзмэртэй байх юм. Мөн тэнд цаг үеийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Видео тоглоомын төвийн нээлт 2015 оны гуравдугаар сард болно. Удахгүй Ноттинхам хотод GameCity есдүгээр их наадам болох гэж байна.

Бранжелина шинэ кинонд тоглож байна

Холливудын алдарт хос Брад Питт, Анжелина Жоли нар (Бранжелина) By The Sea in Malta киноныхоо зураг авалтыг үргэлжлүүлж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сард Францад хуримаа хийхийн тулд зураг авалтаа завсарлаад байсан юм. Олон жил ханилсан эхнэр, нөхөр хоёр 1970-аад онд Европ руу аялахаар явдаг тухай энэ кинонд өгүүлнэ. 39 настай Анжелина Жоли киноны зохиолыг бичиж, найруулж байна. “Энэ кино бол бидний шийдвэр. Зураг авалт их хөгжилтэй, сайхан болж байна. Зарим үед Жолид анх дурлаж явсан үе маань санаанд орж, хайраар бялхаж байна” хэмээн Брад Питт “USA Today”-д ярьжээ. Зураг авалтын үеэр Анжелина нэг бус удаа догдолж, сандарч байсан тул нөхөр нь аргадаж, энхрийлж байсан нь гэрэл зургийн дуранд үлджээ. 


Алла Пугачева СССР дэглэмээр туржээ

Алла Борисовнагийн хамтрагчид болон шүтэн бишрэгчид нь түүний гоолиг, шулуун бие галбирыг нь ярилцан, шуугилдаж байна. Тэр тусмаа Примадоннагийн хөл ихээхэн анхаарал татах болжээ. Дуучин илүүдэд жингийнхээ асуудлыг хэзээ ч нууж, хааж байгаагүй юм.
-Би илүүдэл жинтэй гэдгээ мэдэж байна. Гэхдээ ийм байх нь надад зүгээр байна. Би зураг авалтад зориулж л турдаг. Би азтай л даа. Намайг байгаагаар минь хайрладаг эртэй амьдарч байна. Зөв тохируулсан хувцас илүүдэл жингээ нуухад минь тусладаг. Турчихсан байна гэж бодогдохоор хувцаслаж чадна. Нүүр цайвар цаагаан болсон мэт будаж шунхдаж чадна, тэгвэл намайг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж бодох байх - хэмээн Алла “КП”-д өгсөн нэгэн ярилцлагадаа дурдаж байв.
 Гэвч өнөөдөр Пугачеваг харахад ямар ч будаг шунх, далдалсан хувцас харагдахгүй байгаа аж. Оросын эстрадын загалмайлсан эх саяхан нэгэн киноны нээлт дээр свитер цамц, бариу жинсэн өмдтэй иржээ. Бүгд л Аллагийн шулуун, нарийхан хөлийг харж гайхалдан, шивнэлдэж байв. Алла Борисовнаг мэддэг хүмүүсийн хэлж буйгаар, тэрээр 20 кг хаяжээ. Аллагийн дотны найз, бизнесмэн эмэгтэй Алина Радель Примадоннаг хэрхэн турсан талаар ийнхүү ярьжээ.
- Алла үнэхээр гоё харагдах болсон. Юуны түрүүнд, нөхөр, хүүхэдтэй жаргалтай байгаа болохоор тийм байх нь ойлгомжтой. Хоёрт, тэр хоолны дэглэм барьж турах аргыг өөр бодож олсон юм. Тэр энэ аргаа СССР гэж нэрлэсэн. Үүнийг сонсоод зөвлөлтийн үеийн тарчиг, хомс байдал санаанд орж байна уу. СССР гэдэг нь чихэрлэг, давслаг, баяжуулсан (сладкое, соленое, сдобное) хоол хүнсийг хориглоод дараа нь ачаагаа буулгах, хөнгөлөх (разгрузить) гэдэг үгний товчлол. Өөрөөр хэлбэл, дээрх гурван хүнснээс татгалзаж, дээр нь ногоо, жимс идэж биеэ хөнгөлнө гэсэн үг. Гэхдээ Алла баярын ширээнд суухдаа ходоодоо горьдоогоод суудаггүй, бялууг сайхан идэж л орхидог. Харин дараа нь нэг өдөр “ачаагаа хөнгөлөх” дэглэм барьчихаар бие галбир нь гоё хэвээрээ үлдчихдэг юм.