Sunday 16 March 2014



Ясаар хийсэн мотоцикл худалдаанд тавигдлаа


АНУ-ын Флорида мужийн иргэн Риз Мур амьтны ясаар хийсэн мотоциклоо дуудлага худалдаанд тавьжээ. Cowasaki хэмээх нэртэй болсон энэхүү тээврийн хэрэгсэл 55 мянган доллараар үнэлэгдэж байна. Мэдээж энэхүү ясан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож болохгүй, зөвхөн дурсгал, гангараа маягаар ашиглаж болох аж. Р.Мур хүүтэйгээ хамтран хэд хэдэн ийм мотоцикл хийсэн байна. Тэрээр 1990-ээд онд Хэллоуины баяраар ясан чимэглэл хийж өгдөг байжээ. Харин мотоцикл хийх ясаа хүүгийнхээ хамтаар хэдэн жилийн турш цуглуулжээ.

Tuesday 11 March 2014




Оросын эсрэг хориг арга хэмжээг энэ долоо хоногт авч магадгүй

Кремлийн эрх баригчид Крым дахь нөхцөл байдлыг намжаах саналд хариу өгөхгүй бол энэ долоо хоногт Оросын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдлээ. “Тэд нааштай хариу өгвөл Жон Керри Москвад очиж, хориг арга хэмжээг яаран авахгүй. Хэрвээ оросууд хариу өгөхгүй, эсвэл татгалзсан хариу өгвөл энэ долоо хоногтоо багтааж хориг арга хэмжээ авч магадгүй” хэмээн тэрээр онцолсон байна. Өчигдөр өрнөдийн улстөрчид Лондонд уулзаж хориг арга хэмжээнд орох оросуудын жагсаалтыг хэлэлцжээ.

Крым бүгд найрамдах улсын эрхтэйгээр Оросын бүрэлдэхүүнд орно

Хар далай дахь Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх шийдвэр Кремлийн дээд түвшинд алт хэдийнэ гарсан хэмээн “Газета” мэдээлэв. Крымийн хойг нь Оросын холбооны бүрэлдэхүүнд орос, крымийн-татар гэсэн албан ёсны хоёр хэлтэй бүгд найрамдах улсын хувиар орох бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албанд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Крымийг Оросын бүрэлдэхүүнд албан ёсоор оруулах асуудлыг гуравдугаар сарын эцэс гэхэд шийдэж дуусах зорилт тавьжээ. Крымийг нэгтгэх тодорхой хугацааг заагаагүй ч алгуурлах санаа байхгүй байна хэмээн бусад эх сурвалж баталж байна.

Жеки Чан Өмнөд Солонгосын поп хамтлагийн менежер болжээ

Холливудын алдарт жүжигчин Жеки Чан Өмнөд Солонгосын JJCC поп хамтлагийн менежер боллоо хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. Тус хамтлаг нь рэпчин PSY-ийн алдаршуулсан k-pop стилээр тоглодог аж. Хамтлагийн бүрэлдэхүүнд дөрвөн солонгос, нэг хятад, нэг австрали байдаг.

Жеки Чан тэдний анхны цомгийн продюсерээр ажиллахаар болжээ. Тус хамтлаг хонконг жүжигчнийг хүндэтгэж нэрнийх нь эхний үсгийг (J, C) хамтлагтаа өгсөн ажээ.  


Далай лам, цөллөгт өнгөрүүлсэн 55 жил

Түвдүүд Хятадын эзэрхэг засгийн эсрэг тэрслэн боссоны 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ бослого бүтэлгүйтсэний улмаас Түвдийн оюун санааны лидер, XIV Далай лам Данзанжамц төрөлх нутгаа орхин Энэтхэг рүү дүрвэсэн билээ. Тэрээр мөргөлдөөнийг зохицуулах энхийн арга замыг олж дөнгөсөнгүй, өсөж төрсөн газартаа дахин хөл тавьж чадсангүй хагас илүү зуун өнгөрчээ.
“Улс төрийн дарамт хавчлага, соёл уламжлалыг ижилсүүлэх, эдийн засгийн хувьд дорд үзэх, арьс өнгөөр ялгаварлах, нүүдэлчин ард түмнийг өөр газарт цөлөх, байгаль орчныг устгах зэрэг нь Хятадын Засгийн газрын эсрэг тэрслэн босох шалтгаан болсон” хэмээн Энэтхэгийн Дарамсала хотод төвтэй Түвдийн цөллөгийн Засгийн газрын парламентаас өчигдөр гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Сүүлийн таван жилд Түвд дахь Бээжингийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн 126 лам амьдаараа “Зулын гол” болсон юм. Тэдний 108 нь амь насаа алджээ.
Хятадын Засгийн газар Далай ламыг Түвдийг Хятадаас салган тусгаарлахыг хүсдэг, хүчирхийлэлд уриалагч, өдөөн турхирагч хэмээн “цоллосон” хэвээр байна. “Далай ламд хандах бидний үзэл огтхон ч өөрчлөгдөөгүй. Тусгаар тогтнол гэдэг нь шашны бурангүй улсыг буцааж авчирна гэсэн үг” хэмээн Түвдийн бүс нутгийг Ардын дээд чуулганд төлөөлдөг Бадма Чойлин мэдэгдсэнийг “China Daily сонин иш татжээ.
Буддын шашны лидер “Дундын зам” буюу Хятад улс дотор Түвдэд автономит бүрэн эрх олгох энхийн санаачилгыг хэдэн жилийн өмнөөс ярих болсон билээ. Түвдэд илүү их эрх чөлөө олгосноор шашын болон ард түмний эрх ашгийг хамгаалж чадна хэмээн тэрээр үздэг.
Коммунист удирдагч Мао Зедуны цэргүүд Түвдийн ард түмнийг “хаант засгийн дарлалаас чөлөөлөх” нэрийн дор 1950 оны аравдугаар сард Түвдэд нэвтрэн орж эзэлжээ. Олон сонголтгүй болсон Түвдийн эрх баригчид Далай ламын улс төрийн манлайлал дор бүс нутгийн улс төр, шашны бие даасан байдлыг хадгалах тохиролцоог Бээжингийн Засгийн газартай хийлээ. Гэвч нөхцөл байдал санаснаар болсонгүй.

1959 оны гуравдугаар сарын 10-нд Америкийн нууц албаны сургагчдаас заавар авсан түвд иргэд Хятадын эзэрхийллийн эсрэг зэвсэг барин тэрслэн боссон ч бүтэлгүйтсэн юм. Хятадын коммунист армийн эсрэг тулалдаанд хэдэн мянган түвд босогч амь үрэгдэж, хэдэн зуун сүм хийд үнсэн товрог болжээ. Далай лам тэргүүтэй хэсэг түвд иргэн Энэтхэг рүү зугтаан гарч Дарамсалад ирж суурьшжээ. Тэр цагаас хойш Далай лам Түвдийн хувь заяаны асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах гэж хичээж ирсэн ч төдийлэн амжилт олохгүй байна.

Monday 10 March 2014



Хараагүй хүмүүс дуу авианы тусламжтайгаар харж сурна

Хараагүй хүмүүсийг дуу авианы тусламжтайгаар харахад сургаж болно хэмээн Израилийн эрдэмтэд баталж байна. Энэ талаарх эрдэм шинжилгээний материал Current Biology сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд дүрс, дүрслэлийг дуу авианд шилжүүлэх програмыг зохион бүтээж чадсан ажээ. Далайн гахай болон сарьсан багваахайн дуу авиаг мэдрэх чадварыг ашиглан энэ механизмийг зохион бүтээсэн байна. Хараагүй хүмүүст энэ програмыг ашиглах сургалт явуулсны дараа тэд урдаа байгаа хүмүүсийн дүрс, зогсолтын байрлалыг “хардаг” болох аж.  

Элсэн чихрийн хэрэглээгээ багасгахыг сануулж байна

Тө өдөрт хэдэн гр элсэн чихэр хэрэглэдэг вэ? Ер нь мэдэхгүй байх л даа. Хүний өдөрт идэж буй хоол хүнсний таваас илүүгүй хувьд нь элсэн чихэр байх ёстой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт 25 гр-аас илүүгүй (зургаан жижиг халбага) элсэн чихэр хэрэглэж байвал эрүү саруул байх юм. Энэ хязгаараас хэтэрвэл таргалах, шүд цоорох өвчинд нэрвэгдэх магадлал ихсэх ажээ.

Бидний хэрэглэж, залгиж буй элсэн чихрийн багагүй хэсэг нь нуугдмал байдаг ажээ. Жишээ нь, нэг халбага кетчупэнд дөрвөн гр элсэн чихэр агуулагдаж байдаг. Чихэрлэг болгосон нэг литрийн шүүсэнд 40 гр элсэн чихэр байдаг ажээ.