Далай лам, цөллөгт өнгөрүүлсэн
55 жил
Түвдүүд Хятадын эзэрхэг засгийн
эсрэг тэрслэн боссоны 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ бослого
бүтэлгүйтсэний улмаас Түвдийн оюун санааны лидер, XIV Далай лам Данзанжамц төрөлх
нутгаа орхин Энэтхэг рүү дүрвэсэн билээ. Тэрээр мөргөлдөөнийг зохицуулах энхийн
арга замыг олж дөнгөсөнгүй, өсөж төрсөн газартаа дахин хөл тавьж чадсангүй
хагас илүү зуун өнгөрчээ.
“Улс төрийн дарамт хавчлага,
соёл уламжлалыг ижилсүүлэх, эдийн засгийн хувьд дорд үзэх, арьс өнгөөр ялгаварлах,
нүүдэлчин ард түмнийг өөр газарт цөлөх, байгаль орчныг устгах зэрэг нь Хятадын
Засгийн газрын эсрэг тэрслэн босох шалтгаан болсон” хэмээн Энэтхэгийн Дарамсала
хотод төвтэй Түвдийн цөллөгийн Засгийн газрын парламентаас өчигдөр гаргасан
мэдэгдэлд онцолсон байна.
Сүүлийн таван жилд Түвд дахь
Бээжингийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн 126 лам амьдаараа “Зулын гол”
болсон юм. Тэдний 108 нь амь насаа алджээ.
Хятадын Засгийн газар Далай
ламыг Түвдийг Хятадаас салган тусгаарлахыг хүсдэг, хүчирхийлэлд уриалагч, өдөөн
турхирагч хэмээн “цоллосон” хэвээр байна. “Далай ламд хандах бидний үзэл огтхон
ч өөрчлөгдөөгүй. Тусгаар тогтнол гэдэг нь шашны бурангүй улсыг буцааж авчирна
гэсэн үг” хэмээн Түвдийн бүс нутгийг Ардын дээд чуулганд төлөөлдөг Бадма Чойлин
мэдэгдсэнийг “China Daily” сонин иш татжээ.
Буддын шашны лидер “Дундын зам”
буюу Хятад улс дотор Түвдэд автономит бүрэн эрх олгох энхийн санаачилгыг хэдэн
жилийн өмнөөс ярих болсон билээ. Түвдэд илүү их эрх чөлөө олгосноор шашын болон
ард түмний эрх ашгийг хамгаалж чадна хэмээн тэрээр үздэг.
Коммунист удирдагч Мао Зедуны
цэргүүд Түвдийн ард түмнийг “хаант засгийн дарлалаас чөлөөлөх” нэрийн дор 1950
оны аравдугаар сард Түвдэд нэвтрэн орж эзэлжээ. Олон сонголтгүй болсон Түвдийн
эрх баригчид Далай ламын улс төрийн манлайлал дор бүс нутгийн улс төр, шашны
бие даасан байдлыг хадгалах тохиролцоог Бээжингийн Засгийн газартай хийлээ.
Гэвч нөхцөл байдал санаснаар болсонгүй.
1959 оны гуравдугаар сарын
10-нд Америкийн нууц албаны сургагчдаас заавар авсан түвд иргэд Хятадын
эзэрхийллийн эсрэг зэвсэг барин тэрслэн боссон ч бүтэлгүйтсэн юм. Хятадын
коммунист армийн эсрэг тулалдаанд хэдэн мянган түвд босогч амь үрэгдэж, хэдэн
зуун сүм хийд үнсэн товрог болжээ. Далай лам тэргүүтэй хэсэг түвд иргэн Энэтхэг
рүү зугтаан гарч Дарамсалад ирж суурьшжээ. Тэр цагаас хойш Далай лам Түвдийн
хувь заяаны асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах гэж хичээж ирсэн ч
төдийлэн амжилт олохгүй байна.
No comments:
Post a Comment