Sunday 19 March 2017



Ким Чен Намын үхэлд өндөр албан тушаалтныг сэжиглэж байна

Малайзын хууль хяналтын байгууллагууд Хойд Солонгосын лидерийн ах Ким Чен Намын үхэлд хэд хэдэн этгээдийг шинээр сэжиглэж тэдний хэн болохыг тогтоогоод байна хэмээн цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар мэдэгдэв. “Энэ хэрэгт шинэ сэжигтэн нэмэгдсэн. Тэдний дунд хойдсолонгосчууд ч байгаа. Тэднийг баривчлахын тулд бид хууль эрхийн бүх механизмыг ашиглана” хэмээн Халид ярилаа. Малзайын цагдаагийн газар шинэ сэжигтнүүдийн нэрийг зарлахгүй гэсэн ч тэдний дунд өндөр албан тушаалтан байгаа хэмээн мэдэгдлээ.
Ким Чен Нам Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр хоёр эмэгтэйн довтолгоонд өртөн амиа алдсан билээ. Тэд хорт зүүгээр хатгаж хордуулаад зугтаж алга болсон аж. Малайзын цагдаа тэдгээр бүсгүйг Хойд Солонгосын тагнуулууд хэмээн хардаж байна. Ким Чен Намын цогцос хоёрдугаар сарын 13-наас хойш шарил хадгалах газарт байсаар байгаа аж. Түүний биеэс өөр хүний нэртэй паспорт гарч ирсэн тул түүнийг Ким Чен Нам гэж шууд баталж, таньж чадахгүй байгаа ажээ. 




Стивен Хокингийг сансарт нисэхийг урьжээ

Британийн нэртэй одон орон судлаач, физикч Стивен Хокинг сансарт нисэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Булчин хөших өвчнөөр шаналж буй 75 настай физикч сансарт ниснэ гэж хэзээ ч бодож байгаагүй гэдгээ Good Morning Britain нэвтрүүлэгт орохдоо хэлжээ. Британийн тэрбумбан, бизнесмэн Ричард Бренсон түүнийг сансарт нисэхийг урьсан аж. “Гурван хүүхэд минь надад зөндөө баяр баясгалан бэлэглэж байсан. Намайг юу аз жаргалтай болгох вэ? Тэр бол сансарт нисэх. Сансарт ниснэ гэж хэзээ ч бодож байсангүй. Харин Ричард Бренсон надад Virgin Galactic хөлгөөр сансарт нисэх санал тавихад би шууд л “Тэгье” гэж хариулсан” хэмээн нэрт эрдэмтэн ярьжээ. Стивен Хокинг нь сансар судлал, хар нүхний талаарх судалгаа, таамаглалаараа ихэд алдаршсан юм.

Мод унаж 20 хүний аминд хүрлээ

Гана улсын алдарт Кинтампо хүрхрээнд шумбаж байсан хүмүүс дээр том мод унасны улмаас 20 орчим хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь сургуулийн сурагчид аж. Мөн хэд хэдэн жуулчин байгаа хэмээн Гана улсын цагдаагийн газрын дарга Десмонд Бовус мэдэгдлээ. Хүмүүс хүрхрээний усанд орж байх үеэр шуурга дэгдэж байгалийн ургаа мод үндсээрээ булгарч унасан байна. Аврагчид ослын газар ажиллаж гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Аврагчид цахилгаан хөрөө ашиглаж модонд дарагдсан хүмүүсийг гаргаж авчээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь орон нутгийн сургуулийн ахлах ангийн сурагчид байжээ.

Мартин Шульц Социал-демократ намыг удирдана

Германы Социал-демократ нам ээлжит бус их хурлаараа Европарламентын тэргүүн асан Мартин Шульцийг даргаараа сонгож, Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлерийн сонгуульд нэр дэвшигчээр батламжиллаа. Намын их хурлын 608 төлөөлөгчийн 605 нь түүнийг дэмжжээ. Тэрээр Социал-демократ намыг удирдаж байсан Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриелийн халааг авчээ. Габриель канцлерийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж Шульцийг санал болгосон юм.
Германы парламентын сонгууль есдүгээр сарын 24-нд болно. Мартин Шульцийн гол өрсөлдөгч нь одоогийн канцлер Ангела Меркел. Тэрээр консерватив Христосын ардчилсан намаас дөрөв дэх удаагаа канцлерийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Мартин Шульц 1955 онд төржээ. Гимназид муу сурсан тэрээр их сургуульд орж боловсрол эзэмшиж чадаагүй аж. Залуудаа киноны наймаачин байсан Шульц дараа нь номын дэлгүүртэй болжээ. 1974 онд Германы Социал-демократ намд элсч, 1987-1998 онд Вурзелен хотын даргаар ажилласан байна. 1999 онд намын удирдах зөвлөлд сонгогдож, 1994 оноос хойш Европарламентын даргаар хоёр удаа сонгогдон ажиллажээ.

Жоли, Питт нар оливийн тос наймаална

Брэд Питт, Анжелина Жоли нар Францын Шато Миравал дахь эдлэн газарт үйлдвэрлэсэн оливийн тосыг худалдаанд гаргахаар болжээ. Франц эр Перрений гэр бүлийн хамтаар боловсруулсан чидун жимсний тосыг Франц дахь гэр бүлийн жижигхэн хоёр дэлгүүрээр, мөн тусгай веб сайтаар худалдан борлуулах аж. Шато Миравал эдлэнгийн оливийн тосыг бага хэмжээгээр үйлдвэрлэх ч хэдэн долоо хоногийн дараа АНУ-д борлуулах боломжтой болох юм. People сэтгүүл мэдээлж буйгаар, Жоли, Питт нар 10 мянган лонх оливийн тосыг худалдаанд гаргах бололтой. Холливудын хамгийн алдартай хосын салах үйл явц үргэлжилж, хамтын хөрөнгөө хэрхэн хувааж авахыг шүүх шийдэхээр болсон. Тэд Франц дахь эдлэн газраа дуудлага худалдаанд тавьсан гэх яриаг Перрений гэр бүл няцаажээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр, Шато Миравал эдлэнг Жоли Брэд нар хүүхдүүддээ үлдээж байгаа аж.

Катарын иргэд Лондон дахь үл хөдлөх хөрөнгийн ихэнхийг эзэмшдэг

Катарын хөрөнгө оруулагчид Лондон хотод ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна хэмээн Telegraph сонин мэдээлэв. Катарын Qatar Investment Authority групп болон Америкийн хөрөнгө оруулалтын Brookfield группын харъяанд байдаг Canary Wharf Group хөрөнгө оруулалтын фирм Их Британийн нийслэлд хоёр сая кв м талбай бүхий барилга байшинг эзэмшиж байна. Катарын Засгийн газар гэхэд л Лондонд 167 мянган кв м үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна. Лондоны үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Катар улс ноёлж байна хэмээн тус сонинд бичжээ. Арба тэрбумтнууд дэлхийн хөрөнгийн зах зээлийн төв болсон Лондонд үл хөдлөх хөрөнгө, барилга байшин худалдаж авах моод дэлгэрээд байгаа аж.
Их Британийн хатан хаан II Элизабет 780 мянган кв м талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг. Qatar Investment Authority групп өнгөрсөн онд Их Британи дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 34 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийсэн хэмээн тус группын тэргүүн, шейх Хамад бин Ясин бин Жабер аль-Тани мэдэгдлээ.

Израиль улс Сирийн хамгаалалтын системийг устгана хэмээн амлав


Сирийн тал Израиль улсын эсрэг дахин пуужин харвасан тохиолдолд Сирийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг устгана хэмээн Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман мэдэгдлээ. “Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем Израилийн нисэх онгоцуудыг дахин довтолсон тохиолдолд тэдний хамгаалалтын системийг шууд устгах болно. Ямар ч буулт, болзол тавилгүйгээр шууд устгана” хэмээн Либерман нэгэн цэргийн бааз дээр үг хэлэхдээ онцолжээ. Сири улсаас Ливан руу зэвсэг нийлүүлэх боломжтой болсон нь Израилийг түгшээж байна. Тель-Авив Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцох бодолгүй байгаа ч Ливанд зэвсэг нийлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдлээ. Гуравдугаар сарын 17-нд Израилийн нисэх хүчний онгоцууд Сири дахь байгууламжийг довтлох үеэр пуужингийн довтолгоонд өртсөн юм. Ливан дахь “Хезболла” бүлгийнхний гарт зэв зэвсэг оруулахгүйн тулд урьдчилан сануулж довтолсон хэмээн Ерөнхий сайд Б.Нетаньяху ярьжээ. 

Wednesday 15 March 2017




Роналдогийн найз бүсгүй хүүхэд асрагч байжээ

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Кристиано Роналдогийн шинэ найз бүсгүй Жоржина Родригес (22 настай) саяхныг хүртэл Их Британид хүүхэд асрагчийн ажил хийж байсан нь ил болов. Тэрээр 2015 оны сүүлч хүртэл Английн Бристол хотод нэгэн гэр бүлд хүүхэд харж байсан тухай хэвлэлд бичжээ. Жоржина тэр оныхоо аравдугаар сард нэгэн сонин дээр ажил хайж буй тухай зар тавьсан аж. Учир нь хүүхдээ харуулж байсан гэр бүл гадаад руу шилжихээр болсон тул тэрээр дахин ажил хайх хэрэгтэй болжээ. Удалгүй дэлхийн баян хөлбөмбөгчтэй танилцаад хүүхэд асрагч хийхээ больсон юм. Тухайн үед ажил хайж байсан испани бүсгүй “Би Бристолд нэгэн гэр бүлийн ихэр хүүхдийг хардаг. Энэ гэр бүл гадаад руу явахаар болсон тул би өөр ажил хайж байна. Миний англи хэл тийм ч сайн биш. Гэвч би богино хугацаанд сайжирч чадна. Үүнээс гадна би гэрийн ажилд туслахад бэлэн” хэмээн бичиж байжээ. Жоржина Үнсгэлжин шиг гэр цэвэрлэж байхдаа загвар өмсөгч болохоор оролдож байсан аж. Үзэсгэлэнтэй испани бүсгүй Dolce & Gabbana-гийн нэгэн арга хэмжээн дээр хөлбөмбөгч Роналдотой танилцжээ. 2016 онд хүүхэд асрагч, гэр цэвэрлэгчийн өөр ажил хайж байсан бүсгүйн хувь заяа өөрөөр эргэлээ. Эдүгээ Жоржина Родригес хамгийн сайн багш хөлсөлж англи хэл сурах боломжтой болов. Загвар өмсөгчийн ажилдаа төвлөрч, нэртэй загварын шоуны тайзан дээр гарах замаа засч явна. Кристиано Роналдогийн найз бүсгүй байж, хэвлэлийн мэдээллийн дуранд өртөнө гэдэг нь өөрөө нэг ажил, мэргэжил ажээ. 

Monday 6 March 2017



Хойд Солонгосын элчин сайдын яамыг бүслэв

Малайзын эрх баригчид нийслэл Куала-Лумпур дахь Хойд Солонгосын элчин сайдын яамны байрыг бүсэлжээ. Тэнд байгаа Хойд Солонгосын дипломат ажилтнуудын тоог гаргахын тулд ийм арга хэмжээ авсан байна. Малайзын тал Хойд Солонгосын иргэдийг улс орныг орхин гарч явахыг хориглоод байна. Пхеньяны эрх баригчид улс орондоо байгаа Малайзын иргэдийг гарч явахыг хориглосны хариуд Куала-Лумпур ийм арга хэмжээ авч байгаа хэмээн Малайзын Дотоод хэргийн сайд Нур Мохамед ярьжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр хорлогдон амиа алдаж, үүнд Пхеньяныг буруутгасны улмаас хоёр улсын харилцаа муудаад байна.

Дөрвөн жилийн дотор 13 халдлагаас сэргийлжээ

Их Британийн аюулгүй байдлын албад 2013 оны зургадугаар сараас хойш 13 томоохон халдлагаас урьдчилан сэргийлсэн хэмээн Скотланд-Ярдын комиссарын туслах Марк Роули мэдэгдлээ. Энэ хугацаанд цагдаа нар терроризмын эсрэг 500 гаруй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Сэжигтэй этгээдүүдийг мөрдөн шалгах, 13 томоохон халдлагаас урьдчилсан сэргийлэхэд жирийн иргэдийн мэдээлэл ихээхэн тустай байсныг Роули онцлон тэмдэглэв. Зарим иргэд болзошгүй халдлагын талаар цагдаагийн газарт мэдээлэх эсэхдээ эргэлзэж байсан аж. Роули британичуудад хандаж санаа зовоосон, сэжигтэй зүйлсийн талаар цагдаагийн газарт хандахдаа эргэлзэж, айхгүй байхыг уриалжээ. Ирак, Сири дахь лалын дайчдын үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотойгоор 2014 онд Их Британид террорист аюул ноцтой заналхийлж байна хэмээн үзэж сонор сэрэмжээ дээшлүүлсэн билээ. Томоохон халдлага үйлдэгдэж магадгүй хэмээн үзэж аюулын зэрэглэлийг дөрөвдүгээр буюу “Ноцтой” гэсэн түвшинд зарлаж байв. Халдлага үйлдэгдэх нь гарцаагүй гэж үзсэн тохиолдолд аюулыг хамгийн дээд буюу тавдугаар түвшинд зарладаг ажээ.

Швейцарь дэлхийн хамгийн сайхан орон

US News &World Report фирм, Moody's агентлаг хамтран дэлхийн хамгийн шилдэг, амьдрахад таатай орнуудын жагсаалтыг гаргажээ. Аялал жуулчлалын хөгжил, шинэ технологи, соёл, эдийн засгийн өсөлт, бизнест аль хэр нээлттэй зэрэг шалгуурыг голлосон аж. 80 орчим улс орныг энэ жагсаалтад багтаахад Швейцарь улс нэгдүгээрт бичигджээ. Араас нь Канад, Их Британи, Герман, Япон, Швед, Америк орсон байна. Орос 27-д жагсав. Улс орнуудыг эдийн засгийн өсөлт, хөгжлөөр жагсаахад Арабын нэгдсэн эмират, Сингапур, Энэтхэг эхний гуравт орлоо. Бизнест хамгийн нээллтэй улсуудыг Сингапур, Швейцарь, Америк тэргүүлсэн байна. 


Д.Трамп цагаачлалын талаарх шинэ зарлигийг баталлаа

Ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Суданы иргэдийг АНУ-д орохыг нь 90 хоногийн хугацаагаар хориглосон шинэ зарлигт гарын үсэг зурлаа. Лал шашинтан давамгайлсан улс орны иргэдэд ийнхүү хориг тавьсан нь хүний эрхийн байгууллагуудын эгдүүцлийг хүргээд байна. Цагаачлалын бодлогын талаарх Трампын өмнөх тушаалыг холбооны шүүхээс түдгэлзүүлээд байсан юм. Өмнөх зарлигаас ялгаатай нь хар жагсаалтаас Ирак улсыг хасчээ. Нэгэнт олгоод байгаа виз, эсвэл АНУ-д түр оршин суух эрхийг цуцлахгүй, тэдгээрийг эзэмшигчдийг АНУ-д нэвтрэх, эсвэл тэнд үлдэхийг зөвшөөрч байгаа аж. Дайн, байлдаантай байгаа бүс нутгийн дүрвэгчдийг АНУ-д хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаагаар зогсоожээ. Сирийн дүрвэгсдийг хүлээн авахыг бүрэн хориглосон шийдвэрийг шинэ зарлигт тусгасангүй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Лалын террористууд эвдлэн сүйтгэх зорилгоор ашиглаж болох эмзэг, хэврэг байдлыг устгахын тулд ийм зарлиг гаргаж байгаа” хэмээн тайлбарлав. Цагаачлалын бодлогын талаарх шинэ зарлиг гуравдугаар сарын 16-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж. Өмнөх зарлигийн дараа нисэх онгоцны буудлууд дээр үүсч байсан эмх замбараагүй байдлаас сэргийлэхийн тулд ийнхүү хэрэгжилтийг нь хэд хоногийн нөөцтэй зарлаж байгаа ажээ.
Дональд Трамп нэгдүгээр сарын сүүлчээр долоон улсын иргэдийг АНУ-д орохыг хориглосон зарлиг гаргаж тэр дороо хэрэгжиж байсан билээ. “Хоригийг долоо хоногийн өмнө зарласан бол долоо хоногийн дотор бүх “муу санаатнууд” манай улсад ороод ирэх биз. Муу хүмүүс хаа сайгүй байна” хэмээн Трамп анхны шийдвэрээ Твиттерээр тайлбарлаж байв. Түүний эхний тушаалын бас нэг маргаантай зүйл нь ногоон карт эзэмшигч лал шашны иргэдийг хориг арга хэмжээнд хамруулсан явдал байв. Ногоон карттай байна гэдэг нь АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл гэсэн үг.
Цагаачлалын талаарх Трампын бодлогыг НҮБ болон хүний эрхийн байгууллагууд ихээхэн шүүмжилсэн. АНУ-ын ч, гадаадын ч төр, нийгмийн зүтгэлтнүүд түүний бодлогыг хатуу шүүмжилж буруутгаж байлаа. Үүний дараа Нью-Йорк дахь холбооны тойргийн шүүх Америкийн визтэй цагаачдыг АНУ-ын нисэх онгоцны буудлуудаас буцаах шийдвэрт түр хориг тавьсан юм. Хоёрдугаар сарын 4-нд Сиэтл дахь холбооны шүүхээс Дональд Трампын зарлигийн үйлчлэлийг бүрэн зогсоож, долоо хоногийн дараа Сан-Францискогийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ.

Saturday 4 March 2017



Барьцаалагдсан герман иргэнийг хөнөөжээ

Өнгөрсөн долоо хоногт лалын хэв даврагч “Абу-Саяф” бүлгийнхэнд цаазлуулсан Германы иргэн Юрген Кантнерийн цогцсыг Филиппины цэргүүд олжээ. Цогцсыг босогчдын Сулу ольтригийн нэг арал дээрээс олсон байна. Зохих бичиг баримтын бүрдүүлсний дараа түүнийг эх орон руу нь илгээх аж. 70 настай Юрген Кантнер өнгөрсөн арваннэгдүгээр сард Малайзын эрэг дээрээс дарвуулт хөлгөн дээрээсээ барьцаалагдсан юм. Түүний эхнэр Сабина Мерцийг дарвуулт хөлөг дээр хөнөөгөөд орхисон байв. Лалын босогчид Кантнерийн төлөө 600 мянган доллар нэхэж байсан аж. Хэлэлцэгч тал шаардсан мөнгийг өгөхөөс татгалзсан тул түүнийг цаазалсан бололтой. Кантнер, Мерц нар 2008 онд Сомалийн далайн дээрэмчлэд хулгайлагдаж 52 хоногийн дараа золиосны мөнгө төлөгдөн суллагдаж байв. Филиппинд байдаг “Абу-Саяф” бүлэг 2014 онд “Исламын улс” бүлэгт үнэнч гэдгээ тангараглаж байжээ. Тэд гадаадын иргэдийг хулгайлж золиосны иөнгө нэхдэгээрээ алдаршсан юм.

Эрүүл мэндийн төсвийг хасч буйг эсэргүүцэв

Их Британийн олон мянган иргэн Лондоны гудамжинд гарч Үндэсний эрүүл мэндийн системийн төсвийг хасч байгааг эсэргүүцэн жагсчээ. Жагсаалд эмч, сувилагч нар оролцсон байна. Засгийн газрын төсвийн бодлогын хүрээнд Английн эмнэлгүүдийн гуравны хоёр нь ард иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ хумих хэрэгтэй болж байгаа аж. Эрүүл мэндийн яам энэ онд эрүүл мэндийг сахиулах үйлст нэмж дөрвөн тэрбум паунд гаргана гэсэн ч эмч, сувилагч нар үүнийг хангалтгүй хэмээн үзэж байна. Лондоны гудамжинд 250 мянган хүн гарч эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид парламентын ордны өмнө ирж цуглаан хийснээр дуусчээ. Үндэсний эрүүл мэндийн сиситемийн захиргаа, хэмнэсэн хөрөнгө мөнгийг мужийн эмнэлгийн үйлчилгээнд зарцуулна хэмээн мэдэгдэв. Засгийн газар, эрх баригч консерватив нам энэ талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.

Хойд Солонгосын элчин сайдыг “Тааламжгүй этгээд”-ээр зарлав


Малайз улс Хойд Слонгосын элчин сайд Кан Чхолийг “Тааламжгүй этгээд”-ээр зарлаж 48 цагийн дотор улс орныг орхин гарахыг шаардлаа. Ким Чен Намын үхлийн талаарх зарим зүйл тодорсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Элчин сайд Кан Чхол “Бид Малайзид итгэх аргагүй боллоо. Удирдагчийн ах Ким Чен Намын үхлийн шалтгааныг судлан шалгаж байгаа Малайзын эрх баригчид энэ хэргийг улс төржүүлж байна” хэмээн мэдэгджээ. Энэ мэдэгдэл Куалу-Лумпурт шуугиан дэгдээж, Малайзын Гадаад хэргийн сайд Аниф Аман түүнийг дипломат ёс зүйг зөрчсөнийхөө төлөө уучлал гуйхыг шаардсан юм. Гэвч тэрээр уучлал гуйхаас татгалзжээ. Ким Чен Намыг Куалу-Лумпурын нисэх онгоцны буудал дээр Макао  явахаар зэхэж байхад нь хоёр эмэгтэй нүүрэнд нь VX хэмээх мэдрэлийн системийг зогсоож саажуулдаг хор тзрхэж аминд нь хүрсэн юм. Хойд Солонгосын эрх баригчид үүнд ямар ч хамаагүй хэмээн мэдэгдсээр байна. Харин Өмнөд Солонгос болон АНУ энэ аллагын ард Пхеньяны эрх баригчид байгаа хэмээн үзжээ. 


Хятадын эдийн засаг 2017 онд 6.5 хувиар өснө

Хятадын эдийн засаг 2017 онд 6.5 хувиар өсөх дүн гарсан нь сүүлийн 26 жилийн хамгийн доод үзүүлэлт болж байна. БНХАУ-ын 2017 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрт ийм таамаглал багтжээ. “Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 хувиар өснө. Гэвч бодит байдал дээр бид илүү их үр дүнд хүрэхийг эрмэлзэх болно” хэмээн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит их хурлын нээлтийг угтаж гаргасан Шинэчлэл, хөгжлийн хорооны илтгэлд онцолсон байна. Хятадын улсын статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, 2016 онд ДНБ-ий өсөлт 6.7 хувьтай байсан нь 2015 оныхоос (6.9 хувь) буурсан үзүүлэлт ажээ. Эрх баригчид 2016 оны эхээр ийм өсөлтийг таамаглаж байсан нь ёсоор болсон юм.
2017 онд инфляц 3.1, хот суурин дахь ажилгүйдэл 4.5 хувьтай байна, харин Хятадын төрийн төсвийн алдагдал 2.38 их наяд (346 тэрбум доллар) буюу ДНБ-ий гурван хувьтай тэнцэнэ хэмээн тооцоолжээ.
БНХАУ-ын хууль сахиулах дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар их хурал ням гаригт Бээжин хотод эхэлсэн юм. Гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх тус их хуралд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн гурван мянга орчим төлөөлөгч, төрийн тэргүүлэх байгууллага, компанийн удирдагчид оролцож байна. Их хурлыг нээж Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх илтгэл тавьжээ. Эхний өдөр Ардын төлөөлөгчдийн хурлын тэргүүлэх байгууллагууд, прокурорын газрууд, ардын шүүх болон бусад байгууллагуудын илтгэлийг сонсож хэлэлцсэн байна.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын өмнө албан ёсны төлөөлөгч Фу Ин Хятад улсын цэргийн төсөв энэ онд шууд 7.1 хувиар нэмэгдэж ДНБ-ий 1.3 хувьд хүрч байгааг мэдэгджээ. Бусад улс оронтой өрсөлдөж, заналхийлж айлгахын тулд биш, харин төр, улсын аюулгүй байдлыг сахиулах үүднээс цэрэг, батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлж байгаа гэв. Хятадын цэргийн төсөв нь дэлхийд АНУ-ын дараа ордог билээ. 2015 оны есдүгээр сард Хятадын лидер Си Зиньпин “2017 оны төгсгөлд манай улс зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнийг 300 мянган хүнээр багасгана” хэмээн мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч хоёр сая цэрэгтэй Хятадын арми дэлхийн томоохон зэвсэгт хүчин хэвээр үлдэж байгаа ажээ. 

Wednesday 1 March 2017




Домогт хөлбөмбөгчийн хүү хэрэгт холбогджээ

Бразилийн домогт хөлбөмбөгч Пелегийн хүү Эдиньо бохир мөнгө угаасан, хар тамхины биенестэй холбогдсон хэргээр хоригдож байгаа. Тэрээр давж заалдах өргөдөл гаргаж, хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргасныг ёсоор болгож түүнийг түр суллаад байна. Шүүхээс түүнд 33 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Хэргийг дахиж шалгасан ч түүнийг цагаатгахгүй, харин ялыг нь 12 жил болгон бууруулах бололтой. Эдиньо хоёрдугаар сарын 24-ноос эхлэн хоригдож байна.
Эдиньо Бразилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хаалгаж хийж явжээ. 1999 онд спортын замналаа өндөрлүүлсний дараа авто уралдаанд оролцож хүний амь насанд хүрсэн хэргээр зургаан жилийн ял сонсож байв. 2005 онд шоронгоос гарсан ч 2006 онд хар тамхины хэргээр дахин шийтгүүлжээ.

Халдлага үйлдэх гэж байсан дөрвөн этгээдийг баривчлав

Францын нийслэл Парисын дагуул хотоос халдлага үйлдэхээр төлөвлөж байсан дөрвөн этгээдийг илрүүлэн баривчиллаа хэмээн Reuters агентлаг цагдаагийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Парисаас зүүн зүгт орших Клиши тосгонд баривчилгаа болж нэг гэр бүлийн дөрвөн гишүүнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлээд байна. Тэдний гэрээс тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг бодис, материалыг хурааж авчээ. Хэд хоногийн өмнө өөр дөрвөн этгээдийг халдлага үйлдэхээр завдаж байсан хэмээн баривчилсан юм. Тэдний нэг нь 16 настай охин байжээ. 2015 оны сүүлчээр Парист аймшигтай цуврал халдлага болж олон зуун хүн амь насаа алдсаны дараа цагдаа, тусгай хүчнийхэн байнгын бэлэн байдалд ажиллаж, сэжигтэй хүмүүсийг илрүүлэн баривчилсаар байгаа юм.

М.Жексоны Neverland-ийг хямдруулан худалдана

Подын хаан Майкл Жексоны эзэмшиж байсан Калифорни дахь Neverland эдлэн газрыг анхны үнийг нь 33 хувиар бууруулан дахин дуудлага худалдаагаар оруулахаар боллоо хэмээн Wall Street Journal мэдээлэв. Калифорни мужийн Санта-Барбара хотоос 65 км-т орших Neverland-ийг 98 сая доллараар үнэлэн дуудлага худалдаанд оруулсан ч худалдан авагч олдоогүй юм. Одоо үнийг нь 67 саяаас эхлэн дуудахаар болов. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Coldwell Banker Previews International компани попын хааны эдлэн газрыг хоёр жилийн өмнө дуудлага худалдаанд тавьж байсан юм. 2016 оны зун тус газрыг дуудлага худалдаанаас эргүүлэн татсан ба эдүгээ хямдруулсан үнээр худалдан авагчдад санал болгож байгаа аж.
Майкл Джексон Neverland-ийг 1987 онд 19,5 доллараар худалдан авч тэндээ 15 жил амьдарчээ. Тус эдлэн газар нь 903 га талбайтай, дуучны амьдарч байсан харш, мөн цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоом, сонин хачин амьтадтай хүрээлэн байрлаж байв. 2008 онд Жексон эдлэн газартаа 24 сая долларын хөрөнгө оруулалт хийж, дараа нь Colony Capital компани тус газрыг 23 сая доллараар худалдан авч дуучны өв залгамжлагчдын хамтаар эзэмших болсон юм. Майкл  Жексон 2009 оны зун нас барсны дараа Neverland эдлэн хоосорч, тоглоомуудыг буулгаж, амьтдыг нь цирк болон хувь хүмүүст худалджээ. Дараа нь тус эдлэнд засвар хийж Sycamore Valley Ranch хэмээн нэрлэжээ. Эдүгээ тэнд 22 байшин барилга, нэг царигтай төмөр зам, буудал байна.  

Нууц баримт, материал алдагдах нь хоёр дахин ихэсчээ

АНУ-д нууц баримт, материал алдагдах нь явдал 2016 онд өмнөх оноос хоёр дахин ихэсчээ. Тус улсын Хууль зүйн яамны албан ёсны тоо баримт үүнийг гэрчилж байгаа аж. Өнгөрсөн онд АНУ-ын төрийн албаны нууц баримт алдагдсан 37 тохиолдол бүртгэгдсэн байна. 2015 онд энэ үзүүлэлт 15 байсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа руу чиглэсэн, тэднийг ОХУ-тай хуйвалдсан гэх мэдээ материал ихээхэн тарж байгаа. Цагаан ордны нэр хүндийг унагах зорилготой нууц баримт материалыг хэвлэлд мэдээлэлд тарааж буй нь өмнөх Ерөнхийлөгч Барак Обама болон тэдний хүрээлэлтэй холбоотой хэмээн Трамп үзэж байна. “Трамп үүний ард зогсож байгаа гэж үзэж байна. Зарим мэдээлэл тэдний хүрээний хүмүүсээс гарсан байх магадлалтай. Нууц мэдээлэл ийнхүү алдагдаж байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдалд муу нөлөөтэй” хэмээн Ерөнхийлөгч Fox News телевизэд ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгоход 20 тэрбум доллар шаардлагатай


Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана хэрэм босгоход одоогоор 20 сая доллар л гаргах боломжтой байна хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлэв. Хууль бус цагаачлал, хар тамхи, хүний наймаанаас сэргийлнэ гэж байгаа хилийн хана хэрмийг босгоход 21.6 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм. Одоогоор Аризона мужийн Нако хотын ойролцоох хилийн хамгаалалт болон тусгай камер суурилуулахад 20 сая доллар л гаргах боломжтой байгаа хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ төсөлд нэмэлт хөрөнгө гаргуулахын тулд Конгрессоор шийдвэр гаргуулах хэрэгтэй болж байна. АНУ-ын хил, гаалийн алба дөрөвдүгээр сарын дундаас эхлэн Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгохын тулд анхны гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулахаар зэхэж байна. 


Хойд Солонгосын иргэд визгүй зорчдогийг цуцлана

Малайз улс Хойд Солонгосын иргэдийг визгүй зорчуулдаг журмаа цуцлана хэмээн мэдэгдлээ. Визний журмыг чангатгаж буй хууль дүрэм гуравдугаар сарын 6-наас эхлэн хэрэгжинэ хэмээн тус улсын дэд Ерөнхий сайд Захид Хамади мэдэгдлээ. Ийнхүү Хойд Солонгосын иргэд Малайз улсад зорчихдоо виз мэдүүлэх болж байна. Үндэсний ашиг сонирхлын үүдээс ийм өөрчлөлт хийж байгааг сайд дуулгажээ. Хойд Солонгосын лидер Ким Чен Уны ах Ким Чен Нам Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр мэдрэл муутгаж саажуулдаг хорт бодисын халдлагад өртөж амиа алдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа ийм шийдвэр гарч байна.
Ким Чен Нам Хойд Солонгосын нууц тагнуулуудын довтолгоонд өртөн амиа алдсан хэмээн Өмнөд Солонгос, АНУ үзэж байгаа юм.

Дээрх хэрэгт Хойд Солонгосын уугуул Малайзын иргэншилтэй Ри Чон Чол болон Вьетнам, Индонезийн харъяат иргэнийг сэжиглэн баривчилжээ. Индонезийн иргэн, 25 настай Сити Айша хэмээх бүсгүй Ким Чен Намыг хордуулсныхаа төлөө 90 доллар авсан хэмээн мэдүүлжээ. Тэднээс гадна Хойд Солонгосын дөрвөн иргэнийг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байна. Нэг нь Пхеньяны дипломат ажилтан гэсэн мэдээлэл байгаа аж. Нисэх онгоцны буудал дээр Ким Чен Намд халдсан эмэгтэйчүүд нь хорт бодисыг нүцгэн гараараа түүний нүүрэн дээр түрхсэн болохыг цагдаагийн шинжээчид тогтоогоод байна. Тэднийг хүн амины хэрэгт буруутгажээ. Малайзын хуулийн дагуу тэдгээр бүсгүйчүүд цаазаар авахуулж магадгүй байна. Хойд  Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн том хүү Ким Чен Нам Европт боловсрол эзэмшээд ирснийхээ дараа эцгийгээ замгамлжлагч хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байв. Гэвч тэрээр Япон руу хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригдсанаасаа хойш энэ жагсаалтаас хасагдаж түүний дүү Ким Чен Ун Хойд Солонгосыг удирдах дараагийн хүнээр тодорсон юм. Ким Чен Нам тэр цагаас хойш Малайз, Сингапурт амьдарч байжээ. Тэрээр Малайзаас Макао руу явах гэж байгаад нисэх онгоцны буудал дээр хорлогдон амь насаа алдсан юм.