Monday, 6 March 2017



Д.Трамп цагаачлалын талаарх шинэ зарлигийг баталлаа

Ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Суданы иргэдийг АНУ-д орохыг нь 90 хоногийн хугацаагаар хориглосон шинэ зарлигт гарын үсэг зурлаа. Лал шашинтан давамгайлсан улс орны иргэдэд ийнхүү хориг тавьсан нь хүний эрхийн байгууллагуудын эгдүүцлийг хүргээд байна. Цагаачлалын бодлогын талаарх Трампын өмнөх тушаалыг холбооны шүүхээс түдгэлзүүлээд байсан юм. Өмнөх зарлигаас ялгаатай нь хар жагсаалтаас Ирак улсыг хасчээ. Нэгэнт олгоод байгаа виз, эсвэл АНУ-д түр оршин суух эрхийг цуцлахгүй, тэдгээрийг эзэмшигчдийг АНУ-д нэвтрэх, эсвэл тэнд үлдэхийг зөвшөөрч байгаа аж. Дайн, байлдаантай байгаа бүс нутгийн дүрвэгчдийг АНУ-д хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаагаар зогсоожээ. Сирийн дүрвэгсдийг хүлээн авахыг бүрэн хориглосон шийдвэрийг шинэ зарлигт тусгасангүй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Лалын террористууд эвдлэн сүйтгэх зорилгоор ашиглаж болох эмзэг, хэврэг байдлыг устгахын тулд ийм зарлиг гаргаж байгаа” хэмээн тайлбарлав. Цагаачлалын бодлогын талаарх шинэ зарлиг гуравдугаар сарын 16-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж. Өмнөх зарлигийн дараа нисэх онгоцны буудлууд дээр үүсч байсан эмх замбараагүй байдлаас сэргийлэхийн тулд ийнхүү хэрэгжилтийг нь хэд хоногийн нөөцтэй зарлаж байгаа ажээ.
Дональд Трамп нэгдүгээр сарын сүүлчээр долоон улсын иргэдийг АНУ-д орохыг хориглосон зарлиг гаргаж тэр дороо хэрэгжиж байсан билээ. “Хоригийг долоо хоногийн өмнө зарласан бол долоо хоногийн дотор бүх “муу санаатнууд” манай улсад ороод ирэх биз. Муу хүмүүс хаа сайгүй байна” хэмээн Трамп анхны шийдвэрээ Твиттерээр тайлбарлаж байв. Түүний эхний тушаалын бас нэг маргаантай зүйл нь ногоон карт эзэмшигч лал шашны иргэдийг хориг арга хэмжээнд хамруулсан явдал байв. Ногоон карттай байна гэдэг нь АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл гэсэн үг.
Цагаачлалын талаарх Трампын бодлогыг НҮБ болон хүний эрхийн байгууллагууд ихээхэн шүүмжилсэн. АНУ-ын ч, гадаадын ч төр, нийгмийн зүтгэлтнүүд түүний бодлогыг хатуу шүүмжилж буруутгаж байлаа. Үүний дараа Нью-Йорк дахь холбооны тойргийн шүүх Америкийн визтэй цагаачдыг АНУ-ын нисэх онгоцны буудлуудаас буцаах шийдвэрт түр хориг тавьсан юм. Хоёрдугаар сарын 4-нд Сиэтл дахь холбооны шүүхээс Дональд Трампын зарлигийн үйлчлэлийг бүрэн зогсоож, долоо хоногийн дараа Сан-Францискогийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ.

No comments:

Post a Comment