Saturday, 4 March 2017



Хятадын эдийн засаг 2017 онд 6.5 хувиар өснө

Хятадын эдийн засаг 2017 онд 6.5 хувиар өсөх дүн гарсан нь сүүлийн 26 жилийн хамгийн доод үзүүлэлт болж байна. БНХАУ-ын 2017 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрт ийм таамаглал багтжээ. “Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 хувиар өснө. Гэвч бодит байдал дээр бид илүү их үр дүнд хүрэхийг эрмэлзэх болно” хэмээн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит их хурлын нээлтийг угтаж гаргасан Шинэчлэл, хөгжлийн хорооны илтгэлд онцолсон байна. Хятадын улсын статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, 2016 онд ДНБ-ий өсөлт 6.7 хувьтай байсан нь 2015 оныхоос (6.9 хувь) буурсан үзүүлэлт ажээ. Эрх баригчид 2016 оны эхээр ийм өсөлтийг таамаглаж байсан нь ёсоор болсон юм.
2017 онд инфляц 3.1, хот суурин дахь ажилгүйдэл 4.5 хувьтай байна, харин Хятадын төрийн төсвийн алдагдал 2.38 их наяд (346 тэрбум доллар) буюу ДНБ-ий гурван хувьтай тэнцэнэ хэмээн тооцоолжээ.
БНХАУ-ын хууль сахиулах дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар их хурал ням гаригт Бээжин хотод эхэлсэн юм. Гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх тус их хуралд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн гурван мянга орчим төлөөлөгч, төрийн тэргүүлэх байгууллага, компанийн удирдагчид оролцож байна. Их хурлыг нээж Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх илтгэл тавьжээ. Эхний өдөр Ардын төлөөлөгчдийн хурлын тэргүүлэх байгууллагууд, прокурорын газрууд, ардын шүүх болон бусад байгууллагуудын илтгэлийг сонсож хэлэлцсэн байна.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын өмнө албан ёсны төлөөлөгч Фу Ин Хятад улсын цэргийн төсөв энэ онд шууд 7.1 хувиар нэмэгдэж ДНБ-ий 1.3 хувьд хүрч байгааг мэдэгджээ. Бусад улс оронтой өрсөлдөж, заналхийлж айлгахын тулд биш, харин төр, улсын аюулгүй байдлыг сахиулах үүднээс цэрэг, батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлж байгаа гэв. Хятадын цэргийн төсөв нь дэлхийд АНУ-ын дараа ордог билээ. 2015 оны есдүгээр сард Хятадын лидер Си Зиньпин “2017 оны төгсгөлд манай улс зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнийг 300 мянган хүнээр багасгана” хэмээн мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч хоёр сая цэрэгтэй Хятадын арми дэлхийн томоохон зэвсэгт хүчин хэвээр үлдэж байгаа ажээ. 

No comments:

Post a Comment