Wednesday, 1 March 2017




Домогт хөлбөмбөгчийн хүү хэрэгт холбогджээ

Бразилийн домогт хөлбөмбөгч Пелегийн хүү Эдиньо бохир мөнгө угаасан, хар тамхины биенестэй холбогдсон хэргээр хоригдож байгаа. Тэрээр давж заалдах өргөдөл гаргаж, хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргасныг ёсоор болгож түүнийг түр суллаад байна. Шүүхээс түүнд 33 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Хэргийг дахиж шалгасан ч түүнийг цагаатгахгүй, харин ялыг нь 12 жил болгон бууруулах бололтой. Эдиньо хоёрдугаар сарын 24-ноос эхлэн хоригдож байна.
Эдиньо Бразилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хаалгаж хийж явжээ. 1999 онд спортын замналаа өндөрлүүлсний дараа авто уралдаанд оролцож хүний амь насанд хүрсэн хэргээр зургаан жилийн ял сонсож байв. 2005 онд шоронгоос гарсан ч 2006 онд хар тамхины хэргээр дахин шийтгүүлжээ.

Халдлага үйлдэх гэж байсан дөрвөн этгээдийг баривчлав

Францын нийслэл Парисын дагуул хотоос халдлага үйлдэхээр төлөвлөж байсан дөрвөн этгээдийг илрүүлэн баривчиллаа хэмээн Reuters агентлаг цагдаагийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Парисаас зүүн зүгт орших Клиши тосгонд баривчилгаа болж нэг гэр бүлийн дөрвөн гишүүнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлээд байна. Тэдний гэрээс тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг бодис, материалыг хурааж авчээ. Хэд хоногийн өмнө өөр дөрвөн этгээдийг халдлага үйлдэхээр завдаж байсан хэмээн баривчилсан юм. Тэдний нэг нь 16 настай охин байжээ. 2015 оны сүүлчээр Парист аймшигтай цуврал халдлага болж олон зуун хүн амь насаа алдсаны дараа цагдаа, тусгай хүчнийхэн байнгын бэлэн байдалд ажиллаж, сэжигтэй хүмүүсийг илрүүлэн баривчилсаар байгаа юм.

М.Жексоны Neverland-ийг хямдруулан худалдана

Подын хаан Майкл Жексоны эзэмшиж байсан Калифорни дахь Neverland эдлэн газрыг анхны үнийг нь 33 хувиар бууруулан дахин дуудлага худалдаагаар оруулахаар боллоо хэмээн Wall Street Journal мэдээлэв. Калифорни мужийн Санта-Барбара хотоос 65 км-т орших Neverland-ийг 98 сая доллараар үнэлэн дуудлага худалдаанд оруулсан ч худалдан авагч олдоогүй юм. Одоо үнийг нь 67 саяаас эхлэн дуудахаар болов. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Coldwell Banker Previews International компани попын хааны эдлэн газрыг хоёр жилийн өмнө дуудлага худалдаанд тавьж байсан юм. 2016 оны зун тус газрыг дуудлага худалдаанаас эргүүлэн татсан ба эдүгээ хямдруулсан үнээр худалдан авагчдад санал болгож байгаа аж.
Майкл Джексон Neverland-ийг 1987 онд 19,5 доллараар худалдан авч тэндээ 15 жил амьдарчээ. Тус эдлэн газар нь 903 га талбайтай, дуучны амьдарч байсан харш, мөн цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоом, сонин хачин амьтадтай хүрээлэн байрлаж байв. 2008 онд Жексон эдлэн газартаа 24 сая долларын хөрөнгө оруулалт хийж, дараа нь Colony Capital компани тус газрыг 23 сая доллараар худалдан авч дуучны өв залгамжлагчдын хамтаар эзэмших болсон юм. Майкл  Жексон 2009 оны зун нас барсны дараа Neverland эдлэн хоосорч, тоглоомуудыг буулгаж, амьтдыг нь цирк болон хувь хүмүүст худалджээ. Дараа нь тус эдлэнд засвар хийж Sycamore Valley Ranch хэмээн нэрлэжээ. Эдүгээ тэнд 22 байшин барилга, нэг царигтай төмөр зам, буудал байна.  

Нууц баримт, материал алдагдах нь хоёр дахин ихэсчээ

АНУ-д нууц баримт, материал алдагдах нь явдал 2016 онд өмнөх оноос хоёр дахин ихэсчээ. Тус улсын Хууль зүйн яамны албан ёсны тоо баримт үүнийг гэрчилж байгаа аж. Өнгөрсөн онд АНУ-ын төрийн албаны нууц баримт алдагдсан 37 тохиолдол бүртгэгдсэн байна. 2015 онд энэ үзүүлэлт 15 байсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа руу чиглэсэн, тэднийг ОХУ-тай хуйвалдсан гэх мэдээ материал ихээхэн тарж байгаа. Цагаан ордны нэр хүндийг унагах зорилготой нууц баримт материалыг хэвлэлд мэдээлэлд тарааж буй нь өмнөх Ерөнхийлөгч Барак Обама болон тэдний хүрээлэлтэй холбоотой хэмээн Трамп үзэж байна. “Трамп үүний ард зогсож байгаа гэж үзэж байна. Зарим мэдээлэл тэдний хүрээний хүмүүсээс гарсан байх магадлалтай. Нууц мэдээлэл ийнхүү алдагдаж байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдалд муу нөлөөтэй” хэмээн Ерөнхийлөгч Fox News телевизэд ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгоход 20 тэрбум доллар шаардлагатай


Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана хэрэм босгоход одоогоор 20 сая доллар л гаргах боломжтой байна хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлэв. Хууль бус цагаачлал, хар тамхи, хүний наймаанаас сэргийлнэ гэж байгаа хилийн хана хэрмийг босгоход 21.6 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм. Одоогоор Аризона мужийн Нако хотын ойролцоох хилийн хамгаалалт болон тусгай камер суурилуулахад 20 сая доллар л гаргах боломжтой байгаа хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ төсөлд нэмэлт хөрөнгө гаргуулахын тулд Конгрессоор шийдвэр гаргуулах хэрэгтэй болж байна. АНУ-ын хил, гаалийн алба дөрөвдүгээр сарын дундаас эхлэн Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгохын тулд анхны гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулахаар зэхэж байна. 

No comments:

Post a Comment