Sunday 19 March 2017





Стивен Хокингийг сансарт нисэхийг урьжээ

Британийн нэртэй одон орон судлаач, физикч Стивен Хокинг сансарт нисэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Булчин хөших өвчнөөр шаналж буй 75 настай физикч сансарт ниснэ гэж хэзээ ч бодож байгаагүй гэдгээ Good Morning Britain нэвтрүүлэгт орохдоо хэлжээ. Британийн тэрбумбан, бизнесмэн Ричард Бренсон түүнийг сансарт нисэхийг урьсан аж. “Гурван хүүхэд минь надад зөндөө баяр баясгалан бэлэглэж байсан. Намайг юу аз жаргалтай болгох вэ? Тэр бол сансарт нисэх. Сансарт ниснэ гэж хэзээ ч бодож байсангүй. Харин Ричард Бренсон надад Virgin Galactic хөлгөөр сансарт нисэх санал тавихад би шууд л “Тэгье” гэж хариулсан” хэмээн нэрт эрдэмтэн ярьжээ. Стивен Хокинг нь сансар судлал, хар нүхний талаарх судалгаа, таамаглалаараа ихэд алдаршсан юм.

Мод унаж 20 хүний аминд хүрлээ

Гана улсын алдарт Кинтампо хүрхрээнд шумбаж байсан хүмүүс дээр том мод унасны улмаас 20 орчим хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь сургуулийн сурагчид аж. Мөн хэд хэдэн жуулчин байгаа хэмээн Гана улсын цагдаагийн газрын дарга Десмонд Бовус мэдэгдлээ. Хүмүүс хүрхрээний усанд орж байх үеэр шуурга дэгдэж байгалийн ургаа мод үндсээрээ булгарч унасан байна. Аврагчид ослын газар ажиллаж гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Аврагчид цахилгаан хөрөө ашиглаж модонд дарагдсан хүмүүсийг гаргаж авчээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь орон нутгийн сургуулийн ахлах ангийн сурагчид байжээ.

Мартин Шульц Социал-демократ намыг удирдана

Германы Социал-демократ нам ээлжит бус их хурлаараа Европарламентын тэргүүн асан Мартин Шульцийг даргаараа сонгож, Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлерийн сонгуульд нэр дэвшигчээр батламжиллаа. Намын их хурлын 608 төлөөлөгчийн 605 нь түүнийг дэмжжээ. Тэрээр Социал-демократ намыг удирдаж байсан Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриелийн халааг авчээ. Габриель канцлерийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж Шульцийг санал болгосон юм.
Германы парламентын сонгууль есдүгээр сарын 24-нд болно. Мартин Шульцийн гол өрсөлдөгч нь одоогийн канцлер Ангела Меркел. Тэрээр консерватив Христосын ардчилсан намаас дөрөв дэх удаагаа канцлерийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Мартин Шульц 1955 онд төржээ. Гимназид муу сурсан тэрээр их сургуульд орж боловсрол эзэмшиж чадаагүй аж. Залуудаа киноны наймаачин байсан Шульц дараа нь номын дэлгүүртэй болжээ. 1974 онд Германы Социал-демократ намд элсч, 1987-1998 онд Вурзелен хотын даргаар ажилласан байна. 1999 онд намын удирдах зөвлөлд сонгогдож, 1994 оноос хойш Европарламентын даргаар хоёр удаа сонгогдон ажиллажээ.

Жоли, Питт нар оливийн тос наймаална

Брэд Питт, Анжелина Жоли нар Францын Шато Миравал дахь эдлэн газарт үйлдвэрлэсэн оливийн тосыг худалдаанд гаргахаар болжээ. Франц эр Перрений гэр бүлийн хамтаар боловсруулсан чидун жимсний тосыг Франц дахь гэр бүлийн жижигхэн хоёр дэлгүүрээр, мөн тусгай веб сайтаар худалдан борлуулах аж. Шато Миравал эдлэнгийн оливийн тосыг бага хэмжээгээр үйлдвэрлэх ч хэдэн долоо хоногийн дараа АНУ-д борлуулах боломжтой болох юм. People сэтгүүл мэдээлж буйгаар, Жоли, Питт нар 10 мянган лонх оливийн тосыг худалдаанд гаргах бололтой. Холливудын хамгийн алдартай хосын салах үйл явц үргэлжилж, хамтын хөрөнгөө хэрхэн хувааж авахыг шүүх шийдэхээр болсон. Тэд Франц дахь эдлэн газраа дуудлага худалдаанд тавьсан гэх яриаг Перрений гэр бүл няцаажээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр, Шато Миравал эдлэнг Жоли Брэд нар хүүхдүүддээ үлдээж байгаа аж.

Катарын иргэд Лондон дахь үл хөдлөх хөрөнгийн ихэнхийг эзэмшдэг

Катарын хөрөнгө оруулагчид Лондон хотод ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна хэмээн Telegraph сонин мэдээлэв. Катарын Qatar Investment Authority групп болон Америкийн хөрөнгө оруулалтын Brookfield группын харъяанд байдаг Canary Wharf Group хөрөнгө оруулалтын фирм Их Британийн нийслэлд хоёр сая кв м талбай бүхий барилга байшинг эзэмшиж байна. Катарын Засгийн газар гэхэд л Лондонд 167 мянган кв м үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна. Лондоны үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Катар улс ноёлж байна хэмээн тус сонинд бичжээ. Арба тэрбумтнууд дэлхийн хөрөнгийн зах зээлийн төв болсон Лондонд үл хөдлөх хөрөнгө, барилга байшин худалдаж авах моод дэлгэрээд байгаа аж.
Их Британийн хатан хаан II Элизабет 780 мянган кв м талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг. Qatar Investment Authority групп өнгөрсөн онд Их Британи дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 34 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийсэн хэмээн тус группын тэргүүн, шейх Хамад бин Ясин бин Жабер аль-Тани мэдэгдлээ.

Израиль улс Сирийн хамгаалалтын системийг устгана хэмээн амлав


Сирийн тал Израиль улсын эсрэг дахин пуужин харвасан тохиолдолд Сирийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг устгана хэмээн Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман мэдэгдлээ. “Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем Израилийн нисэх онгоцуудыг дахин довтолсон тохиолдолд тэдний хамгаалалтын системийг шууд устгах болно. Ямар ч буулт, болзол тавилгүйгээр шууд устгана” хэмээн Либерман нэгэн цэргийн бааз дээр үг хэлэхдээ онцолжээ. Сири улсаас Ливан руу зэвсэг нийлүүлэх боломжтой болсон нь Израилийг түгшээж байна. Тель-Авив Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцох бодолгүй байгаа ч Ливанд зэвсэг нийлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдлээ. Гуравдугаар сарын 17-нд Израилийн нисэх хүчний онгоцууд Сири дахь байгууламжийг довтлох үеэр пуужингийн довтолгоонд өртсөн юм. Ливан дахь “Хезболла” бүлгийнхний гарт зэв зэвсэг оруулахгүйн тулд урьдчилан сануулж довтолсон хэмээн Ерөнхий сайд Б.Нетаньяху ярьжээ. 

No comments:

Post a Comment