Иран цөмийн тохиролцоонд хүрэх болзлоо тавилаа
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд
зуучлагчаар оролцож байгаа Америк, Хятад, Их Британи, Орос, Франц, Герман улс
Тегераны энхийн цөмийн эрчим хүч эзэмших эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл
гэрээ, хэлэлцээг эцэслэн батлахад бэлэн байна хэмээн Тегераны эрх баригчид
мэдэгдлээ. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Норвегийн дипломат
албаны тэргүүн Берг Брендтэй уулзах үерээ ийнхүү мэдэгдсэн байна. Ираны цөмийн
хөтөлбөрийн асуудлаарх зургаан улс болон Ираны хоорондох хэлэлцээний дараагийн
шат арваннэгдүгээр сарын 11-нд Оманы нийслэл Маскат хотод болох юм. Энэ
хэлэлцээний өмнө буюу арваннэгдүгээр сарын 9, 10-нд АНУ-ын Төрийн нарийн
бичгийн дарга Жон Керри, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф,
Европын холбооны гадаад бодлогын дээд төлөөлөгч Кэтрин Эштон нар гурван талын
уулзалт, хэлэлцээ хийх ажээ. К.Эштон арваннэгдүгээр сарын 1-нээс Европын
холбооны дипломат албаны тэргүүний суудлаас буусан ч Иран болон зургаан улсын
хоорондох хэлэлцээнд Европын холбооны төлөөлөгчийн хувиар оролцсоор байх юм.
Олон улсын зургаан зуучлагч орон болон Иран улс Тегераны
цөмийн хөтөлбөрийг цэвэр энхийн зорилготой болгох тал дээр ажиллаж байна. Үүний
хариуд тус улсын эсрэг хориг арга хэмжээг бүрэн цуцлах амлалт өгсөн билээ. Ийм
тохиролцоонд талууд арваннэгдүгээр сарын 24-нөөс өмнө гарын үсэг зурах ёстой.
Иран улс 2012 оноос хойш Европын холбоо болон АНУ-ын
хориг арга хэмжээтэй тулгарч, нефтиэ гадаадад борлуулахад ихээхэн хүндрэлтэй
болжээ. Хориг арга хэмжээний улмаас Иранд инфляц ихээхэн өсөөд байна. Тегеран
цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй үргэлжлүүлсээр байсан нь хориг арга хэмжээ авах
шалтгаан болсон юм. Иранууд энэ буруутгалыг эрс эсэргүүцэж, манай цөмийн
хөтөлбөр цэвэр энхийн, иргэний зорилготой хэмээн мэдэгдсээр байна. Үүнд огт
итгэдэггүй улс нь Израиль. Тегераны эрх баригчид энхийн зорилготой цөмийн
хөтөлбөр нэрийн дор цөмийн зэвсэг бүтээж Израилийн эсрэг ашиглаж магадгүй
хэмээн Тель-Авив үзсээр байгаа юм. 2005-2013 онд Ираны Ерөнхийлөгч байсан
радикал үзэлтэй Махмуд Ахмадинежад “Израиль улсыг газрын хөрснөөс “арчих”
хэрэгтэй” хэмээн мэдэгдэж шуугиан тарьж байсан билээ.
No comments:
Post a Comment