Орос, Америкийн харилцаа дахин муудлаа
Сири дахь энх тайвны итгэл найдвар гурван долоо хоног
үргэлжлэв. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сири дахь мөргөлдөөнийг зохицуулах
хоёр улсын тохиролцоог цуцалсны дараа есдүгээр сарын 12-нд Вашингтон,
Москвагийн хооронд байгуулсан гэрээ өчигдөр “нүд анилаа”. Кремль амлалтаа
биелүүлээгүй гэж үзсэн Керри ийнхүү хэлсэн үгэндээ хүрч байна. Гэвч хагарал
ганцаараа ирсэнгүй. Хариуг нь аль хэдийнэ бэлдчихсан байсан Ерөнхийлөгч В.Путин
Хүйтэн дайны дараагаар байгуулж байсан нэгэн чухал гэрээг хүчингүй болгож
буйгаа зарлалаа. Ийнхүү цөмийн цэнэгт хошуунд плутони хэрэглэхийг хориглож
байсан хоёр том гүрний тохиролцоо агаарт замхарч байна.
Энэхүү хоёр ширүүн мэдэгдэл хоёрхон цагийн зайтай болсон
юм. “Сирид гал зогсоох гэрээг хадгалахын тулд байгуулсан хоёр талт хэлэлцээ,
арга хэрэгсэлд АНУ оролцохоо зогсоож байна” хэмээн Төрийн департаментын тэргүүн
мэдэгдэлдээ онцолжээ. Сирийн дайн, хямралыг зохицуулах хэлэлцээ ийнхүү байхгүй
болсныг Төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби баталсан юм. Оросын нисэх
хүчин Сирийн Засгийн газрын цэрэгтэй хамтран Башар Асадын дэглэмийн эсрэг
тэмцэж буй сөрөг хүчний гол түшиц газар болсон Алеппог довтолсоор байгаа нь
гэрээг цуцлах нэг шалтгаан болж өгчээ. Эхлээд америкууд Сирийн байрлалыг
эндүүрэн бөмбөгдөж, дараа нь Оросын онгоцууд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн
цувааг довтолсон нь сайныг зөгнөсөнгүй. Энэхүү андуурлыг Башар Асад ашиглан гал
зогсоох гэрээг дангаараа цуцалж, Оросын тусламжтайгаар Алеппог довтолжээ.
Сирийн сөрөг хүчний байрлалыг довтлохдоо оромж, нуувчны эсрэг
тэсрэх бөмбөгийг ашиглаж байна хэмээн Жон Керри өнгөрсөн долоо хоногт сануулсан
юм. Ийм зэвсэг нь энгийн ард иргэдэд ихээхэн хөнөөлтэй хэмээн үзэж байгаа аж. Харин
оросууд АНУ-ын мэдэгдлийн хариуд сөрөг довтолгоо хийхдээ “Вашингтон Сирийн дайнд
оролцож буй улсуудын хоорондох хямралыг улам хурцатгаж, харилцан ойлголцлыг
үгүй хийсэн” гэжээ. Оросын тал цөмийн гэрээг цуцалснаа “Оросын эсрэг АНУ-ын
дайсагнасан үйлдлийн эсрэг стратегийн тогтвортой байдлаа хадгалах хэрэгцээ
шаардлага гарлаа” хэмээн зөвтгөсөн байна.
Уржигдар Москвагийн цуцалсан гэрээг хоёр улс 2000 онд
байгуулж, 2009 онд шинэчлэн баталсан юм. Гэрээний дагуу 17 мянган цөмийн цэнэгт
хошуунд бэхлэгдэж болох 34 мянган тн плутонийг устгах ёстой. Цөмийн зэвсгийг
устгах гэрээг идэвхтэй хамгаалдаг Ерөнхийлөгч Барак Обамад Кремлийн шийдвэр хүндээр
тусч буй нь ойлгомжтой ажээ.
No comments:
Post a Comment