2030
онд дундаж наслалт 90-ийг давна
Эрдэмтдийн таамаглаж буйгаар, эмэгтэйчүүдийн дундаж
наслалт нь 90-ийг давсан дэлхийн анхны орон нь Өмнөд Солонгос болох аж. Дэлхийн
эрүүл мэндийн байгууллага болон Лондон дахь Империал их сургуулиас хамтран
явуулж анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн ингэж гарчээ. 2030 он гэхэд хөгжингүй
орнуудын эмэгтэйчүүд хангалттай урт наслах ч Өмнөд Солонгосыг ямар улс орон
гүйцэхгүй бололтой. Япон, Франц, Испани, Швейцарийн эмэгтэйчүүдийн дундаж
наслалт 88-д хүрэх аж.
2030 онд Өмнөд Солонгос, Австрали, Швейцарийн эрчүүдийн
дундас нас 84-д хүрч бусдаа манлайлна. Өмнөд Солонгост хүүхдүүд нь илүү сайн,
чанартай хооллож, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ ард иргэдэд нь жигд хүртээмжтэй
байдаг нь дундаж наслалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Өмнөд
Солонгос, Японы эмэгтэйчүүдийн дунд таргалалт хамгийн бага байдаг, мөн тэд
тамхи бараг татдаггүй ажээ.
Сэжиглэгдсэн дөрвөн иргэнийг шилжүүлж өгөхийг шаардлаа
Малайзын хууль сахиулах байгууллага Ким Чен Намын амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдэж
буй дөрвөн иргэнийг шилжүүлж өгөхийг Хойд Солонгосоос шаардлаа. Хойд Солонгосын
лидер Ким Чен Уны ахыг хордуулан хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн этгээд
Малайзыг орхин Пхеньянд иржээ. Ким Чен Намын гэр бүлийнхнээс хэн нь ч Малайзид
ирж ДНК-ийн шинжилгээ өгсөнгүй. Ким Чен Намын цогцсыг таниулах хүн ч ирээгүй
аж. Хойд Солонгосын тал цогцсыг шилжүүлэн өгөхийг шаардсан ч Малайзын эрх
баригчид шинжилгээ хийж, цогцсыг ар гэрийнхнээр нь таниулсны дараа шилжүүлж
өгөх талаар ярилцана гэсэн юм. Малайзууд Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ
хийж байгааг хойд солонгосууд эсэргүүцэж, шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй
гэж мэдэгджээ. Энэ хэрэгт сэжиглэгдэж буй нэг этгээд нь Хойд Солонгосын
авиакомпанийн ажилтан бүсгүй хэмээн Малайзын цагдаагийн газрын дарга Халид Абу
Бакар мэдэгдлээ.
57 макак сармагчинг аюулгүй болгов
Япон Чиба мужийн амьтны хүрээлэнгийн 57 макак сармагчинд
түрэмгий авир гаргадаг ген илэрсэн тул үхлийн тариа хийж унтуулсан байна. Эсийн
шинжилгээ хийх явцад тэдгээр цасны макак сармагчингууд Японд авчрахыг хориглосон
бас нэг төрлийн макак сармагчингуудтай нийллэгэд орсны улмаас зан авирыг нь
түрэмгий болгодог гений халдвар авсан байжээ. Тиймээс амьтны хүрээлэнгийн
зохистой байдлыг хадгалахын тулд түрэмгий авиртай болох нь тодорхой болсон
сармагчингуудыг устгалд оруулах хэрэгтэй болсныг хүрээлэнгийн захиргаанаас
мэдэгдэв. Хүчээр унтуулсан амьтдын сүнсийг тайтгаруулах номыг хөрш буддын
сүмийн санваартнууд уншжээ. Түрэмгий гений халдвар авсан амьтдыг устгах санааг
Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах сан дэмжсэн байна.
No comments:
Post a Comment