Усны ёроолоос 13 сая хуурамч доллар олжээ
Болгарын цагдаа Леново тосгон орчмын нэгэн усан сангийн ёроолоос 13 сая орчим
хуурамч доллар олжээ. Шумбагч баг өмссөн цагдаа нар нуурын гүн руу шумбаж 500
еврогийн дэвсгэртээр багцалсан их мөнгийг гаргаж ирсэн юм. 500 еврогийн
дэвсгэртийг жинхэнээс нь бараг ялгамгүй адилхан хэвлэсэн байсныг цагдаагийн
төлөөлөгч мэдэгдлээ. Өмнө хууль хяналтын байгууллагад саатуулагдаад байсан гэмт
бүлгийн нэгэн гишүүн хуурамч мөнгө нуусан газрыг илчилсэн байна. Энэ хэргийн
мөрөөр дахин хоёр хүнийг баривчлаад байна. 500 еврогийн дэвсгэртийг хуурамчаар
үйлдвэрлэх нь ихэссэн тул Европын төв банк энэ дэвсгэртийг дахин үйлдвэрлэхгүй
хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч гүйлгээнд байгаа долларыг эргүүлэн татахгүй
байхаар шийдсэн юм.
Венесуэлийн парламент Мадурог “өмгөөлөв”
Венесуэлийн парламент Ерөнхийлөгч Николас Мадуро дээр
эхлүүлсэн билэгдлийн шүүхийн үйл явцыг зогсоожээ. Үндэсний ассамблейн тэргүүн
Энри Рамос “Депутатууд ийм шийдвэр гаргасан ч бууж өгсөн гэсэн үг биш.
Ерөнхийлөгч Мадурог хариуцлагад татах, улс төрийн хямралыг зогсоохын тулд ийм
шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэв. Үүний өмнөхөн улс төрийн тэмцэл өрнүүлж
байгаа талууд хэлэлцээ хийж сөрөг хүчний гурван идэвхтнийг сулласан юм. Сөрөг
хүчин дийлэнх нь болчихоод байгаа Үндэсний ассамблей (парламент) Ерөнхийлөгч Николас Мадурог сөрөг хүчнийг хууль бусаар,
харгисаар нухчин дарсан, шүүх эрх мэдлийг дарамталж шахсан хэмээн буруутгаж
байгаа. Сөрөг хүчнийхэн төрийн тэргүүнийг огцруулах эсэх талаар бүх нийтийн
санал асуулга явуулах санал гаргасан ч Мадуро башир аргаар таслан зогсоосон юм.
2013 онд Уго Чавес өвчнөөр өөд болсны дараа Ерөнхийлөгч болсон Николас
Мадурогийн бүрэн эрх 2018 онд дуусна.
Хятадын сөнөөгч онгоц “J-20”
Хятадын нисэх хүчний тавдугаар үеийн “Чэнду J-20” онгоцыг
тус улсын нисэх онгоц, нисэх тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн дээр олон
нийтэд үзүүлжээ. Энэхүү сөнөөгч онгоцонд чухам ямар хөдөлгүүр суурилуулсныг хэн
ч мэдэхгүй байна. Үүний өмнө цэргийн тээврийн аварга том онгоцыг танилцуулжээ.
Зарим мэргэжилтнүүд “J-20” сөнөөгч онгоцыг Орос, Америкийн хүчирхэг байлдааны
онгоцны хуулбар хэмээн үзэж байгаа аж. Жилийн өмнө Хятад улс өөрсдийн
үйлдвэрлэлийн, Boeing, Airbus-тай өрсөлдөхүйц C919 зорчигч тээврийн нисэх
онгоцыг танилцуулж байсан билээ. Хятадууд аливаа юмыг дуурайж, хуулбарлахдаа
гарамгай. Зарим эдийн засагч, Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг тэдний
энэхүү хуулбарлах, хулгайлах чадвартай холбон тайлбарладаг аж. Шинэ сөнөөгч
онгоцны талаар дэлхийн цэргийн, нисэх онгоцны мэргэжилтнүүдийн дунд халуун
маргаан өрнөж байгаа бөгөөд тэдний ихэнх нь “J-20” сөнөөгч онгоцыг сайн хуулбар
хэмээн үзэж байна.