АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн бэ
Барак Обамагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч болох боломжтой
хүн нь Төрийн нарийн бичгийн дарга асан, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны
гэргий Хиллари Клинтон хэмээн Америкийн нэртэй улстөрч Филипп Карбер үзэж байна.
Жоржтауны их сургуулийн профессор, улс төрийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн
Карбер “Хоёр жилийн дараахийг харвал Оросын Ерөнхийлөгч их болгоомжтой байх
хэрэгтэй болж байна. Хиллари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болж магадгүй.
Тэр Обамаг бодвол Оросын эсрэг илүү хатуу байр суурь баримталдаг” хэмээн
ярилаа. ОХУ зөвхөн Украин дээр нэр, нөлөөгөө “харуулаад” зогсохгүй сүүлийн үед
Оросын цэргийн онгоцууд Европын орнуудын хилд ойрхон нисэх болсныг америк
шинжээч хэлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-д хэтэрхий “зөөлөн”
хандаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Сьерра-Леонд Эболагийн халдвар хурдтай тархаж байна
Сьерра-Леон улсын зарим бүс нутагт Эбола вирусын халдвар
эрс нэмэгдлээ хэмээн Africa Governance Initiative олон улсын байгууллага
мэдэгдэв. Тус байгууллагын баталж буйгаар, нийслэл Фритаун хотоос холгүй орших
хөдөө, тосгодод аймшигт тахлын вирус хоёр сарын өмнөхийг бодвол ес дахин илүү
хурдтай тархаж байгаа аж. Харин Фритаун хотод есдүгээр сартай харьцуулбал
тархалт ес дахин багаасан байна. Хөрш Либери улсад ч Эболагийн шинэ тохиолдол
бүртгэгдэх нь багасчээ.
Ууртай хүмүүс тайван, дөлгөөн хүмүүсээс илүү өвчилдөг
Ууртай, бухимдсан, хэдэр хүмүүс инээсэн, халгисан,
дөлгөөхөн хүмүүсийг бодвол чихрийн шижин, үе мөчний, цус харвах өвчинд хавьгүй
илүү өртдөг болохыг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Эрдэмтэд
68-аас дээш настай хоёр мянга орчим хүнийг сонгон ажиглалт, судалгаа хийсэн
байна.
Уурлаж уцаарлаж, хэг ёг гэж харьдаг хүмүүс өвчинд илүү
өртөмтгий хандлагатай байдаг нь харагджээ. Харин инээмсэглэж, хүмүүстэй эелдэг
дотно харилцдаг хүмүүс бага өвчилж, илүү урт насладаг болохыг тогтоогоод байна.
АНУ Донбасс дахь сонгуулийг шүүмжлэв
Дангаараа тусгаар тогтнолоо зарласан Донецк болон
Луганскийн бүгд найрамдах улсад арваннэгдүгээр сарын 2-нд болсон сонгуулийг АНУ
хууль бус хэмээн үзэж байна. Цагаан ордны төлөөлөгч Марк Строх “Эдгээр сонгууль
нь Украины Үндсэн хуульд харшилж, мөн есдүгээр сарын 5-ны Минскийн гэрээг
зөрчиж байна. АНУ Донбасст болсон сонгуулийн ямар ч үр дүнг хүлээн
зөвшөөрөхгүй. Бусад улс орныг ч мөн ийм алхам хийхийг уриалж байна” хэмээн
мэдэгдлээ.
Европын холбоо мөн ийм байр суурьтай байна. Европын
холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын төлөөлөгч Федерика Могерини Украины зүүн
нутаг дахь сонгуулийг хууль бус хэмээн нэрлээд “Украинд энх тайван бий болоход
саад болж байна” хэмээн мэдэгдэв. Харин Москва сонгуулийн үр дүнг хүлээн
зөвшөөрч байгаа юм.
Пентагон 500 тагнуулчаа гадаадад илгээнэ
АНУ-ын Батлан хамгаалах яам 500 орчим нууц ажилтнаа
гадаадад илгээхээр бэлтгэж байна хэмээн Washington Post сонин зарим эх
сурвалжаас иш татан мэдээлэв. Тагнуулчдын гол зорилго нь Пентагонд зориулж
мэдээлэл цуглуулах.
Америкийн нууц албаны ажилтнууд дэлхийн хамгийн халуун
цэгүүд, тэр тусмаа “Аль-Кайда” болон “Лалын улс” бүлгийнхэн холхидог Ойрхи
Дорнодод ажиллах ажээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын хэлтэс 2012 онд
мянга орчим шинэ ажилтныг бэлтгэж гадаадад илгээх төлөвлөгөө боловсруулж
байжээ. Тэднийг Тагнуулын төв газар болон терроризмийн эсоэг АНУ-ын тусгай
ажиллагаанд оролцуулна хэмээн тооцоолж байв. Гэвч хоёр жилийн дараа энэ
төлөвлөгөөг эргэн харж шинэчилсэн байна.
Талибууд Энэтхэг-Пакистаны хил дээр халдлага үйлджээ