Фермина усанд орж, цэцгэн саван ханхлуулж, бэлэвсэн
эхнэрийн саарал энгийн хувцас өмсч, өнгөрсөн шөнийн үймрээнээс бүрэн сэргэж
арваннэгэн цаг гэхэд бэлэн болсон байлаа. Ганцхан ахмадад үйлчилж байсан цэв
цэвэрхэн цагаан хувцастай зөөгчид даруухан өглөөний цай захиалсан ч намайг
дуудаарай гэж хэлсэнгүй. Үүлгүй тэнгэрийн наранд нүд гялбаж ганцаараа дээш
өгсөж гараад залуур дээр ахмадтай ярилцан зогсох Флорентино Аризаг олж харав.
Тэгэхэд Фермина түүнийг зөвхөн өөр нүдээр харж байсандаа ч бус, үнэн хэрэгтээ
тэрээр өөрчлөгдсөн байсан тул өөр хүн мэт санагджээ. Тэрээр бүх л амьдралынхаа
туршид өмссөн гунигийн хувцасныхаа оронд их аятайхан цагаан гутал, даавуун өмд,
задгай энгэртэй, богнио ханцуйтай, энгэрийн халаасан дээр нь нэрнийхээ эхний
үсгийг хатгамалдсан цамц өмссөн байлаа. Мөн цагаан өнгөтэй шотланд малгай өмсч,
байнга зүүдэг ойрны харааны шилээ хар нарны шилээр сольжээ. Аягатай шөлөнд
унасан ялаа шиг л Фермина Дазагийн нүдэнд хурдан туссан нэлээн хэрэглэсэн хүрэн
арьсан бүснээс бусдыг нь аялалд зориулан худалдан авч анх удаа гаргаж өмссөн нь
тодорхой байсан юм. Өөрт нь зориулж ийнхүү ганган хувцасласныг хараад хацар нь
улайгаад ирэв. Фермина түүнтэй мэндчилэхдээ нүд нь гялбах шиг болж, Флорентино
ч түүнийг хараад бүр илүү гялбан цочжээ. Тэд амраг залуус шиг биеэ авч яваагаа
ойлгон улам балмагдаж, хоёул үүнийгээ гайхан зогтусахад үүнийг анзаарсан ахмад
Самаритано хүртэл уясан догдолжээ. Тэрээр шууд л залуурыг хэрхэн эзэмших
хийгээд хөлөг онгоцны ерөнхий бүтцийг тайлбарлаж тэднийг балмагдлаас нь
гаргалаа. Тэнгэрийн хаяа хүртэлх хуурай, цөлөрхөг талд ууссан эрэггүй мөрнөөр
хөлөг онгоц алгуурхан урагшилсаар. Гэвч гол мөрний бэлчирийн булингартсан усыг
бодвол энэ нь өршөөлгүй халуун наран доорх гялалзсан ган төмөр мэт дөлөөхөн,
тунгалаг ус байсан юм. Фермина Дазад элсэн арлуудаас бүрдсэн бэлчир мэт л
санагджээ.
Гол мөрнөөс үлдсэн жаахан юм нь гэвэл энэ л байна даа
хэмээн ахмад өгүүлэв.
Флорентино Ариза ч гол мөрөн хэрхэн өөрчлөгдсөнийг гайхан
толгой сэгсэрч явлаа. Дараагийн өдөр нь хөлөг онгоц тун хэцүүхэн урагшилж,
дэлхийд дээгүүр орох Магдалена эх мөрөн зүгээр л эртний нэг мөрөөдөл болон
хоцорсныг ойлгосон юм. Ахмад Самаритано сүүлийн тавин жилд ой мод, шугуйг
хэрхэн зүй зохисгүй тайрч Магдалена мөрнийг сүйтгэж, Флорентино Ариза анх аялж
явахад ихэд дарамттай санагддаг байсан мод ихтэй өтгөн ширэнгэ ойг хөлөг
онгоцны тогоонууд хайр найргүй залгиж орхисныг ярьж өгөв. Фермина Даза мөрөөдөж
байсан амьтнуудаа харж чадахгүй ч байж магадгүй болов. Эрвээхэй, дуугаран
шаагилдах тотьнууд, төгөл шугуй нь тайрагдан дууссаны улмаас галзуу юм шиг
орилон амь тэмцэн үхэж буй сармагчингуудыг хүлээн голын эргийн жалганд үхсэн юм
шиг амаа ангайн удаан хэвтдэг матруудыг Шинэ Орлеаны арьс ширний үйлдвэрийн
арьсны ангуучид дуусгаж, үр зулзагаа хооллодог аварга хөхтэй, усны захад
гарчихаад цөхөрсөн эмэгтэй хүн шиг дуу гарган уйлдаг далайн үхэрнүүд нь алахын
дон туссан хүмүүсийн сумны бай болон хувирч устах аюулд ороод байлаа.
Ахмад Самаритано далайн үхэрнүүдэд тун ч хайртай нэгэн
байв. Учир нь, эдгээр амьтад нь хайранд төөрч будилан шийтгүүлсэн эмэгтэй хүн
шиг санагдахын зэрэгцээ амьтны ертөнцөд эргүйгээр амьдардаг цорын ганц эм
амьтад гэсэн домог байдаг билээ. Хэдийгээр хориглосон хууль байдаг ч тэдгээр
амьтдыг хөлөг онгоцноос буудах нь энгийн үзэгдэл болсон байсан ч ахмад
Самаритано үүнийг эсэргүүцдэг байв. Бүх зохих зөвшөөрөлтэй Хойд Каролинагийн
нэг анчин түүний анхааруулгыг эс тоон цэц сайтай Спрингфилд буугаараа нэгэн ээж
далайн үхрийн толгойг зад буудаж, галзуурч хоцорсон зулзага нь сулбайж унасан
ээжийнхээ дээр гараад аймшигтай хашгиран уйлжээ. Ахмад Самаритано өнчин
зулзагыг хөлөг дээрээ өргөн гаргаж халамжлаад, анчин эрийг алуулсан ээжийнх нь
цогцосны хажууд үлдээчихээд явжээ. Нөгөөх нь дипломат эсэргүүцэл бичиж өгсөний
улмаас зургаан сар хоригдож, хөлөг онгоц жолоодох эрхээ золтой л хасуулсангүй
гарч ирсэн ч дахиад ч ингэх болно гэдгээ хатуухан хэлсэн юм. Гэсэн хэдий ч,
тэрхүү хэрэг явдал нь түүхэн үйлийг бүтээж, Сан Николас де Барранкас хотын
ховор амьтны хүрээлэнд олон жил өсч, амьдарсан өнчин далайн үхэр нь гол мөрөнд
харагдсан сүүлчийн далайн үхэр болж үлдсэн билээ.
-Энэ эргээр өнгөрөх бүртээ тэр грингог манай хөлөг
онгоцонд явж байгаасай, тэгээд түүнийг дахин энд орхих юмсан гэж бурхнаас
гуйдаг даа хэмээн ахмад өгүүлэв.
Анхандаа ахмадыг нэг их таашаахгүй байсан Фермина Даза
тэрхүү аварга, уяхан амьтны түүхийг сонсож уяраад, тэр өдрөөс хойш ахмадыг
дотроо ихэд хүндэтгэн хандах болжээ. Аялал дөнгөж эхэлж байсан нь ч сайн болж,
Фермина алдаагүй гэдгээ мэдэх боломж хангалттай их гарсан юм.
Фермина Даза, Флорентино Ариза хоёр өдрийн хоол хүртэл
хөлгийн залуурын тавцан дээр байж, хэдхэн жилийн өмнө байнга баярлаж цэнгэдэг
байсан ч одоо хоосорсон гудамж, балгаснаас өөр юмгүй болсон Каламар тосгоныг
харжээ. Хөлөг онгоцноос харагдсан ганц амьд биет нь цагаан алчуураар даллан
дохио өгөх цагаан хувцастай эмэгтэй байсан юм. Тэрхүү ихэд шаналж, ядарсан мэт санагдсан
эмэгтэйг яагаад авалгүй өнгөрснийг Фермина Даза ойлгосонгүй, гэвч ахмад, тэр нь
хөлөг онгоцыг нөгөө эргийн аймшигтай эргүүлэг рүү аваачихын тулд хуурамч дохио
өгч байгаа живсэн эмэгтэйн сүнс хэмээн тайлбарлажээ. Тэр бүсгүйтэй тун ойрхон
өнгөрсөн тул Фермина Даза наран дор зогсох түүнийг тун сайн, тод харчихаад энэ
нь бодит хүн биш гэдэгт эргэлзээгүй ч нүүр царай нь нэг л танил санагджээ.
Халуун, урт өдөр байлаа. Фермина Даза өдрийн хоолны дараа
үдийн унтлагаа хийхээр өрөө рүүгээ явсан ч Хуучин Барранка тосгоноос холгүй
Карибын гол мөрний компанийн бас нэг хөлөг онгоцтой зөрөхдөө харилцан мэндчилж
дохио өгөхөд чих нь улам их өвдсөн тул сайн унтаж чадсангүй. Флорентино Ариза
өрөөгүй зорчигчдын ихэнх нь шөнө дунд мэт л унтаж байдаг гол танхимд сууж байхдаа
хэсэгхэн зүүрмэглэхдээ Росальбаг харж, түүнийг хөлөг онгоцонд суусан газрынхаа
ойролцоо байна хэмээн зүүдэлжээ. Росальба өмнөх зууны үеийн Момпокс хотынхны
өмсдөг хувцсыг өмсч ганцаараа аялж байсан бөгөөд таазанд өлгөсөн сүлжмэл сагсан
дотор хүүхэд нь бус, тэр өөрөө унтаж байлаа. Тун нууцлаг, хөгжилтэй зүүд байсан
тул ахмад Самаритано болон хоёр зорчигч найзтайгаа даалуу тоглож байхдаа өдрийн
турш эргэн санаж таашаалтайхан инээмсэглэсээр суусан билээ.
Нар хэвийх алдад халуун арай гайгүй болж, хөлөг дээр ч
хөл хөдөлгөөн буцлаад ирэв. Зорчигчид нозоорлоосоо сэргэн, усанд орж, цэвэрхэн
хувцсаа өмсөн гарч ирээд оройн хоол хүртэл гол танхимийн гөрмөл сандлыг эзлэн
суув. Зорчигчдын доогтойхон найрсаг алга ташилтын дунд тавцан дээгүүр нэг
захаас нөгөө зах хүртэл ламтны хонх дуугарган яваа зөөгч залуу оройн хоол яг
таван цагт шүү хэмээн зарлаж байлаа. Зорчигчид оройн зоогоо барьж байх зуур
ардын хөгжмийн хамтлаг тоглолтоо эхэлж, бүжиг цэнгээн шөнө дунд хүртэл
үргэлжилжээ.
Чихээр хатган өвдөж байсны улмаас Фермина Даза хооллохыг
хүссэнгүй, хөлөг онгоц овоолсон гуалин, тэр наймааг хийх ганц хөгшин өвгөнөөс
өөр юмгүй халзан тохойд анх удаа зогсож хөлгийн тогооны түлээ ачихыг харлаа.
Энэ хавьд тэр өвгөнөөс өөр хэн ч байхгүй юм шиг санагджээ. Фермина Дазад энэ
зогсолт удаан, уйтгартай, дэмий санагдаж, сэрүүн бүхээгт дээр сууж байсан ч
гадаах халуун агаар мэдрэгдсээр байлаа. Гэвч хөлөг онгоц тохойгоос хөдлөн гол
руу ороход ширэнгэ ойн үнэртэй шинэхэн салхи үлээж, хөгжмийн ая ч илүү
хөгжилтэй болж ирэв. Шинэ газар тосгонд нэг л байшингийн ганцхан цонх гэрэлтэй
байж, боомтын захиргааны байрнаас хөлөг онгоцны зорчигч, эсвэл ачаа байгаа
гэсэн дохио өгсөнгүй тул дохио өгч мэндлэлгүй цааш явжээ.
Флорентино Ариза өрөөнийх нь хаалгыг тогшиж өөртэй
уулзахгүй яаж байж чадаж байна аа хэмээн Фермина Даза үдшийн турш өөрсөө асууж,
найман цаг дөхөөд ирэхэд түүнтэй хамт байх хүслээ тэвчиж дийлэхээ больжээ.
Түүнтэй санамсаргүй таарч юуны магад гэсэн итгэлтэйгээр өрөөнөөсөө гараад
холдсон ч үгүй гадаа хонгилын үзүүрт Эвангелийн цэцэрлэгт байсан шигээ
гунигтай, чимээгүйхэн сууж байгаа Флорентино Аризатай таарлаа. Тэрээр мөн хоёр
цаг гаруйн өмнөөс Ферминатай хэрхэн уулзах билээ хэмээн толгойгоо гашилган сууж
байсан аж. Тэд хоёул гайхсан дүр эсгэж, амралтынхаа баяр цэнгэлд алжааж ядарсан
дуу шуутай оюутан голдуу залуусаар дүүрсэн нэгдүгээр зэрэглэлийн тавцан дээгүүр
хамтдаа алхлаа. Флорентино Ариза, Фермина Даза хоёр уушийн талбай руу орж
оюутнууд шиг баарны лангууны өмнө сууж шилтэй сэрүүн ундаа аваад ууж байтал
Ферминагийн царай гэнэт айсан өнгөөр солигдож “Ямар аймаар юм бэ” хэмээн
дуугарчээ. Юу бодоод ингэж айсныг нь Флорентино Ариза асуулаа.
-Завиар аялж яваад сэлүүрээр зодуулж амиа алдсан хөөрхий
хоёр хөгшнийг бодоод гэж хэлжээ.
Харанхуй алсыг харагч дээр сайхан ярилцаж, хөгжим дууссаны
дараа унтахаар явцгаалаа. Саргүй, тэнгэр бүрхэг, тэнгэрийн хаяанд аянгагүй
цахилгаан цахиж тэднийг хэсэгхэн гэрэлтүүлж байсан юм. Флорентино Ариза
Фермианд тамхи ороож өгсөн ч тэрээр дөрвөөс илүүг татсангүй. Чихнийх нь өвчин
хэсэгхэн гайгүй болж, хөлөг онгоц өөр хөлөгтэй зөрж дүнгэнэн дохио өгөхөд,
эсвэл голын гүнээс болгоомжлон аяархан хөвж байхад өвчин нь нэмэгдсээр байсан
аж. Флорентино Ариза түүнийг Цэцгийн наадам дээр, агаарын бөмбөлгөөр нисэхэд
нь, акробатчны дугуйн дээр явахад нь ямар их хүсэл, шуналтай харж, олон нийтийн
баяр, арга хэмжээн дээр зөвхөн түүнийг харах гэж тэсч ядан хүлээдэг байснаа
түүнд ярилаа. Фермина ч түүнтэй олон удаа таарч байсан ч тэр зөвхөн өөрийг нь
харах гэж ирдэг байсан гэдгийг төсөөлж байгаагүй юм. Ердөө нэг жилийн өмнө, тэр
яагаад Цэцгийн наадамд ордоггүй юм бол, орвол баталгаатай түрүүлнэ дээ хэмээн
гэнэт өөрөөсөө асууж байсан удаатай. Гэвч Флорентино Ариза түүнд худлаа ярьж,
зөвхөн чамд зориулж бичиж, чамд зориулж шүлэг зохиож, тэрийгээ зөвхөн өөрөө
уншдаг байсан гэж хэлжээ. Энэ удаа харанхуйд Фермина түүний гарыг хайсан ч
өмнөх шөнө өөрөө түүний гарыг хүлээж байсан шиг гарыг олсонгүй, тэгээд гарыг нь
гэнэт барьж автал Флорентино Аризагийн зүрх нь царцах шиг болжээ.
-Эмэгтэйчүүд гэж хачин хүмүүс шүү хэмээн тэрээр хэлжээ.
Фермина залуу тагтаа шиг гүнзгий, чанга инээгээд нөгөө
хоёр хөгшний тухай бодолдоо автлаа. Тэдний дүр төрөх түүнээс салж чадахгүй
байсан юм. Гэвч тэр орой тун сайн, тайван, бүх буруутгалаас ангид юм шиг
сэтгэгдэл төрж байсан аж. Амьдралдаа ийм тохиолдолтой цөөхөн таарч байсан
билээ. Чимээгүй, гар нь түүний гарт атгаастай мөс шиг хөлөрсөөр, яг ингээд үүр
цайтал баймаар санагдсан ч чихнийхээ өвчнийг тэсвэрлэж чадсангүй. Хөгжим зогсон
чимээгүй болж, зорчигчдын хөл үймээн намдан гол танхимд дүүжин ороо өлгөхөд
чихнийх нь өвчин түүнтэй хамт байх хүслээс ч илүү хүчтэй болж иржээ. Үүнийгээ
түүнд хэлэхэд л тайвширч өвчин нь гайгүй болно гэж мэдэж байсан ч санааг нь
зовоохын нэмэр гээд хэлсэнгүй. Одоо түүнтэй бүх л насаараа хамт амьдарч, таньж
мэдсэн юм шиг санагдаж, гэртээ харихад л чихний өвчин нь намддаг бол тэрээр
хөлгийг боомт руу буцах тушаалыг өгөх эрх, мэдэлтэй гэж боджээ.
Флорентино Ариза энэ шөнө иймэрхүү байдалтай байх биз
хэмээн таамаглаад биеэ татаж авчээ. Тэгээд өрөөний үүдэнд ирээд нэг үнсээд
салах гэж хичээтэл Фермина зүүн хацраа тавьж өгчээ. Флорентино Ариза амьсгаагаа
таслан байж уруул дээр нь үнсэхээр зүтгэсэнд тэрээр сурагч байхаасаа ч
харагдаагүй аальгүй зангаар баруун хацраа тавьж өгчээ. Тэгэхээр нь дахин
зүтгэсэнд Фермина түүнийг уруул дээрээ хүлээн авахдаа дотроо чичрэн догдолсон ч
хуримын шөнөөсөө хойш мартагдсан инээдээр үүнийгээ нуух гэж оролджээ.
-Бурхан минь, энэ хөлөг онгоцон дээр чинь би бүр
галзуурах нь ээ гэжээ.
Флорентино Аризагийн дотор зарсхийлээ. Фермина өөрөө хэлж
байсанчлан, нээрээ л түүнээс насных нь исгэлэн үнэр ханхалж байсан юм. Гэсэн
хэдий ч, тэрээр нойрссон дүүжин орнуудын дундуур өөртөө зам гарган өрөө рүүгээ
явж байхдаа “Би түүнээс дөрвөн насаар ах юм чинь бас л ийм үнэртэй байгаа биз.
Тэр ч мөн над шиг зүйл мэдэрсэн байх” хэмээн бодож өөрийгөө тайвшруулж явсан
билээ. Тэрээр хамгийн эртний амрагуудаасаа, тэд ч өөрөөс нь мэдэрдэг байсан
хүний исэлдлийн үнэр байсан юм. Түс тас, шулуухан үгтэй Назаретийн бэлэвсэн
эхнэр “Бид ч тахианы байр шиг үнэртэй болжээ” хэмээн хэлсэн удаатай. Миний үнэр
чиний үнэрийн эсрэг хэмээн тэнцүүлдэг байсан тул тэд нэг нэгнээ тэвчсээр ирсэн
аж. Харин живхний үнэр нь эхийн сэтгэлийг өдөөдөг Америка Викуньятай
болгоомжтой харилцдаг байсан бөгөөд охин заваан хөгшин хүний үнэрийг нь
тэвчдэггүй байсан нь түүнийг тавгүйтүүлдэг байж билээ. Гэвч энэ бүгд ард
хоцорчээ. Хамгийн чухал нь, авга эгч Эсколастика нь цахилгаан мэдээний газрын
үйлчилгээний тавцан дээр мөргөлийн номоо орхисон тэр үдшээс хойш Флорентино
Ариза анх удаа энэ шөнийнх шиг аз жаргалыг анх удаа мэдрэхдээ тун хүчтэй
сэтгэгдэлд автаж айх ч шиг болжээ.
Дөнгөж зүүрмэглэж, хөлөг онгоц үүрийн таван цагт Замбрано
боомт дээр ирэхэд хөлгийн зарлага түүнийг сэрээж яаралтай цахилгаан мэдээ
гардуулж өглөө. Өмнөх өдрийн огноотой, Леона Кассианийн гарын үсэгтэй Америка
Викунья өчигдөр учир битүүлгээр амьсгал хураажээ хэмээн бүх аймшгийг нэг мөрт
багтаан бичсэн байв. Өглөөний арваннэгэн цагт тэрээр хар залуудаа цахилгаан
мэдээчнээр ажиллаж байснаасаа хойш дахиж хэрэглээгүй цахилгаан мэдээ дамжуулагч
төхөөрөмжийн ард өөрөө сууж байгаад Леона Кассианитэй харилцаж нарийн ширийн
зүйлийг мэдэж авчээ. Сүүлчийн шалгалтдаа унаж сэтгэл санааны гүн хямралд орсон
Америка Викунья сургуулийнхаа эмнэлгээс хулгайлж авсан өвчин намдаагч шингэнийг
ууж орхисон байв. Энэ нь бүрэн бус мэдээ гэдгийг Флорентино Ариза зүрхнийхээ
гүнд мэдэж байлаа. Гэвч үгүй байжээ. Америка Викунья амиа хорлох шийдвэртээ хэн
нэгнийг буруутгасан ямар нэг бичиг, тэмдэглэл үлдээгээгүй байсан юм. Леона
Кассианигаас эмгэнэлт мэдээ сонссон аав, ээж нь энэ үеэр Пуэрто Падре хотоос
ирж, оршуулга нь орой таван цагт товлогджээ. Флорентино Ариза амьсгаа авлаа.
Тэрхүү дурсамжаар өөрийгөө сэмлэхгүй байх нь цаашид үргэлжлүүлэн амьдрахын тулд
хийж чадах цорын ганц зүйл байсан юм. Охинтой холбоотой дурсамжаа ой ухаанаасаа
арилгаж хаясан ч хуучин шарх сорви нь гэнэт татвалзан хатгах мэт тэрхүү дурсамж
үлдсэн амьдралынх нь туршид өөрийн эрхгүй хаяа нэг эргэн амилж байсан билээ.
Дараагийн өдрүүд халуун, дуусашгүй мэт байлаа. Гол дахин
булингартаж, улам л нарийн болж, эхний аялалд нь Флорентино Аризаг гайхуулж
байсан том, өтгөн моддын оронд хуйхлагдсан хөндий, хөлөг онгоцны зуух руу
бүхлээрээ орж халзарсан ой шугуй, хахир хатуу ган гачгийн үед ч гудамж нь усны
үерт автсаар байгаа бурханд хаягдсан тосгон суурингийн үлдэгдэл харагдах аж.
Шөнөөр тэднийг элсэн эрэг дээрх далайн үхрийн хангинасан дуу биш, тэнгисийн зүг
хөвөн урсаж буй бөөлжис цутгам эвгүй үнэртэй хүний цогцсууд сэрээжээ. Дайн
дажин болоогүй, нийтийг хамарсан өвчин дэгдээгүй байсан ч цогцсууд урсан
өнгөрсөөр байлаа. Ахмад нухацтайхан дуугарч “Тохиолдлоор усанд живж үхсэн
хүмүүс гэж зорчигчдод хэлэх тушаалтай” гэжээ. Бусад цаг үед үд дундын халууныг
нэмэгдүүлдэг тотьнуудын шаагилдах дуу, сармагчингуудын шуугианы оронд сүйрч
хоосорсон талын аглаг зэлүүд аниргүй байдал л үлджээ.
Түлээгээ татах газар цөөн, хоорондоо хол зайтай байсан
тул Шинэ үнэнч сэтгэл аялалын дөрөв дэх өдөртөө түлшгүй болж зогслоо. Бараг нэг
долоо хоног уяатай зогсож, хөлгийн багийнхан үнсэн намаг балчиг руу нэвтрэн орж
энд тэнд л нэг ёрдойх сүүлчийн модны эрэлд гарч байлаа. Мод гээд байх юм
байсангүй, газрын эздийн харгислалаас айсан түлээчид газар нутгаасаа дүрвэж, үл
үзэгдэх тахал, эрх баригчдын хуурамч зарлигаар аргацаасан үнэн нүүрээ
халхавчилсан дайнаас ч зугтаан алга болжээ. Энэ хооронд уйдсан зорчигчид усанд
сэлэлтийн тэмцээн хийж, ав хомрогын аян зохион байгуулж игуана гүрвэл барьж
авчран гэдсийг нь зүсч онгойлгон нэвт гэрэлтсэн, зөөлхөн багц өндгийг нь аваад
хөлгийн төмөр хашлага дээр хатаахаар тавиад гүрвэлийн гэдсийг олсон утсаар
буцаан оёж байв. Ойрхон тосгоны ядуу биеэ үнэлэгчид түлээ, мод хайж байсан
хөлгийн багийн гишүүдийн мөрийг мөшгиж ирээд эрэг хавиар майхнаа барьж, задгай
гал дээр хоол унд хийж, хөгжмөө дуугарган гацаж зогссон хөлөг онгоцны өмнүүр
шаагилдан холхих болов. Флорентино Ариза Карибын гол мөрний компанийн
ерөнхийлөгч болохоосоо өмнө голын усны талаарх түгшүүртэй мэдээллийг хүлээн
авдаг байсан ч бараг уншдаггүй байлаа. “Битгий санаагаа зовоо. Мод, түлээ
дуусвал нефть, шатахуунаар явдаг хөлөг онгоц гараад ирнэ” хэмээн түншүүдээ
тайвшруулдаг байсан юм. Фермина Дазад татагдан хөөрч явахдаа энэ тухай бодож
биеэ чилээхийг хүссэнгүй, харин бодит байдалтай тулгараад өөр гол дээр
аваачихаас өөр юу ч хийж чадахгүйгээ мэджээ. Ус ихтэй сайхан байх үеэс л
уламжлал болсны дагуу унтахын тулд шөнөдөө хөлөг онгоцоо аргамжихад бараг амьд
байгаагаа хүртэл тэсч тэвчих аргагүй болж байлаа. Зорчигчдын ихэнх нь, тэр
тусмаа европчууд өрөөний эвгүй муухай үнэрээс зугтаж тавцан дээгүүр зугаалж
шөнийг өнгөрөөхдөө зогсолгүй урсах хөлсөө арчин хатааж буй алчуураараа
тааралдсан амьтдаа айлган үргээж, эцэст нь хазуулж, эцэж ядарсан хүмүүс үүр
цайлгадаг байлаа. XIX зууны эхээр нэгэн англи аялагч ганц хүний завь болон
луусны холимог аялалын талаар “Энэ бол хүн төрөлхтний хийж болох хамгийн муу,
хамгийн тухгүй аялалын нэг” хэмээн бичиж байсан юм. Уурын хөлөг онгоц гарч
ирснээс хойшх эхний наян жилд ингэж аялахаа больсон ч матрууд сүүлчийн
эрвээхэйг залгиж, эм далайн үхэрнүүд устаж, тоть, сармагчин болон тосгон суурин
дуусаж, бүх юм дуусахад англи аялагчийн хэлсэн үг эргээд биеллээ олох болсон
билээ.
-Зүгээр ээ. Хэдэн жилийн дараа бид энэ голын хуурай
сайраар тансаг автомашинтай явах болно хэмээн ахмад инээд алдан хэллээ.
Фермина Даза, Флорентино Ариза хоёр эхний гурван өдрийг
агааржуулагчтай өрөөний алсыг харагч дотор халуунаас ангид өнгөрүүлсэн ч дараа
нь түлээ, мод хомсдож хөргөлтийн систем доголдож эхэлсэн тул Ерөнхийлөгчийн
өрөө уурын зуух мэт болж ирлээ. Фермина шөнөдөө онгорхой црнхоор орж ирэх голын
жаахан салхиар өөрийгөө аргацаан, хөлөг онгоц зогссон үед шавьж үргээх цацлага
нэмэргүй тул алчуураар шумуул үргээж байлаа. Чихнийх нь өвчин дахин
тэсвэрлэшгүй болсоор байсан ч нэг өглөө сэрэхэд нөгөө өвчин нь чарчигнан
дуугарч байгаад хагарч үхсэн царцаа мэт гэнэт, бүрэн алга болсон байлаа. Гэвч
орой болж Флорентино Ариза нэг талаас нь үг хэлтэл сонсогдсонгүй, толгойгоо
эргүүлж баруун чихээ тавьж өгөхдөө л зүүн чих нь сонсголгүй болсныг мэджээ.
Насны эдгэршгүй доголдлуудын нэг биз хэмээн эвлэрээд энэ тухайгаа хэнд ч
хэлсэнгүй.
Хөлөг онгоц гацаж зогссон нь тэр хоёрын хувьд азтай
тохиол болжээ. Флорентино Ариза нэг удаа “Гай зовлон тохиолдоход хайр сэтгэл
улам агуу, сүр жавхлантай болдог” хэмээн уншиж байсан аж. Ерөнхийлөгчийн
өрөөний чийглэг бүгчим агаар тэднийг хиймэл нозоорлын байдалд оруулж, юм
ярилгүйгээр бие биеэ хайрлаж суухад бүр амар болжээ. Хашлаганы хажуу дахь
сүлжмэл сандал дээр гар гараа барин сууж төсөөлшгүй цаг мөчүүдийг өнгөрөөж,
удаанаар үнсэлцэж, ямар нэг саадгүй, яарч адгасан юмгүй энхрийлэлдээ согтууран
цэнгэж байлаа. Бүгчим халуу шатсан гурав дахь орой Фермина үеэл
Хильдебрандагийн армитай нууцаар, дараа нь гэрлэж хүүхэдтэй болсон хойноо
дээдсийн хүрээллийн найз хүүхнүүдтэйгээ өрөөндөө түгжиж байгаад уудаг байсан
исгэмэл дарстай хүлээж байлаа. Хувь заяагаа хэтэрхий тод саруулаар эргэн санаад
байхгүйн тулд Фермина ийнхүү жаахан сатаарч, анхаарлаа сарниулах хэрэгтэй
байсан ч Флорентино Ариза эцсийн алхмыг хийлгэх зүрх зориг өгөх гэж ингэсэн юм
байна гэж боджээ.Энэ мөрөөдөлдөө хөөрч баярласан тэрээр Ферминагийн үрчийсэн
хүзүү, нарийхан төмөр саваатай даашинзаар хуяглагдсан энгэр цээж, цаг хугацаанд
идэгдэж хэрзийсэн ташаа, хөгшин согооны хасыг нь хурууныхаа өндгөөр илбэн
тааллаа. Фермина нүдээ анин түүнийг таатайяа хүлээн авсан ч чичирсэнгүй, тамхиа
татаж, дарснаас үе үе шимсээр байв. Эцэст нь, хайр энхрийлэл хэвлий рүү нь
гулсан ороход зүрх нь аль хэдийнэ исгэмэл дарсаар дүүрээд ирсэн байлаа.
-Ингэх дээрээ тулсан юм бол яая гэхэв, түүнийг хийцгээе.
Гэхдээ том хүмүүс шиг л шүү хэмээн Фермина хэлжээ.
Тэрээр Флорентино Аризаг гэрэл нь асаалттай байгаа
унтлагын өрөө рүү дагуулж ороод ичиж зоволгүйгээр хувцсыг нь тайлж эхлэв.
Флорентино Ариза өөрийгөө хянах гэж хичээн орон дээр дээшээ харан сунайн
хэвтэхдээ авлачихсан байгаа барын арьсаар юу хийх вэ гэдгээ мэдсэнгүй. Фермина
“Битгий хараарай” гэв. Флорентино адраас харцаа салгалгүйгээр “Яагаад” хэмээн
асуусанд,
-Яагаад гэвэл чамд таалагдахгүй гэж хариулжээ.
Флорентино Ариза толгойгоо өндийлгөөд бүсэлхий хүртлээ
нүцгэн байгаа түүнийг харахад яг л төсөөлж байсан эмэгтэй нь зогсож байв. Мөр
нь үрчийж, хөх нь унжин, хавирга нь мэлхийнийх шиг хорчийсон, хүйтэн арьсаар
бүрхэгджээ. Тэрээр дөнгөж тайлсан цамцаараа энгэрээ хаагаад гэрлийг унтраалаа.
Флорентино мөн харанхуйд хувцсаа тайлж, тайлсан хувцас бүрээ түүний дээрээс
шидэж Фермина ч чанга инээн түүнийг нь буцаан шидэж байлаа.
Тэд нэлээд удаан дээшээ харан хэвтэж, Флорентиногийн
манараа нь гарах тусам сандарч, харин Фермина тайван, бараг л хайхрамжгүй
хэвтэж байсан ч уусан дарс нь гарах тусам үргэлж инээд нь хүрдэг шиг түүнийг
инээх шалтаг битгий өгөөсэй хэмээн бурханд залбирч байсан юм. Тэд цаг нөгцөөх
гэж ярилцсаар байв. Өөрсдийнхөө, тус тусынхаа амьдрал, зогсчихсон хөлөг онгоцны
харанхуй өрөөнд хамтдаа нүцгэн хэвтэж буй итгэмээргүй тохиолдлынхоо тухай
хөөрөлдөж, эрүүл саруулаар бодох юм бол тэдэнд цаг хугацаа үлдээгүй, харин
үхлээ хүлээх л цаг хугацаа үлдсэнийг ярилцаж байсан юм. Аливаа үйл явдлыг
болохоос нь өмнө олоод мэдчихдэг хотод түүнийг ядаж нэг эмэгтэй хүнтэй хамт
байсан гэж Фермина огт сонсож байгаагүй билээ. Үүнийгээ санамсаргүй байдлаар түүнд
хэлсэнд хоолой нь чичирхийлсэн ч үгүй шууд л,
-Би одоо хүртэл чиний төлөө онгон явж ирлээ гэж
хариулжээ.
Энэ нь үнэн байлаа ч гэсэн Фермина итгэсэнгүй. Учир нь,
түүний хайрын захидлууд утга агуулгаараа бус, хэтрүүлэг, гайхуулах хүчээрээ
ялгардаг иймэрхүү үгнээс бүтдэг байсан юм. Гэвч ингэж хэлсэн зүрх зориг нь
таалагджээ. Флорентино Ариза, тэр гэр бүлээсээ гадуур ямар нэг нууц амьдралтай
байсан юм биш биз хэмээн өөрөөсөө хэзээ ч асууж зүрхлээгүй зүйлээ гэнэт
өөрөөсөө асуулаа. Ийм байлаа ч гэсэн тэр гайхахгүй байсан. Учир нь, эмэгтэйчүүд
нөгөө л заль мэх, нөгөө л гэнэтийн хүсэл, нөгөө л харуусалгүй урвалт зэрэг нууц
адал явдал дээрээ эрчүүдтэй адилхан байдгийг Флорентино Ариза мэддэг байсан юм.
Гэвч үүнийгээ асуугаагүй нь оножээ. Сүмийн удирдлагатай харилцаа холбоо нь
нэлээн муудаад байсан цаг үед нүглийг наманчлуулагч санваартан ярилцаж буй
сэдвээсээ гэнэт халин Ферминагаас, та нөхөртөө үнэнч бус байсан ямар нэг
тохиолдол бий юу хэмээн асуусанд тэрээр хариу өгсөнгүй, баяртай ч гэсэнгүй
наманчлалаа тасалж босоод явчихжээ. Тэрээр дахин энэ болон өөр ямар ч ламтан
дээр нүглээ наманчлах гэж дахиж хэзээ ч буцаж очоогүй билээ. Харин Флорентино
Аризагийн хаширлал санаандгүй шагнал авчирлаа. Фермина харанхуйд гараа явуулж
гэдэс, ташааг нь, бараг үсгүй умдагийг нь энхрийлэн таалж байснаа “Чи хүүхэд
шиг арьстай юм” гэжээ. Дараа нь шийдмэг алхам хийж нөгөөхийг байхгүй газраар нь
хайж, тэгснээ дахиад итгэлтэйгээр хайсаар гулдайн хэвтэж байхад нь олоод авлаа.
-Наадах чинь үхчихэж гэж Флорентино хэлжээ.
Ийм зүйл түүнд байнга тохиолдож, үргэлж л анхных юм шиг
тухай бүрт нь дахин суралцах хэрэгтэй болсоор энэхүү хий үзэгдэлтэй хамтран
амьдарч сурчээ. Флорентино Ариза түүний гарыг авч цээжин дээрээ тавихад Фермина
Даза өсвөр залуугийнх шиг цуцашгүйгээр хүчтэй, яарангуй, замбараагүй цохилж
байгаа хөгшин зүрхийг бариад авсан мэт мэдэрчээ. “Үүн дээр хэтэрхий их хайр
байх нь огт байгаагүйтэй л адилхан байх юм даа” хэмээн Флорентино Ариза
өгүүлэв. Гэхдээ ичингүйрч, өөртөө уурсаж, бүтэлгүйтэлдээ түүнийг буруутгах
шалтгаан хайж тийм ч итгэлтэй бус ингэж хэлсэн юм. Үүнийг нь мэдсэн Фермина
инээмсэглэн, эрх муур шиг л хамгаалалтгүй хоцорсон биеийг нь энхрийлэн
өдөөсөөр, өршөөлгүйгээр таашаал авч байсанд Флорентино энэхүү тарчлааныг нь
тэсч чадалгүй босоод өрөө рүүгээ явжээ. Түүний хайр сэтгэлд нэгэнт итгэсэн
Фермина үүр цайтал түүнийг бодсоор, уусан дарс нь аажмаар алга болох тусам
харуусалд эзлэгдэж, түүний дургүй нь хүрч хэзээ ч буцаж ирэхгүй байх гэж
боджээ.
Гэвч Флорентино Ариза тэр өдрөө, санаанд ч ороогүй
өглөөний арваннэгэн цагт тун ч шинэхэн, сэргэсэн байдалтай буцаж ирээд түүний
өмнө ихэд бардам нүцгэлэв. Фермина харанхуйд төсөөлж байсантайгаа яг адил
насгүй болсон, хар бараан, гялалзсан, дэлгэсэн нарны шүхэр шиг чанга арьстай,
суга, умдаганд нь цөөхөн, өрвийснөөс өөр үсгүй түүнийг гэгээн цагаан өдрөөр
таашаалтайхан харжээ. Түүний харуул бэлэн байдалд орж, тэрээр зэвсгээ зүгээр ч
нэг харуулаагүй, өөртөө зориг оруулахын тулд дайны олж мэт харуулж байна
гэдгийг Фермина ойлгожээ. Үүр цүүрийн сэвэлзсэн салхи гарахад л өмсчихсөн байсан
унтлагын цамцаа тайлах ч завдал өгсөнгүй эмэгтэй хүнтэй анх учирч буй банди шиг
л яаран дайрахыг Фермина хараад өрөвдөж харууссандаа дагжин чичирчээ. Гэвч
Ферминад яршигтай санандсангүй, яагаад гэвэл ийм тохиолдолд хайр, өрөвч сэтгэл
хоёрыг ялгаж салгахад амаргүй байдаг аж. Тэгээд дууссаны дараа сэтгэл нь
хоосорсон мэт санагджээ.
Сүүлийн хорин жилд анх удаа загас наадуулж байгаа Фермина
Даза энэ олон жил завсарласны эцэст өдий насан дээрээ хийхээр ямар байдаг бол
гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн юм. Гэвч тэрээр Ферминагийн бие сэтгэл нь ч бас
түүнийг хүсч байгаа эсэхийг мэдэх зав өгсөнгүй. Бүх зүйл хурдан, гунигтай болж
өнгөрөөд, Фермина “Бид бүгдийг үзчихлээ. Ингээд бүх зүйл дуусах биз” гэж
боджээ. Гэвч тэр алджээ. Хоёул гутарч, Флорентино бүдүүлэг аашилсандаа
харамсаж, Фермина исгэмэл дарсанд галзуурсандаа хэлээ хазсан ч тэд дараагийн
өдрүүдэд бие биенээсээ нэг ч мөч холдсонгүй. Хоол идэх гэж л өрөөнөөсөө гарч
байсан юм. Хөлөг онгоцонд нь хадгалах гэсэн ямар ч нууцыг зөнгөөрөө мэдчихдэг
ахмад Самаритано тэдэнд өглөө бүр цагаан сарнай илгээж, тэдний үеийн вальс
хөгжим тоглуулж, сэрэл, дур төрүүлдэг орцтой хоол бэлтгэн наргиан болгож
явуулах болов. Сэрэл сэтгэл нь өөрөө хүрээд ирэх хүртэл тэд дахин учран золгох
гэж хичээсэнгүй. Зүгээр л хамтдаа байх энгийн аз жаргал нь тэд нарт хангалттай
байсан билээ.
Арваннэгэн өдөр аялсны эцэст өдрийн хоолны дараа сүүлчийн
боомт Ла Дорадад ирнэ гэсэн бичиг ахмадаас ирэхэд тэд өрөөнөөсөө гарах бодолгүй
сууж байсан юм. Фермина Даза, Флорентино Ариза хоёр саарал наранд гэрэлтэн
гялтганах олон байшинтай толгодыг өрөөнөөсөө хараад яагаад ийм нэр өгснийг
ойлгосон ч зуух шиг аахилсан халуун агаарыг нь мэдэрч, гудамжинд замын хар
буцалгахыг хараад тэр бодол нь сарнин алга болов. Үүнээс гадна, хөлөг онгоц
тэнд биш, Санта Фе төмөр замын эцсийн зогсоол байдаг нөгөө эрэгт нь зангуугаа
хаян зогссон байлаа.
Зорчигчид буунгуут тэд оромжоосоо бушуухан гарав. Фермина
Даза гол танхимийн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, тоглоом шиг хэлхээтэй
чиргүүлд ачиж авчирсан цүнх, саваа ялгаж авах гэсэн шаагилдсан олон хүнийг
хоёул тавцан дээрээс ажиглаж байлаа. Тэд, тэр тусмаа зузаан хүрэм, тоостой
халуун цаг агаарт тохиромжгүй өмнөх зууны үеийн бүрх малгайтай эмэгтэйчүүд нь
харваас Европоос ирсэн бололтой. Зарим бүсгүй халуунд хатан хорчийж байгаа төмсний
гоё цагаан цэцгээр үсээ чимсэн байв. Тэд мөрөөдлийн тал нутгийг нэг өдрийн турш
галт тэргээр туулсны дараа Андын нурууны хөндийг гаталж дөнгөж ирээд, Карибын
цаг агаарт зориулж хувцсаа ч солих завгүй бужигнаж байлаа.
Захын нүргээн шуугианы дунд цөхөрсөн царайтай ихэд хөгшин
нэг өвгөн гуйлгачны хүрэмний халааснаасаа тахианы дэгдээхэй сугалан гаргаж
байв. Тэр хүн гэнэт гарч ирэн, өөр өндөр, том биетэй хэн нэгнийх байсан нь
гарцаагүй урагдаж ноорсон нэлмэгэр хувцастайгаа олон хүний дундуур зам гарган явж
байлаа. Бүрх малгайгаа авч зоос хийгээрэй гэж буй мэт хөлөг онгоцны зогсоол
дээр дээш нь харуулан тавиад, цайвар хөөрхөн дэгдээхэйнүүдийг халааснаасаа атга
атгаар нь гаргаж ирэх нь гар дээр нь үржин олширч буй мэт харагдаж байв. Хаа
саагүй шулганан ганганаж сандарсан дэгдээхэйгээр зогсоол нэг хэсэгтээ
бүрхэгдэж, яарсан зорчигчид анзаарсан ч юмгүй гишгэчиж байсан юм. Өөрт нь
зориулсан юм шиг санагдсан гайхалтай үзүүлбэрт сэтгэл нь хөдөлсөн Фермина Даза
ганцаараа үүнийг харж байхдаа буцах аялалын зорчигчид хэзээ хөлөг онгоцонд сууж
эхэлснийг ч анзаарсангүй. Зугаа цэнгэл дуусчээ. Ирж байгаа хүмүүс дотор олон
танил нүүр, бүр гэрт нь ирж эмгэнэл илэрхийлсэн хүмүүс ч байхыг харчихаад
бушуухан өрөөндөө эргэн орж бүглээ. Нөхөр нь нас бараад удаа ч үгүй байхад нь сэтгэлээ
тайтгаруулж аялах гэсэн хөлөг онгоц дээр танил хүмүүсийнхээ нүдэнд өртөхөөс
өмнө үхэхийг илүүд үзэж тавгүйтсэн Ферминаг Флорентино Ариза олж харлаа.
Гутарсан сэтгэлийг нь дагаж түгшсэн Флорентино Ариза шорон шиг санагдах болсон
хөлөг онгоцны өрөөнөөс өөрөөр түүнийг хамгаалж өмгөөлнө гэдгээ амлалаа.
Хувийн хоолны өрөөнд оройн зоог барьж байхад энэ санаа
гэнэт орж иржээ. Ахмад аль дээрээс л ярилцахыг хүсч байсан нэг асуудалд санаа
нь зовсоор байсан ч Флорентино Ариза “Үүнийг чинь Леона Кассиани надаас илүү
зохицуулчихна” гэсэн байнгын шалтгаа тоочиж бултсаар ирсэн юм. Гэхдээ энэ удаа
түүнийг сонсчээ. Гол өгсөхдөө ачаа ачиж явдаг хөлөг онгоцууд уруудахдаа хоосон
буцдаг бол, зорчигчид дээр энэ нь эсрэгээрээ байдаг байв. “Ачаа ачвал тэд илүү
мөнгө төлж, дээр нь хоол иддэггүй давуу талтай” хэмээн ахмад хэлжээ. Фермина
Даза дуртай дургүй хооллож, ялгаатай үнэ ханш тогтоох нь зохистой гэсэн хоёр
эрийн сонирхолгүй маргаанд уйдан сууж байлаа. Флорентино Ариза маргааныг
тэвчээртэй дуусгачихаад ахмадад авралын од мэт санагдсан асуултыг тавьжээ.
-Яадаг юм бол доо л гэж бодож байна. Ачаагүй, зорчигч ч
үгүй, юу ч үгүй, ямар ч боомтоор дайрахгүйгээр чигээрээ аялах боломж бий юу
хэмээн асуулаа.
Зөвхөн онолын хувьд л боломжтой хэмээн ахмад хэлэв.
Карибын гол мөрний компани өөрийн гэсэн ажил, үүргийн хариуцлагатай байдгийг
Флорентино Ариза хэнээс ч илүү мэдэх билээ. Ачаа ачих, зорчигч тээвэрлэх,
шуудан зөөх зэрэг өөр олон, ихэнх нь зайлшгүй чухал үүрэг хүлээдэг. Хөлөг онгоц
дээр тахал, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд л энэ бүх гэрээ, тохиролцоог
зөрчиж болдог байсан юм. Ийм үед хөлөг онгоцонд дээр хорио цээр тогтоож, шар
туг мандуулж онцгой эрхтэйгээр явдаг байсан аж. Магдалена мөрний сав газраар
олон удаа тахал дэгдэж, дараа нь эрх баригчид эмч нарыг албадан ердийн гэдэсний
хижиг өвчин байсан хэмээн бичиг хийлгэдэг байсан ч ахмад Самаритано хэд хэдэн
удаа ингэж явахаас өөр аргагүй болж байв. Үүнээс гадна, татвар төлөхгүй,
хүсэшгүй зорчигч авахгүй байх, мөн гэнэтийн нэгжлэгээс бултахын тулд шар туг
мандуулан эрх баригчдыг тохуурхсан олон тохиолдол гол мөрний түүхэнд гарч
байсан аж. Флорентино Ариза ширээн доогуур гараа явуулж Фермина Дазагийн гарыг
олж атгаад,
-За, сайн байна. Ерөөсөө ингээд явчихъя гэлээ.
Ахмад гайхсан ч тэр дороо хөгшин үнэгний зөнгөөрөө
бүгдийг сайн ойлгожээ.
-Би энэ хөлөг онгоц дээр тушаана, харин та надад тушаана.
Үнэхээр ингэж ярьж байгаа бол энэ тушаалыг надад бичгээр үйлдэж өгнө үү. Тэгээд
бид тэр даруйд нь хөдлөх болно гэж хэлжээ.
Үнэхээр тэгж шийдсэн тул Флорентино Ариза тушаалыг бичиж
гарын үсэг зурав. Хэдийгээр эрүүл ахуйн эрх баригчид баяртай мэдээ цацаж байсан
ч тахлын голомт арилаагүй гэдгийг бүгд мэдэж байсан билээ. Моторт доголдол
гарлаа хэмээн дээш нь гаргачихсан байсан цөөхөн ачааг буулгаж, зорчигчдыг нь
үүрээр өөр компанийн хөлөг онгоцонд суулган явууллаа. Иймэрхүү зүйлийг ёс
суртахуунгүй, зохисгүй шалтгааны улмаас хийдэг бол, яагаад хайр сэтгэлийн төлөө
хийж байгаа шударга зүйл биш байдаг билээ хэмээн Флорентино Ариза боджээ. Ахмад
Самаританогийн ганц хүссэн зүйл нь Наре боомт дээр зогсож, аялалд нь хань болох
хэн нэгнийг авах байлаа. Түүнд ч бас нуугдсан хайр сэтгэл байсан юм.
Ийнхүү Шинэ үнэнч сэтгэл дараа өдрийн үүрээр ачаагүй,
зорчигч ч үгүй, тахлын шар тугаа өндөрт мандуулан, ихэд баяртайгаар аян замдаа
гарлаа. Нар хэвийх үед Наре боомтод зогсч, ахмад шиг том биетэй, маш өндөр,
сахал тавьчихвал циркт ч тэнцэхээр ер бусын үзэсгэлэнтэй бүсгүйг авчээ. Түүнийг
Зенаида Невес гэх боловч ахмад Миний араатан гэж дуудах аж. Ахмад Самаритано
нэг боомтоос аваад нөгөө боомтод буулгадаг эртний найз бүсгүй нь тун ч баяр
хөөртэйгээр хөлөг онгоцонд суужээ. Тэр гунигтай үдэш лууснууд өгсдөг байсан
хуучин замаар Энвигадогийн галт тэрэг арай ядан өгсөхийг харсан Флорентино
Аризад анхны учралт Росальба эргэн санагдаж, гэгэлгэн дурсамждаа умбаж байтал Амазоны
усан бороо нижигнэн асгарч, аялал дуусан дуустал багахан завсартайгаар эргэн
орсоор байсан билээ. Гэвч хөвөгч баяр цэнгэл нь өөрийн гэсэн дээвэртэй байсан
тул энэ нь хэнд ч хамаагүй байв. Тэр шөнө Фермина Даза зугаа цэнгэлд нэмэр
болохоор гал тогоо руу бууж ирэхэд нөгөө гурав алга ташин угтаж, Флорентино
Ариза хайрын хаш ногоо хэмээн адислан нэр өгсөн зохиомол хоолыг бүгдэд зориулан
бэлтгэлээ.
Өдөр нь хөзөр тоглон, хагартлаа идэж, ихээхэн сайн үдийн
унтлага хийчихээд ядарч цуцсан амьтад гарч ирнэ. Тэгээд нар далд оров уу, үгүй
юу нийлэн хөгжим тоглож, яргай загастай исгэмэл дарсаа уун залхтлаа цэнгэн
хөгжилдөж байлаа. Хөлөг онгоц ч хөнгөхөн, долоо хоногийн турш орсон борооны
улмаас Магдалена мөрөн ч дээрээс орж ирсэн усаар нэмэгдэн их устай, улам дөлгөөхөн
болсон тул хурдан явж байлаа. Зарим тосгон суурингаас тахлаас сэргийлэн их
буугаар буудаж, тэд гунигтай яндан дохиогоо дуугарган хариу талархал илэрхийлж
байв. Замд зөрж буй ямар нэг компанийн хөлөг онгоцууд харууслын дохио өгч
байсан юм. Мерседесийн эх нутаг болох Маганге тосгонд үлдсэн аялалынхаа түлээг
базааж авлаа.
Хөлөг онгоцны яндан дохио эрүүл чихэнд нь хангинан
мэдрэгдэж эхлэхэд Фермина Даза цочсон ч дараагийн өдрөөс хоёр чих нь хоёулаа
сайн сонсох болов. Сарнай цэцэг урьд өмнөхөөс ч илүү үнэртэж, шувууд өчигдрөөс
илүү гоё жиргэн дуулж, бурхан өөрийг нь сэрээхээр нэг далайн үхрийг бүтээж
Тамаламекегийн эрэг дээр тавьсныг мэджээ. Түүнийг сонссон ахмад хөлгөө эргүүлж
ойртсонд гар дээрээ зулзагаа тэврэн хөхүүлж байгаа аварга том эм далайн үхрийг сайтар
харж чаджээ. Флорентина ч, Фермина ч тэр, яагаад нэг нэгэндээ ингэж их уусч,
ойлголцдог болсноо анзаараагүй юм. Фермина Даза түүнд бургуй тавихад нь тусалж,
унтахдаа аягатай усанд хийн орхидог хиймэл шүдийг нь сойзоор цэвэрлэх гэж
түүнээс эрт босч, Флорентиногийн нүдний шил уншиж, оёж цойлдоход нь яг таарч
байсан тул тэрээр гээсэн нүдний шилнийхээ асуудлыг бүрмөсөн нэг тийш нь
шийджээ. Нэг өглөө сэрээд бүрэнхийд цамцны товчоо хадан суугааг нь хараад хоёр
эхнэр хэрэгтэй юм байна гэдэг үгээ давтахаас нь өмнө яаран очоод товчийг нь
хадаж өгчээ. Харин Фермина түүнээс ганц зүйл хүсч байсан нь нурууныхаа өвчинд
бумба тавиулах байсан юм.
Хөлөг онгоцон дээр байсан хийл хөгжим Флоретино Аризагийн
эртний дурсамжийг хөглөж, дасгал хийсээр үд дунд гэхэд Титэмтэй охин тэнгэр
вальсийг дахин тоглож сураад, тэднийг хүчээр зогсоотол нь хэдэн цагийн турш
тогложээ. Нэг шөнө, Фермина Даза завиар аялж яваад завьчны сэлүүрээр зодуулан
амь насаа алдсан хоёр хөгшнийг зүүдэлж, амьдралдаа анх удаа уурлаж хорссондоо
бус, харуусч уйлахдаа амьсгаа нь давчдан гэнэт сэрлээ. Зогсолгүй орсоор байгаа
бороо түүний сэтгэлийг зовоосонгүй. Парис хотыг тун уйтгартай гэж боддог байсан
нь тийм биш юм байна, Санта Фегийн гудамжаар ч тийм олон оршуулга явдаггүй
байсан юм байна гэж боджээ. Флорентино Аризатай хийх шинэ аялалын мөрөөдлүүд нь
тэртээх тэнгэрийн хаяанд харагдаж байлаа. Тэр бол галзуу, олон авдар цүнхгүй,
ямар нэг амлалт, зорилгогүй хайрын аялалууд байсан юм.
Тэд хотын боомтод буцаж ирэхээсээ өмнө цаасаар цэцгэн
титэм хийж, олон өнгийн гэрэл асаан том баяр хийлээ. Ахмад, Зенаида хоёр тэр
үед зөвхөн эхлэл нь л зүрх сэтгэлийг хөвсөлзүүлж орхидог байсан болеро хөгжмийн
аянд бие биедээ наалдан их л халуухнаар бүжиглэв. Флорентино Ариза Фермина
Дазаг дотно вальс бүжгэнд зориглон урьсанд тэрээр татгалзжээ. Гэсэн хэдий ч,
Фермина хөгжмийн аясаар толгойгоо хөдөлгөж, өсгийгөө товшин сууж, ахмад
Самаритано энхрий араатантайгаа болеро бүжиглэн харанхуйд уусч байхад нэг л
мэдэхэд өөрийн мэдэлгүй суугаагаараа бүжиглэж байсан юм. Тэрээр нэлээн их дарс уусан
тул шатаар өгсөхөд нь туслах хэрэгтэй болов. Ингэж явахад Фермина гэнэт
нулимстай инээд цангинуулж бүгдийг түгшээж орхилоо. Гэвч тэрээр анхилуун
үнэртэй өрөөндөө ороод өөрийгөө хянан номхруулсны дараа тэд хал үзсэн хөгшин
хүмүүсийн эрүүл, дөлгөөхөн загасыг наадуулж, энэхүү галзуу аялалынхаа хамгийн
гоё дурсамжийг тамгалан үлдээсэн билээ. Флорентино, Фермина нар ахмад, Зенаида
хоёрын төсөөлж байсан шиг шинэхэн хос биш, оройтсон нь ч бас биш байсан аж. Тэд
эхнэр, нөхөр болж амьдрахын хамаг бэрхшээл, зовлонг давж гараад жинхэнэ хайрын
гол цөм рүү эргэлт буцалтгүй явж буй мэт санагдаж байсан юм. Тэр хоёр амьдралд
нухлагдаж шигшигдсэн хөгшин эхнэр, нөхөр шиг анир чимээгүйд тайван хэвтэж,
шунал тачаалын занганаас ангид, хуурмаг зэрэглээ, мөрөөдлийн балмад доог
тохуунаас хол, хайр дурлалаас ч бүр алсад оршиж байлаа. Хайр дурлал нь хаана ч,
ямар ч цаг үед хайр дурлал хэвээрээ л үлддэг, үхэлд илүү ойрхон байх тусам илүү
нягт, илүү хүчтэй болдог гэдгийг ойлгох хангалттай урт хугацаанд тэд хамтдаа
байсан юм.
Тэд зургаан цагт сэрлээ. Дарс их уусны улмаас Ферминагийн
толгой өвдөж, эмч Хувенал Урбино модноос хальтиран унах үеэсээ илүү бүдүүн,
илүү залуу болон буцан ирж, гэрийнхээ үүдний бүүвэйлэгч сандал дээр суугаад
түүнийг хүлээж байгаа мэт сэтгэгдэл төрж зүрхээр нь базлан түгшжээ. Гэсэн хэдий
ч энэ нь уусан дарснаас нь болсон бус, гэртээ буцан очиж байна гэдгээ
мэдэхтэйгээ эрүүл саруул байсан юм. Тэгээд,
-Үхэж байгаа шиг л юм болох биз гэж хэлжээ.
Хөлөг онгоц буцах замдаа орсноос хойш тайван байж чадахаа
больсныг нь мэдсэн юм шиг ингэж хэлсэн нь Флорентино Аризаг гайхашруулжээ. Тэр
ч, Фермина ч хөлөг онгоцны өрөөнөөс өөр гэрийг, хөлөг онгоцноос өөр газар
хооллоно гэдгийг төсөөлж чадахгүй байсан юм. Хөлөг онгоц дээрхээс өөр амьдрал
одоо тэдэнд харь, хөндий санагдах болсон билээ. Үнэндээ, өөр ертөнц тэдэнд
үхлийнх мэт л санагдаж байсан юм. Флорентино унтаж чадахаа болив. Гараа
толгойныхоо ард зөрүүлэн орон дээр дээшээ харан хэвтлээ. Америка Викуньягийн
тухай бодол зүрхийг хатган орж ирэхэд өвдсөндөө зарсхийн татваганаж, үнэнийг
нууж чадсангүй угаалгын өрөөнд орж түгжээд хүслээрээ, яаралгүй, сүүлчийн
нулимсаа дуустал уйлжээ. Зөвхөн тэгэхэд л түүнийг ямар их хайрлаж байснаа
хүлээн зөвшөөрөх зүрх зориг орж ирсэн билээ.
Өглөө босч, хөлөг онгоцноос буухаар хувцсаа өмсөхөд аль
испаничуудын үед баригдсан хуучин, одоо намаг болсон хоолой, нарийн тохой ард
хоцорч, тос асгаран харласан тохойн усан дахь завинуудын сэгэн дундуур сүлжин
хөвж явлаа. Дэд хаадын хотын зарим барилгын алтан шаргал бөмбөгөр орой дээр
пүрэв гаригийн нар тусан гялтганаж байсан ч Фермина Даза хөлөг онгоцны тавцан
дээрээс бодит амьдралын аймшиг болсон хотын ялзарсан суу алдар, бузарлагдсан
цайз, хэрэмийнх нь ихэмсэг, хямсгар байдлыг тэвчиж чадсангүй. Флорентино ч,
Фермина ч ийм амархан бууж өгч болохгүй гэдгээ хэнээр ч хэлүүлэлгүй ойлгосон
юм.
Ахмад Самаритано хооллох өрөөндөө сахлаа ч хусаагүй,
унтаагүйн улмаас нүд нь гархилж, шөнөжин хувцас нь нэвт хөлөрч, уусан дарсандаа
байн байн хэхэрч, хэл яриа нь ээдэрсэн байдалтай сууж байлаа. Үргэлж цэвэрч,
нямбай байдаг ахмадад энэ төрх нь огт зохихгүй байв. Харин Зенаида унтаж байсан
юм. Тэд дуу шуу ч үгүй өглөөний цайгаа ууж байтал боомтын эрүүл ахуйн эргүүлийн
завьтай хүмүүс үзлэг хийнэ хэмээн мэдэгджээ.
Ахмад зэвсэгтэй эргүүлийн хүмүүст хөлгийн залуур дээрээс
хашгиран хариу өглөө. Хөлөг онгоцонд ямар төрлийн тахал гарсан, хэдэн зорчигч
байгаа, хэд нь өвчилсөн, шинээр халдвар тархах аюул байна уу гэдгийг мэдэхийг
хүсчээ. Ахмад, зөвхөн гурван зорчигч л авч яваа, гурвуулаа тахал туссан,
гурвууланг нь хатуу хяналт, хорионд оруулсан хэмээн хэлжээ. Ла Дорадад хөлөг
онгоцонд суух гэж байсан зорчигчид ч, хөлгийн багийн хориндолоон гишүүний аль
нь ч тэр гуравтай ойртож, шүргээгүй хэмээн дуулгалаа. Гэвч эргүүлийн ахлагч
үүнд сэтгэл ханасангүй, хөлөг онгоцыг тохойг орхиж, хорионд оруулах тушаал
гартал Лас Мерседес бэлчирт үдийн хоёр цаг хүртэл хүлээж бай гэсэн тушаал
өглөө. Ахмад гэрлэн буугаар буудан дохио өгч, хөлө онгоцоо эргүүлье хэмээн
гараараа занган Магдалена мөрний бэлчир рүү буцлаа.
Фермина Даза, Флорентино Ариза хоёр ширээнд сууж байхдаа
бүгдийг сонссон ч ахмад үүнд санаа зовсонгүй. Тэрээр чимээгүй идсээр, гол
мөрний ахмадуудын домогт нэр хүндийг тэтгэсээр ирсэн ес зүйн хэм хэмжээг зөрчиж
байгаа нь харваас илт байлаа. Шарсан дөрвөн өндөгийг хутганы үзүүрээр өлгөн авч
ногоон гадилтай тавган дээр тавиад бүхлээр нь ам руугаа хийж, их л бүдүүлгээр
таамшаалан зажилж байлаа. Фермина Даза, Флорентино Ариза хоёр сурагчийн
ширээний ард сүүлчийн шалгалтын дүнгээ хүлээж буй мэт дуугаралгүй түүнийг
ширтсээр суулаа. Ахмадыг эргүүлийн хүмүүстэй ярилцаж байхад хоорондоо нэг ч үг
солиогүй, амьдрал нь хаашаа эргэх гэж байгааг ч огт төсөөлөөгүй билээ. Гэхдээ
л, ахмад Самаританогийн чамархайны лугшилтыг хараад өөрсдийнх нь тухай бодсоор
байгааг мэдсэн аж.
Тэрээр өндөгний үлдэгдэл, тавган дээрх гадилаа дуусгаад
нэг аяга сүүтэй кофе уусны дараа хөлөг онгоц амарч, дуу нь намссан уурын
тогоотой тохойгоос гарч, замган хучлага, зүрхэн хэлбэрийн том навчтай ягаан
бадамлянхуа цэцгэн дундуур зам гарган бэлчир рүү буцлаа. Хулгайн загасчдын тэсрэх
бодист өртөн үхэж хажуугаараа хөвөх загаснуудын улмаас ус солонгорон гялалзаж,
газар, усны шувууд тэдний дээгүүр эргэлдэн нисч чих хангинам дуу чимээ гаргах
ажээ. Карибын тэнгисийн агаар шувуудын үймээнтэй хамт цонхоор орж ирэхэд
Фермина Даза эрх чөлөөт хүсэл зоригийнхоо замбараагүй лугшилтыг цусандаа
мэдэрчээ. Баруун талд Магдалена их мөрний цутгалан дэлхийн нөгөө хязгаар хүртэл
цэлийн харагдаж байлаа.
Тавган дээр нь идэх юм үлдэлгүй дуусахад ахмад ширээний
бүтээлэгний булангаар амаа арчаад, гол мөрний ахмадуудын сайн нэрийг нэгмөсөн
баллаж хаясан бүдүүлэг хараалыг хэлжээ. Гэхдээ тэдэнд ч, хэнд ч хандаж
ярьсангүй, өөрийнхөө уур хилэнтэй эвлэрэх гэж л ийнхүү дуугарчээ. Баахан
бүдүүлэг хараал урсгасны эцэст, шар тугтайгаа шигдэж орсон ээдрээ, төөрөгдлөөс хэрхэн
гарах арга ухаанаа олсонгүй.
Флорентино Ариза нүдээ ч цавчилгүй түүнийг сонсчээ. Дараа
нь далайчны өнцөг хэмжигч тавцангийн урд зогсоод цонхоор харахад тун ч тодхон
тэнгэрийн хаяа, ширхэг ч үүлгүй арванхоёрдугаар сарын тэнгэр, мөнхөд хөвөн явж
болохуйц их ус харагджээ. Тэгээд Флорентино,
-Баруун тийш эргээд бүх хүчээрээ урагшаа, урагшаа, дахиад
Ла Дорада хүртэл урагшаа гэж хашгирлаа.
Ариун сүнсний хүчээр гэрэлтсэн хуучин дуу хоолойг таниад
дагжин чичирсэн Фермина Даза ахмад руу
хараад хувь заяа нь түүний гарт байгааг ойлголоо. Гэвч Флорентино Аризагийн
хэмжээлшгүй их хүсэл тэмүүлэлд гайхан балмагдсан ахмад Самаритано Ферминаг
харсангүй.
-Та үнэхээр тэгж хэлж байна уу гэж асуухад Флорентино,
-Мэндэлсэн цагаасаа л хойш. Би үнэн биш ганц ч үг хэлж
байгаагүй юм шүү гэв.
Ахмад Фермина Даза руу хараад сормуусан дээр нь өвлийн
хярууны анхны оч гялалзахыг олж харжээ. Дараа нь Флорентино Ариза руу хараад
дийлдэшгүй итгэл, аймшиггүй зоригтой хайрыг нь мэдэрч, амьдрал нь үхлээс ч илүү
агуу, хил хязгааргүй юм байна гэсэн хожимдсон бодлоосоо айн цочив.
-Энэхүү чөтгөрийн юм шиг ирж, явсаар байх аялалыг бид
хэдий болтол үргэлжлүүлж чадна гэж бодож байна даа хэмээн ахмад асуулаа.
Тавин гурван жил, долоон сар, арваннэгэн өдрийн өмнөөс
хариултыг нь бэлдчихсэн байсан Флорентино Ариза,
-Бүхий л амьдралынхаа туршид гэж хэлжээ.
No comments:
Post a Comment