Saturday, 18 January 2014







60 жил усанд ороогүй эр

Ираны Дейга тосгонд амьдардаг 80 настай Амоу Хажи хэмээх эр сүүлийн 60 жилд ганц ч удаа усанд орж биеэ угаагаагүй гэж байна. “Tehran Times сонин мэдээлж буйгаар, “дэлхийн хамгийн заваан эр” Хажи 38 жил усанд ороогүй энэтхэг эрийн рекордыг “хумхийн тоос” болгож байгаа аж.
Амоу Хажи залуудаа сэтгэцийн өвчинд нэрвэгдэж, зожгирч ганцаараа амьдрах болжээ. Тэр цагаас хойш хүний хөлөөс хол, даруухан амьдрах болсон аж. Цэвэрхэн байвал өвчин тусдаг гэж итгэсэндээ зургаан аравны туршид усанд ороогүй Хажи өмхийрч үнэр орсон гахай зараа (porcupine) идэх дуртай. Үсээ засуулах хэрэг гарвал үсээ зүгээр л шатааж орхидог аж. Нэгэн удаа хэсэг залуус ирж хүчээр усанд оруулах гэсэн ч зугтаж амжжээ.

Деннис Родман Хойд Солонгосоос ирээд архины эмчилгээндээ орлоо

Америкийн сагсан бөмбөгч Деннис Родман АНУ-ын зүүн эргийн нэгэн эмнэлэгт архины донгоос ангижрах эмчилгээндээ орлоо хэмээн “CNN мэдээлэв. Тэрээр Хойд Солонгос руу ээлжит аялалаа хийж ирэнгүүтээ эмнэлэгт хэвтжээ.
Родман Пхеньянд нэгдүгээр сарын эхээр үзүүлэх тоглолтод оролцож байхдаа архинд донтсоноо хүлээн зөвшөөрч байв. Тэрээр “CNN”-ийн шууд нэвтрүүлэгт орж, Хойд Солонгост 15 жил хорих ялаар шийтгүүлсэн Америкийн иргэн Кеннетийн талаарх асуултад “Магадгүй тэр зохих шийтгэлээ авсан байх” хэмээн хариулснаар олон хүний шүүмжлэлд өртсөн юм. Дараа нь тэрээр Кеннетийн гэр бүлээс уучлал хүссэн аж.
Родман NBА-ийн ахмад тоглогчдийн хамтаар Хойд Солонгосын лидер Ким Чен Унд төрсөн өдрийн баяр хүргэхээр очсон юм. Тэд үзүүлэх тоглолт хийжээ. Энэ аялалд оролцсон сагсан бөмбөгч Чарльз Смит “Үзүүлэх тоглолт хийлээ гэж бидэнд мөнгө өгөөгүй” хэмээн мэдэгдсэн байна. Залуу лидер Ким Чен Ун алдарт сагсан бөмбөгч Деннис Родманаар дамжуулж улс орноо өрнөдийн анхааралд өртүүлэхийг хүсч буй бололтой.

Бан Ги Мун Сирийн сөрөг хүчинд баяр хүргэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Женев-2” энхийн бага хуралд оролцохоор болсон Сирийн Үндэсний сөрөг хүчний эвслийн шийдвэрт баяр хүргэжээ. “Ийм их гай зовлон, сүйтгэлийг авчирсан гурван жилийн иргэний дайныг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө түүхэн, зоригтой алхам хийлээ” хэмээн Бан Ги Мун онцолжээ. Тэрээр Сирийн сөрөг хүчнийхэн бага хуралд оролцох төлөөлөгчдөө шуурхай сонгож чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Энхийн хуралд оролцох болсон Сирийн Үндэсний сөрөг хүчний эвслийн шийдвэрт Европын дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон мөн баяр хүргэсэн байна.

Үерт 22 хүн амиа алдлаа

Бразилийн Сан-Паулу хотод үер буусны улмаас 22 хүн амь насаа алдаад байна. Одоогоор таван хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Үер, хөрсний нуралтын улмаас Итаока суурингийн хүн амын 10 хувь нь орох оронгүй болов. Олон цаг үргэлжлэн орсон борооны улмаас гол үерлэж эргээсээ хальсан аж. Онцгой албаныхан болон цэргүүд байгалийн гамшигт өртсөн иргэдэд тусалж байна.

Б.Обама Ангела Меркелийг тайвшруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы канцлер Ангела Меркельд хандаж “Үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) үйл ажиллагаанаас болж хоёр орны улс төрийн харилцаа муудна гэж санаа зовох хэрэггүй” хэмээн хэлжээ. Тэрээр Германы телевизэд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.
“АНУ, Германы харилцан итгэлцэл NSA-ийн үйл ажиллагаа болон түүний тагнах мөрдөх арга барилын улмаас тасалдах ёсгүй. Ийм байдалд хүргэхгүйн төлөө би ажиллана. Би АНУ-ын Ерөнхийлөгч байгаа цагт Германы канцлер үүнд санаа зовохгүй байж болно” хэмээн Цагаан ордны эзэн онцолжээ. NSA-д гадаад орнуудын лидерийг тагнаж мөрдөхийг хориглож байгаагаа Обама мэдэгдсэн билээ.

Амстердамд Алтанзул цэцгийн баяр болж байна

Голландын Амстердам хотод Алтанзул цэцгийн баяр болж байна. Тус улсад энэ цэцэг хоёр, гуравдугаар сард цэцэглэдэг ч голландууд энэ баярыг нэгдүгээр сарын дундуур тэмдэглэх болжээ. Энэ баяраар хэдэн мянган гоёмсог цэцгийг янз бүрийн хэлбэр, дүрс үүсгэн дэлгэдэг. Цэцэгний баярт ирсэн зочин бүр 15-20 Алтанзул цэцэгтэй баглааг үнэгүй авч явж болдог ажээ.

No comments:

Post a Comment