Tuesday, 5 July 2016

Гэвч Флорентино Ариза тэр өдрөө, санаанд ч ороогүй өглөөний арваннэгэн цагт тун ч шинэхэн, сэргэсэн байдалтай буцаж ирээд түүний өмнө ихэд бардам нүцгэлэв. Фермина харанхуйд төсөөлж байсантайгаа яг адил насгүй болсон, хар бараан, гялалзсан, дэлгэсэн нарны шүхэр шиг чанга арьстай, суга, умдаганд нь цөөхөн, өрвийснөөс өөр үсгүй түүнийг гэгээн цагаан өдрөөр таашаалтайхан харжээ. Түүний харуул бэлэн байдалд орж, тэрээр зэвсгээ зүгээр ч нэг харуулаагүй, өөртөө зориг оруулахын тулд дайны олж мэт харуулж байна гэдгийг Фермина ойлгожээ. Үүр цүүрийн сэвэлзсэн салхи гарахад л өмсчихсөн байсан унтлагын цамцаа тайлах ч завдал өгсөнгүй эмэгтэй хүнтэй анх учирч буй банди шиг л яаран дайрахыг Фермина хараад өрөвдөж харууссандаа дагжин чичирчээ. Гэвч Ферминад яршигтай санандсангүй, яагаад гэвэл ийм тохиолдолд хайр, өрөвч сэтгэл хоёрыг ялгаж салгахад амаргүй байдаг аж. Тэгээд дууссаны дараа сэтгэл нь хоосорсон мэт санагджээ.
Сүүлийн хорин жилд анх удаа загас наадуулж байгаа Фермина Даза энэ олон жил завсарласны эцэст өдий насан дээрээ хийхээр ямар байдаг бол гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн юм. Гэвч тэрээр Ферминагийн бие сэтгэл нь ч бас түүнийг хүсч байгаа эсэхийг мэдэх зав өгсөнгүй. Бүх зүйл хурдан, гунигтай болж өнгөрөөд, Фермина “Бид бүгдийг үзчихлээ. Ингээд бүх зүйл дуусах биз” гэж боджээ. Гэвч тэр алджээ. Хоёул гутарч, Флорентино бүдүүлэг аашилсандаа харамсаж, Фермина исгэмэл дарсанд галзуурсандаа хэлээ хазсан ч тэд дараагийн өдрүүдэд бие биенээсээ нэг ч мөч холдсонгүй. Хоол идэх гэж л өрөөнөөсөө гарч байсан юм. Хөлөг онгоцонд нь хадгалах гэсэн ямар ч нууцыг зөнгөөрөө мэдчихдэг ахмад Самаритано тэдэнд өглөө бүр цагаан сарнай илгээж, тэдний үеийн вальс хөгжим тоглуулж, сэрэл, дур төрүүлдэг орцтой хоол бэлтгэн наргиан болгож явуулах болов. Сэрэл сэтгэл нь өөрөө хүрээд ирэх хүртэл тэд дахин учран золгох гэж хичээсэнгүй. Зүгээр л хамтдаа байх энгийн аз жаргал нь тэд нарт хангалттай байсан билээ.
Арваннэгэн өдөр аялсны эцэст өдрийн хоолны дараа сүүлчийн боомт Ла Дорадад ирнэ гэсэн бичиг ахмадаас ирэхэд тэд өрөөнөөсөө гарах бодолгүй сууж байсан юм. Фермина Даза, Флорентино Ариза хоёр саарал наранд гэрэлтэн гялтганах олон байшинтай толгодыг өрөөнөөсөө хараад яагаад ийм нэр өгснийг ойлгосон ч зуух шиг аахилсан халуун агаарыг нь мэдэрч, гудамжинд замын хар буцалгахыг хараад тэр бодол нь сарнин алга болов. Үүнээс гадна, хөлөг онгоц тэнд биш, Санта Фе төмөр замын эцсийн зогсоол байдаг нөгөө эрэгт нь зангуугаа хаян зогссон байлаа.
Зорчигчид буунгуут тэд оромжоосоо бушуухан гарав. Фермина Даза гол танхимийн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, тоглоом шиг хэлхээтэй чиргүүлд ачиж авчирсан цүнх, саваа ялгаж авах гэсэн шаагилдсан олон хүнийг хоёул тавцан дээрээс ажиглаж байлаа. Тэд, тэр тусмаа зузаан хүрэм, тоостой халуун цаг агаарт тохиромжгүй өмнөх зууны үеийн бүрх малгайтай эмэгтэйчүүд нь харваас Европоос ирсэн бололтой. Зарим бүсгүй халуунд хатан хорчийж байгаа төмсний гоё цагаан цэцгээр үсээ чимсэн байв. Тэд мөрөөдлийн тал нутгийг нэг өдрийн турш галт тэргээр туулсны дараа Андын нурууны хөндийг гаталж дөнгөж ирээд, Карибын цаг агаарт зориулж хувцсаа ч солих завгүй бужигнаж байлаа.
Захын нүргээн шуугианы дунд цөхөрсөн царайтай ихэд хөгшин нэг өвгөн гуйлгачны хүрэмний халааснаасаа тахианы дэгдээхэй сугалан гаргаж байв. Тэр хүн гэнэт гарч ирэн, өөр өндөр, том биетэй хэн нэгнийх байсан нь гарцаагүй урагдаж ноорсон нэлмэгэр хувцастайгаа олон хүний дундуур зам гарган явж байлаа. Бүрх малгайгаа авч зоос хийгээрэй гэж буй мэт хөлөг онгоцны зогсоол дээр дээш нь харуулан тавиад, цайвар хөөрхөн дэгдээхэйнүүдийг халааснаасаа атга атгаар нь гаргаж ирэх нь гар дээр нь үржин олширч буй мэт харагдаж байв. Хаа саагүй шулганан ганганаж сандарсан дэгдээхэйгээр зогсоол нэг хэсэгтээ бүрхэгдэж, яарсан зорчигчид анзаарсан ч юмгүй гишгэчиж байсан юм. Өөрт нь зориулсан юм шиг санагдсан гайхалтай үзүүлбэрт сэтгэл нь хөдөлсөн Фермина Даза ганцаараа үүнийг харж байхдаа буцах аялалын зорчигчид хэзээ хөлөг онгоцонд сууж эхэлснийг ч анзаарсангүй. Зугаа цэнгэл дуусчээ. Ирж байгаа хүмүүс дотор олон танил нүүр, бүр гэрт нь ирж эмгэнэл илэрхийлсэн хүмүүс ч байхыг харчихаад бушуухан өрөөндөө эргэн орж бүглээ. Нөхөр нь нас бараад удаа ч үгүй байхад нь сэтгэлээ тайтгаруулж аялах гэсэн хөлөг онгоц дээр танил хүмүүсийнхээ нүдэнд өртөхөөс өмнө үхэхийг илүүд үзэж тавгүйтсэн Ферминаг Флорентино Ариза олж харлаа. Гутарсан сэтгэлийг нь дагаж түгшсэн Флорентино Ариза шорон шиг санагдах болсон хөлөг онгоцны өрөөнөөс өөрөөр түүнийг хамгаалж өмгөөлнө гэдгээ амлалаа.
Хувийн хоолны өрөөнд оройн зоог барьж байхад энэ санаа гэнэт орж иржээ. Ахмад аль дээрээс л ярилцахыг хүсч байсан нэг асуудалд санаа нь зовсоор байсан ч Флорентино Ариза “Үүнийг чинь Леона Кассиани надаас илүү зохицуулчихна” гэсэн байнгын шалтгаа тоочиж бултсаар ирсэн юм. Гэхдээ энэ удаа түүнийг сонсчээ. Гол өгсөхдөө ачаа ачиж явдаг хөлөг онгоцууд уруудахдаа хоосон буцдаг бол, зорчигчид дээр энэ нь эсрэгээрээ байдаг байв. “Ачаа ачвал тэд илүү мөнгө төлж, дээр нь хоол иддэггүй давуу талтай” хэмээн ахмад хэлжээ. Фермина Даза дуртай дургүй хооллож, ялгаатай үнэ ханш тогтоох нь зохистой гэсэн хоёр эрийн сонирхолгүй маргаанд уйдан сууж байлаа. Флорентино Ариза маргааныг тэвчээртэй дуусгачихаад ахмадад авралын од мэт санагдсан асуултыг тавьжээ.
-Яадаг юм бол доо л гэж бодож байна. Ачаагүй, зорчигч ч үгүй, юу ч үгүй, ямар ч боомтоор дайрахгүйгээр чигээрээ аялах боломж бий юу хэмээн асуулаа.
Зөвхөн онолын хувьд л боломжтой хэмээн ахмад хэлэв. Карибын гол мөрний компани өөрийн гэсэн ажил, үүргийн хариуцлагатай байдгийг Флорентино Ариза хэнээс ч илүү мэдэх билээ. Ачаа ачих, зорчигч тээвэрлэх, шуудан зөөх зэрэг өөр олон, ихэнх нь зайлшгүй чухал үүрэг хүлээдэг. Хөлөг онгоц дээр тахал, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд л энэ бүх гэрээ, тохиролцоог зөрчиж болдог байсан юм. Ийм үед хөлөг онгоцонд дээр хорио цээр тогтоож, шар туг мандуулж онцгой эрхтэйгээр явдаг байсан аж. Магдалена мөрний сав газраар олон удаа тахал дэгдэж, дараа нь эрх баригчид эмч нарыг албадан ердийн гэдэсний хижиг өвчин байсан хэмээн бичиг хийлгэдэг байсан ч ахмад Самаритано хэд хэдэн удаа ингэж явахаас өөр аргагүй болж байв. Үүнээс гадна, татвар төлөхгүй, хүсэшгүй зорчигч авахгүй байх, мөн гэнэтийн нэгжлэгээс бултахын тулд шар туг мандуулан эрх баригчдыг тохуурхсан олон тохиолдол гол мөрний түүхэнд гарч байсан аж. Флорентино Ариза ширээн доогуур гараа явуулж Фермина Дазагийн гарыг олж атгаад,
-За, сайн байна. Ерөөсөө ингээд явчихъя гэлээ.
Ахмад гайхсан ч тэр дороо хөгшин үнэгний зөнгөөрөө бүгдийг сайн ойлгожээ.
-Би энэ хөлөг онгоц дээр тушаана, харин та надад тушаана. Үнэхээр ингэж ярьж байгаа бол энэ тушаалыг надад бичгээр үйлдэж өгнө үү. Тэгээд бид тэр даруйд нь хөдлөх болно гэж хэлжээ.
Үнэхээр тэгж шийдсэн тул Флорентино Ариза тушаалыг бичиж гарын үсэг зурав. Хэдийгээр эрүүл ахуйн эрх баригчид баяртай мэдээ цацаж байсан ч тахлын голомт арилаагүй гэдгийг бүгд мэдэж байсан билээ. Моторт доголдол гарлаа хэмээн дээш нь гаргачихсан байсан цөөхөн ачааг буулгаж, зорчигчдыг нь үүрээр өөр компанийн хөлөг онгоцонд суулган явууллаа. Иймэрхүү зүйлийг ёс суртахуунгүй, зохисгүй шалтгааны улмаас хийдэг бол, яагаад хайр сэтгэлийн төлөө хийж байгаа шударга зүйл биш байдаг билээ хэмээн Флорентино Ариза боджээ. Ахмад Самаританогийн ганц хүссэн зүйл нь Наре боомт дээр зогсож, аялалд нь хань болох хэн нэгнийг авах байлаа. Түүнд ч бас нуугдсан хайр сэтгэл байсан юм.
Ийнхүү Шинэ үнэнч сэтгэл дараа өдрийн үүрээр ачаагүй, зорчигч ч үгүй, тахлын шар тугаа өндөрт мандуулан, ихэд баяртайгаар аян замдаа гарлаа. Нар хэвийх үед Наре боомтод зогсч, ахмад шиг том биетэй, маш өндөр, сахал тавьчихвал циркт ч тэнцэхээр ер бусын үзэсгэлэнтэй бүсгүйг авчээ. Түүнийг Зенаида Невес гэх боловч ахмад Миний араатан гэж дуудах аж. Ахмад Самаритано нэг боомтоос аваад нөгөө боомтод буулгадаг эртний найз бүсгүй нь тун ч баяр хөөртэйгээр хөлөг онгоцонд суужээ. Тэр гунигтай үдэш лууснууд өгсдөг байсан хуучин замаар Энвигадогийн галт тэрэг арай ядан өгсөхийг харсан Флорентино Аризад анхны учралт Росальба эргэн санагдаж, гэгэлгэн дурсамждаа умбаж байтал Амазоны усан бороо нижигнэн асгарч, аялал дуусан дуустал багахан завсартайгаар эргэн орсоор байсан билээ. Гэвч хөвөгч баяр цэнгэл нь өөрийн гэсэн дээвэртэй байсан тул энэ нь хэнд ч хамаагүй байв. Тэр шөнө Фермина Даза зугаа цэнгэлд нэмэр болохоор гал тогоо руу бууж ирэхэд нөгөө гурав алга ташин угтаж, Флорентино Ариза хайрын хаш ногоо хэмээн адислан нэр өгсөн зохиомол хоолыг бүгдэд зориулан бэлтгэлээ.
Өдөр нь хөзөр тоглон, хагартлаа идэж, ихээхэн сайн үдийн унтлага хийчихээд ядарч цуцсан амьтад гарч ирнэ. Тэгээд нар далд оров уу, үгүй юу нийлэн хөгжим тоглож, яргай загастай исгэмэл дарсаа уун залхтлаа цэнгэн хөгжилдөж байлаа. Хөлөг онгоц ч хөнгөхөн, долоо хоногийн турш орсон борооны улмаас Магдалена мөрөн ч дээрээс орж ирсэн усаар нэмэгдэн их устай, улам дөлгөөхөн болсон тул хурдан явж байлаа. Зарим тосгон суурингаас тахлаас сэргийлэн их буугаар буудаж, тэд гунигтай яндан дохиогоо дуугарган хариу талархал илэрхийлж байв. Замд зөрж буй ямар нэг компанийн хөлөг онгоцууд харууслын дохио өгч байсан юм. Мерседесийн эх нутаг болох Маганге тосгонд үлдсэн аялалынхаа түлээг базааж авлаа.

Хөлөг онгоцны яндан дохио эрүүл чихэнд нь хангинан мэдрэгдэж эхлэхэд Фермина Даза цочсон ч дараагийн өдрөөс хоёр чих нь хоёулаа сайн сонсох болов. Сарнай цэцэг урьд өмнөхөөс ч илүү үнэртэж, шувууд өчигдрөөс илүү гоё жиргэн дуулж, бурхан өөрийг нь сэрээхээр нэг далайн үхрийг бүтээж Тамаламекегийн эрэг дээр тавьсныг мэджээ. Түүнийг сонссон ахмад хөлгөө эргүүлж ойртсонд гар дээрээ зулзагаа тэврэн хөхүүлж байгаа аварга том эм далайн үхрийг сайтар харж чаджээ. Флорентина ч, Фермина ч тэр, яагаад нэг нэгэндээ ингэж их уусч, ойлголцдог болсноо анзаараагүй юм. Фермина түүнд бургуй тавихад нь тусалж, унтахдаа аягатай усанд хийн орхидог хиймэл шүдийг нь сойзоор цэвэрлэх гэж түүнээс эрт босч, Флорентиногийн нүдний шил уншиж, оёж цойлдоход нь яг таарч байсан тул тэрээр гээсэн нүдний шилнийхээ асуудлыг нэг тийш нь шийджээ. Нэг өглөө сэрээд бүрэнхийд цамцны товчоо хадан суугааг нь хараад хоёр эхнэр хэрэгтэй юм байна гэдэг үгээ давтахаас нь өмнө яаран очоод товчийг нь хадаж өгчээ. Харин Фермина түүнээс ганц зүйл хүсч байсан нь нурууныхаа өвчинд бумба тавиулах байсан юм.

No comments:

Post a Comment