Хосе Мухика: Амьдрал
бол гайхалтай сайхан тэмцэл, тулаан юм
- Би Ерөнхийлөгч болоогүй байхдаа яаж амьдарч байсан яг л
тэр маягаараа амьдардаг. Нөгөө л зам дээрээ, нөгөө л байшиндаа, нөгөө л нэг хөрштэйгээ
амьдардаг -
Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика АНУ-д айлчлахад CNN-ийн Кристина
Аманпур нэвтрүүлэгтээ урьж ярилцжээ.
-Ноён Ерөнхийлөгч,
манай нэвтрүүлэгт оролцож буйд талархлаа. Уругвайд марихуан хэрэглэхийг хуулиар
зөвшөөрсөн талаар яриагаа эхлэе... Энэ хуулийг ард иргэд хэрхэн хүлээн авч
байна вэ?
-Хуульчилсан юм биш, зүгээр л хуульчлахыг хүсч буй нууц
зах зээлийг зохицуулж байгаа юм. Угаасаа байгаа, оршиж байгаа зах зээл
хариуцлагаа өөр дээрээ авна гэсэн үг. Бид хар тамхинд донтох явдлыг
өөгшүүлээгүй. Энэ муу зүйл рүү орж буй хүмүүсийн асуудал, бэрхшээлийг ийм
замаар шийдвэрлэхийг хичээж байна. Миний явуулж буй бодлогыг, яг юуны тухай
яриад байгааг ард иргэд маань ойлгож эхэлж байна, энэ их чухал юм. Энэ бол
мансууруулах бодисын зөөвөр, худалдаа наймааны эсрэг арга хэмжээ. Хар тамхины
хэрэглээг хориглоод 20 жил боллоо. Хар тамхиар ашиг, хонжоо олдог хүмүүсийг, бүлгийг
тэндээс нь хөөж гаргах ёстой. Учир нь ийм далд зах зээл 80 жилийн турш явж
ирлээ. 1984 онд манай улсад хар тамхи хэрэглэгч хоёр мянган хүн бүртгэгдэж
байв. Өнөөдөр энэ тоо 150 мянгад хүрээд байна. Хориглож, цагдахаар дэмий
байдгийг бид хангалттай харсан. Бид өөр арга замыг эрэлхийлж байна.
-АНУ-д бас хар
тамхийг хуульчлах талаар их ярьдаг. Өсвөр үеийнхэн бүр эрт насандаа хар тамхи
татаж үзээд донтчихдог явдлыг гааруулах юм биш үү?
-Сөрөг үр дагавар нь юу байх вэ гэдгийг тооцож байна.
Аливаа зүйл хориотой, хаалттай байх тусам хүмүүс тийшээ тэмүүлдэг. Зөвшөөрөгдсөн
хэмжээгээр авахыг хүсч байгаа бол эмч, химич дээр очоод морфин зэрэг өөр эм,
бодис худалдаад авчихаж болдог. Марихуантай холбоотой “нууцыг задалж”, хар
тамхины наймаачдад цохилт өгөх зорилготой юм.
-Та олон жилийн
турш Уругвай дахь Тупамаро партизаны бүлгийн толгойлогч байсан. Тэр үед
босогчдын дунд Америкийн эсрэг үзэл маш их байсан. Та өнөөдөр Уругвайн
Ерөнхийлөгч, АНУ-д айлчлалаар ирээд Цагаан ордон руу явж байна. Танд ямаршуу
санагдаж байгааг асуух гэсэн юм...?
-Би бодит байдлыг няцааж чадахгүй. Би энэ дэлхийд дуртай
юу, үгүй юу гэдгээ ч мэдэхгүй. Гэвч би үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Манайх
шиг жижиг орон өнөөдрийн Америк орныг няцааж, өөрөөр төсөөлөх гэвэл мэдээж
худлаа болно. Би хараад л гайхаж, цочирдож, эзэмдүүлж байгаа гэж хэлж болохоор
зүйл АНУ-д олон байна. Латин Америктай харьцуулахад ямар их хүч, эрх мэдэл
цугларч вэ гэж бодохоор заримдаа аймшигтай санагддаг.
АНУ-д ч бас өөрчлөлт гарч байна. Энэ бол хүний хөгжил юм.
Хүн төрөлхтөнд бүхэлд нь тусалж байгаа технологи, шинжлэх ухааны нээлт гарч
байна. Бид бүгдийг нэг сагсанд хийж, АНУ-ыг ганц үгээр тодорхойлж чадахгүй. АНУ
бол гайхалтай газар. Ерөнхийлөгчийн эрх нь Конгрессээр жаахан хязгаарлагддаг
байж болох юм. Гэхдээ бидний ихэнх нь, би ч бас, хар арьстай хүн Америкийн
Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Тулаанд ялна гэдэг энэ юм.
-Ноён
Ерөнхийлөгч, таныг дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэдгийг дэлхий нийт мэднэ. Та
Ерөнхийлөгчийн ордонд бус, өөрийн бор гэртээ амьдардаг. Та цалингийнхаа (12.000
доллар) 90 хувийг буяны санд хандивладаг. Ингэж амьдрахад юу түлхээд, нөлөөлөөд
байдаг юм бэ. 14 жил шоронд хоригдсон тань өнөөгийн амьдралд хэрхэн тусдаг вэ?
-Өнөөдрийн миний үзэл бодол, сэтгэлгээ, үнэт зүйлс шоронд
өнгөрүүлсэн он жилүүдтэй салшгүй холбоотой. Тэнд л энэ бүгд бүрэлдэж бий болсон
юм. Би ядуу Ерөнхийлөгч биш ээ. Их олон зүйл хэрэгтэй болдог хүмүүс л ядуу
байдаг гэж Сенека хэлсэн. Яг л тийм байдаг. Би хахир, арвич Ерөнхийлөгч.
Амьдрахад надад нэг их зүйл хэрэггүй. Би Ерөнхийлөгч болоогүй байхдаа яаж
амьдарч байсан яг л тэр маягаараа амьдардаг. Нөгөө л зам дээрээ, нөгөө л
байшиндаа, нөгөө л нэг хөрштэйгээ амьдардаг. Би чинь бүгднайрамдахч хүн. Манай
улсын хүн амын ихэнх нь яаж амьдарч байна, би тэгж амьдрах дуртай. Тэр хүмүүс л
миний төлөө саналаа өгсөн. Яагаад би тэдэнтэй адилхан байдаг нь ийм учиртай. Ёс
суртахууны хувьд, Уругвайн хүн амын цөөнх шиг амьдрах эрх надад байхгүй. Олон
хүн их мөнгөтэй байдаг. Тэд улс төрд орох ёсгүй. Би л лав ингэж боддог. Би
цэцэрхэж ингэж яриагүй, би өөрийгөө сурталчлаагүй. Миний философи энэ юм.
-Шоронд олон жил
ганцаараа хоригдоход хэцүү байсан биз. Та хэрхэн давж гарч чадав аа?
-Хүн гэдэг чинь хүчтэй амьтан. Би үүнийг л хүмүүст
хэлэхийг хүсдэг. Бид авирч чадна, унаж чадна. Гэвч хөл дээрээ босоод шинэ
авиралтыг үргэлж эхлүүлж чаддаг. Аливаа зүйлийг гаднаас нь биш дотроос нь харж
байх ёстой. Бусдад буруугаа чихэж болохгүй. Бид өөрсдийгээ дотроос нь харж
чаддаг байх ёстой юм. Байгаль бидэнд хэрэгтэй бүхнийг өгсөн. Хэн нэг нь
бүтэлгүйтэж байгаа бол тэмцлээ зогсоосон гэсэн үг. Амьдрал бол гайхалтай сайхан
тэмцэл, тулаан юм. Бид түүнийг хамгаалах ёстой. Иймэрхүү зүйлсийн талаар
Ерөнхийлөгч Обаматай ярилцахаар ирсэн минь энэ. Тамхины эсрэг хамтдаа тэмцэх
хэрэгтэй байна. Жил бүр найман сая хүн тамхинаас болж хорвоог орхиж байна. Дайн
байлдаанд үрэгдэж буй амьнаас хавьгүй их байна.
-Та тэр олон жил
шоронд хоригдож байхдаа гяндан дотроо шавьжнуудтай харилцаж, хархнуудтай найз
болсон гэж уншсан юм. Тэр яагаад тийм чухал байсан юм бэ?
No comments:
Post a Comment