Monday, 12 May 2014




Америкууд бүтээгдэхүүндээ “Хорхой” тавьдаг уу

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) Америкт үйлдвэрлэсэн салаалагч, серверүүдэд өгөгдлийг замаас нь барьж авах төхөөрөмж нууцаар суулгаж байгаа хэмээн The Guardian сонин өөрийн экс ажилтан Гленн Гринвальд (Эдвард Сноудений задруулсан нууц мэдээллийг анх сонин дээрээ тавьж байсан)-ийн шинэ номноос иш татан мэдээлэв. Хятадад үйлдвэрлэсэн салаалагч болон интернэтийн бусад төхөөрөмжид суулгасан “Хорхой”, “Чагнуур”-ын аюулын талаар бусад улс орнуудад идэвхтэй сануулж, Бээжин ийм аргаар хэрэглэгчдийг мөрдөж, тагнадаг хэмээн Вашингтоны эрх баригчид олон жилийн турш дэлхий нийтэд анхааруулсаар ирсэн билээ. Сэтгүүлч Г.Гринвальд “Нуугдах газар үгүй” номдоо энэ талаар дурдаж “NSA бас ийм үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Америк, Хятадын салаалагч төхөөрөмж, серверийн бүтээгдэхүүн зөвхөн эдийн засгийн бус, мөн тагнуулын салбарт өрсөлдөж байна” хэмээн онцлов. “Нуугдах газар үгүй” (No place to hide) ном өнөөдөр худалдаанд гарч байгаа ажээ.

Энхийг сахиулах хүчнийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Норвегийн уугуул Кристен Лунд НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг удирдаж буй анхны эмэгтэйгээр тодорлоо. Тэрээр энэ оны наймдугаар сард Кипр дахь “Цэнхэр дуулгатан”-уудыг удирдах үүргийг хүлээж авах юм. НҮБ-ын цэргийн үйл ажиллагаанд эмэгтэй хүмүүс өндөр байр суурь эзлэх боломжтойг харуулж буй нь хамгийн чухал хэмээн хатагтай Лунд хэлж байна. Өмнө нь тэрээр Ливан, Босни, Афганистанд алба хааж, мөн Персийн булангийн дайны үеэр энхийг сахиулагчидтай ажиллаж байв. НҮБ-ын энхийг сахиулах хүчин 1964 оноос хойш Кипрт байрлаж, грекийн кипр, туркийн кипрүүдийн хоорондох анх тайвны үйл хэргийг дэмжсээр иржээ.

Эминем Лондон тоглоно


Америкийн дуучин Эминем энэ онд Лондонд очиж концерт тоглохоор болжээ. Тэрээр Британийн нийслэлд хамгийн сүүлд 13 жилийн өмнө тоглож байсан юм. Долдугаар сарын 11-нд Лондоны Уэмбли цэнгэлдэхэд түүний концерт болно. “Би уул нь Хайд-паркт тоглолтоо хийхийг хүссэн ч зөвшөөрсөнгүй. Гэхдээ би Лондонд тоглох болсондоо баяртай байна” хэмээн зартай рэпчин Эминем ярилаа. Английн хөлбөмбөгийн шигшээ баг албан ёсны тоглолтоо хийдэг Уэмбли цэнгэлдэх нь 90 мянган хүний суудалтай, багтаамжаараа Европт хоёрт ордог. Тоглолтын тасалбарыг тавдугаар сарын 9-нөөс эхлэн борлуулж эхэлжээ. 

No comments:

Post a Comment