Ким Чен Уны ах Ким Чен Намын нууцлаг үхэл
Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен
Нам Малайзын Куала Лумпур хотын нисэх оггоцны буудал дээр хортой зүүгээр
хатгуулан амь насаа алджээ. Тэрээр Макао руу нисэхээр онгоцны буудал дээр явж
байхад нь хоёр эмэгтэй дөхөж ирээд нүүрийг нь даавуугаар бүтээсэн хэмээн
мэдээлж байна. Ким Чен Нам эмнэлэгт хүргэгдэж байхдаа амьсгал хураажээ. Энэ нь Пхеньяны
эрх баригчдын илгээсэн тагнуул, тусгайгийн ажилтнуудын хийсэн ажил гэдэгт
Өмнөд Солонгос итгэлтэй байгаа аж. Тэд
ийнхүү хардаж буйгаа ил тод илэрхийлсэн ч Малайзын цагдаа одоогоор үүнийг
батлах зүйлийг олоогүй байна. Ямар ч байсан Ким Чен Намын амь насанд халдсан нь
тодорхой байгаа бөгөөд түүний цогцост задлан шинжилгээ хийж байгаа аж. Ким Чен
Намын гэр бүлд ойрхон эх сурвалж ВВС-д мэдээлснээр, түүнийг хордуулж хөнөөсөн
нь илт, хойдууд гадаад дахь дайснуудаа устгах арга барилтай адилхан байгаа ажээ.
Эцгийнхээ үхлийн дараа Хойд Солонгосын жолоог гартаа
авсан Ким Чен Ун 2013 оны арванхоёрдугаар сард хадам ах Чан Сон Тэкийг төрд
тэрсэлсэн хэргээр цаазаар авч байв. Тэрнээс хойшх хамгийн дуулиантай үхэл нь
ийнхүү Ким Чен Намынх болж байна. Эцэг Ким Чен Ирийг залгамжлан Хойд Солонгосын
лидер болох боломжгүй болсныхоо дараа эх орноосоо зугтан гарсан Ким Чен
Нам Пхеньяны дэглэмийг шүүмжлэгчдийн нэг
болсон юм. Хойд Солонгосын дэглэмийг идэвхтэй шүүмжлэгч, тэрслүү үзэлтэн,
Пхеньяны эрх мэдэлд санаархагч хэмээн тооцогддог Ким Чен Намыг Малайзид
хөнөөсөн нь таагүй өрсөлдөгч, тэрслүү этгээд рүү чиглэсэн Хойд Солонгосын
тусгай үйл ажиллагаа хэмээн тоймч, шинжээчид үзэж байна.
45 настай Ким Чен Нам цагтаа дэлхийн хамгийн хаагдмал,
коммунист Хойд Солонгос улсын жолоог эцгээсээ өвлөж авах хүн хэмээн зүй ёсоор нэрлэгдэж
байв. Гэвч 2001 онд Япон улсад хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригдсан
нь “уруудах”-ын эхлэл болсон юм. Тэрээр зөвхөн Токио дахь Диснейлэндийг үзэхийг
л хүссэн хэмээн мэдүүлж байв. Үүнээс нь болсон уу, яасан, Ким Чен Ир том хүүгээ
“жийж”, Швейцарьт сурч байсан дараагийн эхнэрийн хүү Ким Чен Уныг авчирч
залгамжлагчаараа зарласан билээ. Ийнхүү Ким Чен Ун 2001 онд Хойд Солонгосын
жолоог гартаа атгахдаа дөнгөж 30 настай байсан юм. Тэр цагаас хойш ах Ким Чен
Нам нь ихэнх цагийг Макао, Сингапур, Хятадад хэсүүчлэн өнгөрөөж байжээ.
Нэг дор 104 хиймэл дагуул хөөргөв
Энэтхэг улс нэг пуужингийн тусламжтайгаар сансарт нэгэн
зэрэг 104 хиймэл дагуулыг хөөргөжээ. 2014 онд оросууд нэг зэрэг 37 хиймэл
дагуулыг хөөргөж дэлхийд нэрээ гаргаж байв. Энэтхэгүүдийн хөөргөсөн хиймэл
дагуулын 96-г нь АНУ-ын компани үйлдвэрлэжээ. Судалгаа, тандалтын том биш
хиймэл дагуулуудыг Бенгалын хоолой дахь Шрихарикота арал дээрх сансрын төвөөс
хөөргөсөн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ нь тоогоороо ч, сансрын
судалгааны ахиц дэвшлээрээ ч түүхэн үйл явдал ажээ. Энэтхэгийн газар нутгийн
зургийг сансраас маш нарийвчлалтай, оновчтой авах чадвартай хиймэл дагуул
тэдний дунд хөөрчээ. Мөн газар нутгийн маргаан, дайн мөргөлдөөн ихтэй Кашмирийг
хянахад ч эдгээрийг ашиглах бололтой. Энэтхэгийн Засгийн газар энэ онд сансрын
судалгаа шинжилгээний төсвөө ихээхэн нэмэгдүүлсэн юм.
Алдарт “Барселона” гутамшигтай ялагдал
хүлээлээ
Аваргуудын лигийн 1/8 шигшээ тоглолт
эхэллээ. Францын “ПСЖ” талбай дээрээ Месси, Луис Суарес тэргүүтэй Испанийн алдарт “Барселона”-
г хүлээн авч 4-0 харьцаагаар бут ниргэв. Францын багаас аргентин тоглогч Анхель
Ди Мария хоёр гоол оруулжээ. Тоглолтын дараа “Барса”-гийн дасгалжуулагч Луис
Энрике “ПСЖ бүх талаар илүү байлаа. Тэд бөмбөгтэй ч, бөмбөггүй байхдаа ч илүү
байсан. Тоглолтын дүн үүнийг харуулж байна. Хожигдлын бурууг хайж байгаа бол та
нарын өмнө зогсож байна. Энэ ялагдалд тоглогчид биш, би буруутай” хэмээн ярьжээ.
Хариу тоглолт гуравдугаар сарын 8-нд Барселона хотын Камп Ноу цэнгэлдэхэд
болно. Заналт өрсөлдөгч “Реал Мадрид”-ыг 5-0 харьцаагаар хожиж байсан “Барса” шилдэг
наймд шалгарахын тулд хариу тоглолтыг мөн ийм дүнтэйгээр дуусгах хэрэгтэй болж
байна.
Иванка Трамп “Цагаан ордон”-д “эзэн суув”
Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка Цагаан ордны
эзний сэнтийд заларч хоёр талдаа АНУ болон Австралийн лидерийг зогсоосон зураг
дэлхий дахиныг шуугиулж байна. Тэрээр Цагаан ордны Зууван танхим дахь АНУ-ын Ерөнхийлөгчийн
ширээнд сууж буй зургаа Твиттер хуудсандаа тавьж “Эмэгтэйчүүдийн эзлэх байр
суурийн талаар дэлхийн хоёр лидертэй гайхалтай сайхан яриа өрнүүллээ” хэмээн
бичжээ. Энэ нь 1961 оноос хойшх АНУ-ын бүх Ерөнхийлөгч сууж Америкийн болон
дэлхийн хэргийг эрхэлж байсан ширээ юм. Энэ суудалд анх удаагаа эмэгтэй хүн
сууж гэрэл зургаа олон нийтэд цацсан нь гол шуугиан дэгдээж байгаа бололтой. 1879 онд үйлдвэрлэсэн HMS
Resolute хөлөг онгоцны модоор энэ ширээг хийж Resolute бичгийн ширээ хэмээн хүндэтгэн нэрлэсэн аж. Эл ширээ Цагаан ордонд олон арван
жил болсны дараа тэргүүн хатагтай Жаклин Кеннедийн санаачлагаар сэргээн
засварласнаас хойш АНУ-ын Ерөнхийлөгчийн ширээ болсон түүхтэй. Цагаан ордны
эзэд энэ л ширээний ард сууж дэлхийн, хүн төрөлхтний түүхийг эргүүлсэн
шийдвэрээ гаргаж байв. Ямар нэг сонгуульд оролцож байгаагүй, сонгогдож
байгаагүй 35 настай эмэгтэй энэ ширээний ард суусныг шүүмжлэх хүн цөөнгүй
байна. Иванкагийн хойд эх Меланиа Трамп Нью-Йоркоос Вашингтонд бүрмөсөн шилжиж
ирэх хүртэл Иванка АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байгаа билээ.