Saturday 10 May 2014

Яагаад, яагаад.... ???

Б.Нямдорж

Би Анхаа (Х.Анхбаяр) ахыг сайн танина. Монгол эх орноо, уул усаа хайрлах сэтгэлийг нь хэнээс ч илүү мэднэ. Гадаадын аялагч жуулчдын урcгалыг татаж, бизнесээ өргөжүүлж, гялалзаж, Монгол эх орноо дэлхий дахинд таниулж, тэр хэрээр улсынхаа сан хөмрөгт чамгүй орлого оруулж явсныг олон хүн мэднэ дээ. Тэр Германд олон жил амьдарсан ч сэтгэл нь үргэлж Монгол руугаа байсан.
Хээр хөдөө явж байгаад бидний хэн нэг нь хог цаас орхиод, хаяад явах гэхээр “Ингэж болохгүй, хогоо аваад явна шүү. Хаана ч, ямар ч хог битгий тарьж бай” гэж хэлээд явдаг байлаа. Сүүлдээ бид нар хэнээр ч хэлүүлэлтгүй хогоо уутлаад аваад явж сурсан юм. Аливаа зүйлийг сэтгэлээсээ, үнэнч, яг таг, чанартай сайн хийдэг герман чанар Анхаа ахаар бидэнд дамжин суусан нь энэ болов уу.
Х.Анхбаяр нөгөө “Алдар” нийгэмлэгийн шилдэг хаалгач байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Сандагдорж багшийн “Алдар” нийгэмлэгийн шигшээ тэр үедээ Пайнц, Баана, Мөнх-Эрдэнэ зэрэг ганган тоглогчидтой, Х.Анхбаяр хаалгыг нь хана хэрэм шиг л манадаг байж билээ.
Тэр үргэлж л шилдэг нь байсан. Монгол, Европ, Америкийг холбосон бизнесээ цэцэглүүлж, гялалзаж явсныхаа дараа Монгол эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татая, бидэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа дэлхийн бизнесийн, хөрөнгийн урсгалыг нааш нь эргүүлье гэсэн сэтгэлээр л тэр буцаж ирсэн. Мэдээж бараг л 20-иод жил амьдарч дассан Герман орныг орхиод, хүүхдүүдээ сургууль, найз нөхдөөс нь салгаад буцаад ирэх амаргүй байсан нь ойлгомжтой. Эцэг эхээсээ олж авсан хүмүүжил, Монголдоо сэтгэл тэнэгэр амьдарна, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадна гэсэн итгэл, сэтгэл л түүнийг дуудсан. Тэгээд ч Х.Анхбаяр үүнийг хийж чадах хангалттай боловсрол, мэдлэг, чадвартай. Ёстой л атаархмаар чадалтай, чансаатай залуу.
Харин юун дээр алдаж, эндээд ийм зүйл болчихов доо...
Яагаад тодорхойгүйгээр ийм удаан хоригдож байна вэ? Ямар нэг хэргээр буруутгаж байгаа бол тэр хэрэг хэзээ хяналтад, прокурорт шилжиж, арай илүү тодорхой болох вэ? Батлан даалтад гаргаж болохгүй гэж үү? Тэр хүний амьдралыг, бизнесийг орвонгоор нь самарч, гэр орон, гэргий, үр хүүхдэд нь дэндүү увайгүй, бүдүүлэг хандсаны хариуцлагыг хэн хүлээх вэ зэрэг асуулт ар араасаа хөвөрч байна. Эх орноо гээд зориод ирсэн иргэддээ яагаад ийм хатуу, өршөөлгүй хандана вэ? Яагаад яагаад... ??? 

1 comment:

  1. Үнэнийг бичсэнд баярлалаа.
    Би Анхаатай ажил хэргийн шугамаар харьцаж байсны хувьд дээд зэргийн шударга, хүмүүжилтэй, соёлтой, боловсролтой залуу гэдгийг нь мэднэ. Тэрээр яагаад ч гэмт хэрэг байтугай ямар нэг ёс зүйгүй үйлдэл гаргахааргүй хүн гэдгийг нь ч мэднэ. Тиймд "мөнгө угаасан", "хахууль өгсөн" гэх хэрэгт цагдан хоригдлоо гэдгийг сонсоод ихэд цочирдсон. Одооо үед гаднаас хөрөнгө оруулалт татаж ирэх чинь гэмт хэрэг болсон юм аа даа. Гоё сайхан үгээр уриалж эх оронд нь дуудаж ирүүлчихээд “чи яасан их мөнгө эргэлдүүлдэг юм, ямар олон лицензитэй юм” гээд эцэс төгсгөлгүй хорьж амь, амьдралаар нь тоглож байгаа чинь эрх зүйт төр мөн үү... харамсалтай нь иргэд бид төрийн энэ хатуу ширүүн машины эсрэг юу ч биш. АТГ гэж захиалгаар ажилладаг жинхэнэ мангас гарч ирээд сүүлийн үед мөнгөтэй гэсэн хүг бүрийг барьж авч суулгадаг боллоо. АТГ-г хянадаг чиг үүрэг, эрх мэдэлтэй байгууллага нь яагаад ажиллахгүй байна вэ? Ер нь Монгол Улсад “хүний эрх” гэдэг чинь зөвхөн цаасан дээр л үлдэж.

    ReplyDelete