Monday, 26 January 2015





Долоон чулуун гэр

Архангайн Тариат, Хорго, Тэрхийн цагаан нуурыг бүгд мэдэх биз. Харин тэнд байдаг Долоон чулуун гэр-ийг мэдэх хүн тэр бүр байхгүй байх. Галт уулын халуун лав урсаж, хайлмагтан царцахдаа хөөсөн бөмбөлөгүүд нь пур пурхийн дээгүүрээ хагаран царцсаар ийм чулуун гэрүүд бий болсон гэж бичсэн байсныг уншиж байсан.
Тариат сумын төвөөс чанх хойшоо Суман голыг гатлаад ертөнцийн зүгээр баруун тийш 200 орчим м яваад хойшоо эргэнгүүт байдаг юм билээ, Хоргын тогооны бэлээр тарсан их хүрмэн чулуун дунд. Гэхдээ очоод үзэхэд тэгж хөөс пур пурхийн буцалсаар байгаад царцсан гэж бодогдохгүй юм байна лээ. Зүгээр тал дээр хэдэн бөндгөр чулуунууд, хоорондоо зайтай, нэг дор биш... Харин гэр гэдгийн хувьд бол хаалга, тоонотой яг л юм байна лээ шүү. Зарим нь үүд нь хэтэрхий том, зарим нь нураад хаалга, тооно 2 нь нийлчихсэн байх аж. Яг гэр шиг бүрэн бүтэн нь 2-3 байна. Жаахан завтай бол үзэх л хэрэгтэй сонин тогтоц, байгалийн бүтээл юм. Энэ гэрүүд дотроо бол яг шатаж дүрэлзэж байсан нь харахад л андашгүй. Шатаж урсаад хайлсан арзайсан дотортой. Том бөндгөр чулуу дотроосоо дэлбэрч тийм гэр шиг зүйл үүсэх нь үүссэн юм шиг байгаа юм. Харин хөөс байсан гэдэг юу л бол.

Долоон чулуун гэрээс хэдхэн алхмын зайд Хүйтэн нуур гэж байна. Тэр их хүрмэн чулуун дотор тийм ч жижиг биш нуур байдаг, гүехэн, тунгалаг. Ер нь тэр их хүрмэн чулуун дунд их юм байдаг юм шиг ээ... Хад, үхрийн нүд бол их байдаг. Тэгээд янз бүрийн тогтоц, агуй, нүх сүв, тогоо гээд л... Ер нь Хоргод том, жижиг 11 тогоо (дэлбэрэлтээс үүссэн) байдаг. Залуусын агуй, Ганц хүний агуй, Шар нохойн там зэргийг хүмүүс мэдэх биз. Тэрүүгээр явахдаа завтайхан бол Долоон чулуун гэрээр ороод гараарай...

Sunday, 25 January 2015




Delta Airlines 600 нислэгээ хойшлуулжээ

Америкийн Delta Airlines авиакомпани цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас 600 орчим нислэгээ цуцалжээ. Зүүн эргийн Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут, Пенсильвани, Массачусетс, Мэн мужид цасан шуурга дэгдэх мэдээ ирсэн тул нислэгүүдийг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Нью-Йорк хот руу маш хүчтэй цасан шуурга ойртож байна хэмээн хотын дарга Билл де Блазио ярилаа. Нью-Йоркийн иргэдийг болж өгвөл гэрээсээ гарахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг сануулжээ.

Египетэд 11 хүн амиа алдлаа

Египетийн Каир хотод Ерөнхийлөгч Хосни Мубаракийг эрх мэдлээс түлхэн унагасан бослогын дөрвөн жилийн ойгоор эмх замбараагүй байдал үүсч иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны улмаас 11 хүн амиа алдлаа. Хэд хоногийн өмнө Египетийн шүүх Х.Мубаракийн хоёр хүүг чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Ала, Гамаль нар авлигын хэргээр шүүхэд шилжээд байсан ч хэргийг дахин хянаж үзсэний эцэст суллах шийдвэр гаргажээ. Жагсагчдын зарим нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан юм. Цагдаа нар гал гэнэт гал нээсэн хэмээн гэрчүүд мэдүүлж байна.

Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн ярьжээ. “Энэ улс оронд агуу сүр хүчийг нь эргүүлэн авчирч чадах цорын ганц хүн бол би. Өөр хэн ч чадахгүй гэдгийг би мэдэж байна” хэмээн Трамп мэдэгдэв. 2016 оны сонгуульд өрсөлдөх магадлалтай хүний тоонд Хиллари Клинтон, Жеб Буш, Митт Ромни нар нэрлэгдэж байна.
“Митт Ромни чадахгүй, түүнд нэг боломж байсан. Тэр ашиглаж чадаагүй. Бушийг хэн ч сонгохгүй. Бидэнд дахиад нэг Буш хэрэггүй” хэмээн тэрбумтан нэмж хэллээ. Д.Трамп Ерөнхийлөгч болвол улс орон даяар ажлын байр бий болгож, “Исламын улс” террорист бүлгийг устгаж, төсвийн алдагдлыг багасгаж, Иранд цөмийн зэвсэг боловсруулж буйг зогсооно хэмээн амлаж байна.

Wikileaks-ийн сэтгүүлчдийн мэдээллийг АНУ-ын эрх баригчдад өгчээ


Google компани Америкийн шүүхийн шаардлагаар WikiLeaks-ийн гурван сэтгүүлчийн хувийн мэдээллийг гаргаж өгчээ. Ээ тухай Guardian сонин мэдээлэв. Сэтгүүлч Сара Харрисон, Жозеф Фаррел, Кристина Храфнссоны хувийн мэдээллийг 2014 оны арванхоёрдугаар сард АНУ-ын эрх баригчдад дамжуулж өгсөн байна. Сэтгүүлчид Google компанийн үйлдлийг хувийн амьдралд халдсан хэрэг хэмээн үзэж байна. Wikileaks-тэй холбоотой хэргийг шалгаж байгаа АНУ-ын шүүх сэтгүүлчдийг тагнуулын зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж хувийн мэдээллийг нь өгөхийг шаардсан аж. Wikileaks-ийг үндэслэн байгуулагч Жулиан Ассанж “Google-ийн гол зорилго нь тагнуулын мэдээлэл цуглуулах” хэмээн мэдэгдэж байв. 


А.Литвиненко булшин доороос Кремлийг буруутгаж байна

Лондонд дүрвэсэн КГБ-ийн экс тагнуулч, 2006 оны арваннэгдүгээр сард полонид хордон амиа алдсан Александр Литвиненкогийн үхэлд Кремлийн эзэн Владимир Путин холбоотой гэсэн яриа, буруутгал нь шинэ зүйл биш. Харин энэ хардалтыг батлах нотолгоо гарч ирлээ гэсэн нь шинэ, содон зүйл болж байна. Daily Telegraph мэдээлж буйгаар, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт (NSA) Литвиненкогийн хэрэг явдал нь төрийн аллага болохыг батлах бичлэг, нотолгоо байгаа аж. Америкийн тагнуулын алба экс орос тагнуулчийг хордуулсан хүмүүс болон Москвагийн эрх баригчдын хоорондох ярианы бичлэгийг Британийн тагнуулын албанд шилжүүлж өгчээ. Маргааш Лондоны дээд шүүх дээр уг хэргийг мөрдөн шалгах шүүх хурал эхлэх гэж байгаа тул дээрх материал, нотолгоо ихээхэн чухал ач холбогдол агуулж байна.
NSA-ийн илчилсэн баримт нь цаанаа улс төрийн зорилго агуулж байгаа нь бараг тодорхой байна. Учир нь Британийн лидер Дэвид Камерон Путиний Украин дахь үндсэрхэг түрэмгий бодлогыг эсэргүүцэн зогсож буй өрнөдийн цөөхөн лидерийн нэг билээ. Хэрвээ Их Британийн шүүх “Оросын Ерөнхийлөгч Лондонд аллага үйлдэхийг тушаасан” хэмээн үзвэл Кремль, өрнөдийн хоорондох дипломат хямрал улам хурцдах нь дамжиггүй.
Дэслэгч хурандаа цолтой байсан Александр Литвиненко 1996 онд ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны ажилтан болжээ. 1998 онд тэрээр өөр хэдэн ажилтны хамтаар дээд дарга нараа амиа алдсан хэд хэдэн магнатын хэрэгт холбоотой хэмээн буруутгасан байна. Гэвч тэрээр үүнийхээ улмаас шоронд оржээ. 2000 онд Лондонд улс төрийн орогнол олж авч, тэнд сэтгүүлч, аюулгүй байдлын зөвлөх, Британийн тагнуулын албанд мэдээлэл нийлүүлэгчийн ажил хийх болов.
Үнэн хэрэгтээ Литвиненко сэтгүүлч Анна Политковскаягийн амь насыг хохироосон хэрэгт оролцсон гэх Оросын автократ дэглэмийг илчлэгч тэрслүү үзэлтэн байсан юм. Литвиненко нас барахаасаа өмнө В.Путинийг гэмт хэргийн ертөнцийн зартай төлөөлөгч Семион Могилевичтэй холбоотой болохыг илчлэн ярьсан аудио бичлэгийг Британийн хэвлэлийнхэн олж авсан гэж байна. “КГБ-ийн экс тагнуулч булшин доороос Кремлийн эздийг довтолж байна” хэмээн хэвлэлд бичжээ. Семион Могилевич нь дэлхийгээр тархсан Оросын мафийн боссуудын босс хэмээн алдаршсан бөгөөд Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж буй хамгийн аюултай арван гэмт хэрэгтний нэг юм.

А.Литвиненко 2006 оны арваннэгдүгээр сарын 23-нд Лондоны University College эмнэлэгт цацраг идэвхт полонийн хордлогоор нас барсан билээ. Тэрээр “Бурхан л түүний хийсэн нүглийг өршөөх байх” хэмээн өөрийнхөө үхэлд Путинийг буруутгаж буйгаа цаасан дээр бичиж үлдээсэн юм. Оросын лидер түүний үхэлд эмгэнэж буйгаа илэрхийлж, хүч хэрэглэсэн гэх нотолгоо алга гэж байв. Литвиненко нас барахаасаа 20 хоногийн өмнө Knightsbirdge Park парк зочид буудлын зоогийн газар КГБ-д хамт ажиллаж байсан Андрей Луговой, Дмитрий Ковтун нартай уулзаж кофе уужээ. Орос тагнуулч нар Кремлийн удирдагчдын даалгавраар Литвиненкогийн кофенд полони хийсэн хэмээн үздэг аж. Өнөөдөр А.Луговой Төрийн Думын гишүүн бол, Д.Ковтун бизнес эрхэлж байна. Тэднийг баривчлах Интерполын шийдвэр гарсан ч ОХУ тэр хоёрыг шилжүүлж өгөхөөс татгалзсаар байна. Дашрамд сонирхуулахад, полони хэмээх цацраг идэвхт бодис нь Орос, Америк зэрэг цөөхөн улсын Засгийн газрын онцгой хяналтад байдаг асар хортой бодис юм. Нэг тоосны хэмжээтэй полони хүний биед ороход л үхэлд хүргэх аюултай ажээ. 

Tuesday, 20 January 2015




Оросын таван иргэн Францад баривчлагдсан нь батлагдав

Францад Оросын таван иргэн баривчлагдсаныг баталсан мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яам Францын эрх баригчдаас хүлээж авчээ. “Парис дахь манай Элчин сайдын яам, Марсель дахь консулын газар Францын талд хандаж мэдээлэл хүссэн. Оросын таван иргэнийг саатуулсныг тэд баталсан хариу өглөө. Хэд хоногийн дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Монпелье хотоос баривчлагдсан Оросын иргэн Зелимхан Исмаиловыг террорист халдлагад бэлтгэх зорилгоор гэмт этгээдүүдтэй нийлсэн хэмээн буруутгаж байгаа аж. Үлдсэн оросуудыг ямар хэргээр буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Тэд бүгд Чеченийн уугуул ажээ.

Босогчид Ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ

Йемений Сана хотод шийт босогчдын “Ансар Аллах” бүлгийнхэн Ерөнхийлөгчийн ордныг эзэлж авчээ. Гэрчүүдийн баталж буйгаар, дайчид ордны хамгаалалтын цэргүүдтэй ахархан хугацаанд тулалдсаны дараа ордныг эзлэн авсан байна. Ерөнхийлөгч Абда Раббо Мансур энэ үеэр албан өргөөндөө байхгүй байжээ. Сана хотод өчигдөр болсон тулалдаанд есөн хүн амиа алдаж, 67 хүн шархадлаа. Босогчид хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хулгайлаад байсан юм. Босогчид болон Йемений хүчний байгууллагынхан гал зогсоох тохиролцоонд хүрээд байсан ч босогчид ийнхүү гэрээгээ зөрчин довтлоод байна.

AirAsia-гийн онгоц огцом өндөрт гарсан байжээ

Ява тэнгист осолдсон AirAsia авиа компанийн нисэх онгоц хэтэрхий огцом өндрөө авсны улмаас осолдсон хэмээн үзэх боллоо. Энэ тухай Индонезийн Тээврийн сайд ярьжээ. Онгоц осолдохоосоо өмнө минутад 1828 метрийн хурдтай явж байсан аж. Байлдааны онгоц ч, зорчигч тээврийн онгоц ч өндрөө авахдаа ингэж их хурдалдаггүй. Арванхоёрдугаар сарын 28-нд Индонезийн Сурабай хотоос Сингапур руу нисч явсан онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас осолдсон хэмээн үзэж байсан билээ. Онгоцны экипаж нислэгийн замаа өөрчлөх зөвшөөрөл хүссэний дараа холбоо тасарсан юм. Уг онгоцонд 162 зорчигч явж байсан бүгд амь үрэгджээ.

Туркт тагнаж чагнасан хэргээр дахин 20 хүнийг баривчлав

Туркт дахин 20 хүнийг төрийн өндөр албан хаагчид, улстөрчид, тэр тусмаа улс орны Ерөнхийлөгч Режеп Эрдоганыг чагнаж тагнасан хэргээр баривчилжээ. Тэдний ихэнх нь Туркийн харилцаа холбооны яам, эрдэм шинжилгээ, технологийн судалгааны хүрээлэнд ажиллаж байжээ. Өнгөрсөн онд мөн энэ хэрэгт хэдэн арван хүнийг баривчлаад байсан юм. Нэгдүгээр сарын эхний долоо хоногт хууль сахиулах байгууллагынхан цагдаагийн 20 офицерийг чагнаж тагнасан хэрэгт холбогдуулан саатуулсан байна.
Чагнах ажиллагааг АНУ-д амьдарч байгаа сөрөг хүчний лидер Фетхулла Гюлений заавраар явуулсан хэмээн Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Гюлен Туркт эрх мэдлийг солихыг эрмэлзэж байна хэмээн Эрдоган хэлжээ. Гэвч тэрээр энэ бүх буруутгалыг няцааж байгаа юм. 

Monday, 19 January 2015




А.Шварценеггер хүүгээ Майли Сайрусаас салахыг зөвлөжээ

“Терминатор” Арнольд Шварценеггерийн 21 настай хүү Патрик дуучин Майли Сайрустай уулзах болоод нэлээд хэдэн сар өнгөрч байна. Тэрээр найз бүсгүйгээ ээждээ танилцуулаад амжсан бөгөөд Мария Шрайвер ч хүүгийнхээ сонголтод сэтгэл хангалуун байгаа аж.
Гэвч саяхнаас тэдний гэр бүлд нэгэн шуугиан дэгдээд байна. Патрик ажил хийхийг хүсэхгүй байгаагаа эцэг эхдээ дуулгажээ. Учир нь тэрээр 25 нас хүрэхээрээ эцэг эхээсээ 50 сая долларын хөрөнгө өвлөж авах юм. Хүүгийнх нь санаа Арнольд, Мария хоёрыг тавгүйтүүлж, улмаар тэд хүүгээ тулган шаардахаас аргагүй болсон байна. “Майлигаас сал, салахгүй бол ямар ч өв хөрөнгө үлдээхгүй” гэсэн ацан шалаанд оруулжээ.

Тейлор Свифт шүтэн бишрэгчээ баярлуулжээ


Америкийн дуучин Тейлор Сфивт хамгийн үнэнч шүтэн бишрэгчд Ребека Ботникерт онцгой бэлэг барьжээ. Ребека өрийн шүтээндээ зориулсан нэгэн бичлэгийг интернэтэд тавьсан нь алдарт дуучны сэтгэлд хүрчээ. Тейлор түүний хаягаар бэлэг дурсгалын зүйлс, гарын үсэгтэй гэрэл зураг, мөн 1984 долларын чек илгээсэн байна. Дуучны хамгийн сүүлд гаргасан цомог нь “1984” гэдэг нэртэй юм. Бэлгийг хүлээж аваад хагартлаа баярласан Ребека уг мөнгийг сургуулийнхаа төлбөрт зарцуулна хэмээн ярьжээ. 


Гитлер махнаас гарсан нь ба Сталины тарчлаагч тансаг ширээ

“Дарангуйлагчдын зоог” хэмээх алдартай удирдагч, дарангуйлагч нар ямар хоол хүнс эрхэмлэдэг байсан тухай ном Их Британид гарчээ. Дэлхийд зартай дарангуйлагч, харгис удирдагчдын үйл хөдлөл хэрэглэдэг хоол хүнстэй нь холбоотой эсэх талаар Британийн судлаач Викториа Кларк, Мелисса Скотт нар тайлбарлах гэж оролджээ.
Дэлхийн хамгийн аймшигтай хүний махан хүнстэний дэглэмийг бий болгосон Адольф Гитлер ногоогоор хооллогч байсан нь сонин. Түүний гол зоог нь гоймон, цагаан будаа, шош, вандуй, өнгөт байцаа байжээ. Гитлер 1934 онд махнаас гарсан бөгөөд үүнээс өмнө тагтааны татсан мах л иддэг байсан аж. Фюрерийн амиа хорлосон шалтгааны талаар түүхчид янз бүрийн санаа бодолтой байдаг. Харин британи судлаачид өөр нэг тайлбар гаргаж ирэв. Нацизмын үзэл сурталч ногоогоор хооллогч болсон нь бие организм-хоол хүнсний хамааралтай холбоотой байсан бололтой. Гитлер метеоризм буюу бүдүүн, нарийн гэдсэнд хий цугларах өвчтэй байсан нь Рейхстагийн агаарыг ихээхэн “бохирдуулдаг” байжээ. Адольф Гитлер аминдаа ихэд хайртай, сэжигч, биеэ чагнадаг нэгэн байсныг дурдах хэрэгтэй. Түүнд 15 бүсгүйгээс бүрдсэн хоол амсагч бригад байсан бөгөөд тэд хоол идээд 45 минутын дараа амьд байвал тэр хоол фюрерийн ширээн дээр залардаг байсан гэдэг.
Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи ингэний сүүнд ухаангүй дуртай нэгэн байжээ. Энэ цагаан идээ шүдийг жинхэнэ цагаан өнгөтэй болгодог гэж үздэг байв. Жамахири хувьсгалын лидер Холливудын инээмсэглэлээрээ ихэд бахархдаг байсан билээ. Тэрээр зөвхөн саам уудаг байсан бөгөөд заримдаа гадаадад айлчлах бүрэлдэхүүнд нь хоёр ингэ ордог байсан гэдэг. Ойрхи Дорнодын бас нэг харгис удирдагч Саддам Хусейн шарсан мөрөг загасанд нугасгүй байжээ. Тэрээр уурга, дэгээгээр өөрөө загасаа барьдаг байсан аж. Саддамыг баривчилсны дараа түүний нууц дур, шунал илэрчээ. Түүний хөргөгч шоколад, toffee чихрээр дүүрэн байсан аж.
Иосиф Сталин гүрж дарстай баян тансаг, ширээ дүүрэн, зочин ихтэй зоог барих дуртай нэгэн байлаа. Заримдаа үүрийн таван цаг хүртэл үргэлжилдэг энэ зоог нэг ёсны тамлан тарчлаалт байсан тухай Хрущев өгүүлсэн нь бий. Иосиф Виссарионович зочдынхоо яриаг сонсож, егөөдөж, хундага тулган, арвин тансаг зоогоо амтланхан суудаг байжээ. Сталины дуртай хоол нь сациви буюу бинтэй нарийн ногооны шөл. Мөн шавар аяганд хонины махтай ногоотой шөл зооглох нэн дуртай байсан аж.
Өнөөгийн дарангуйлагчдаас Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны гал тогооны амт ихээхэн анхаарал татна. Ард түмнээ эцэж цуцалгүй удирдахын тулд тэрээр иран түрс, тай манго жимс, япон цагаан будааны хайрмаг, амьд хавч зооглохыг эрмэлздэг. Мөн аварга загасны сэлүүрээр хийсэн шөл, швейцарь бяслагаас хэзээ ч буцахгүй нэгэн ажээ.