Tuesday, 20 January 2015




Оросын таван иргэн Францад баривчлагдсан нь батлагдав

Францад Оросын таван иргэн баривчлагдсаныг баталсан мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яам Францын эрх баригчдаас хүлээж авчээ. “Парис дахь манай Элчин сайдын яам, Марсель дахь консулын газар Францын талд хандаж мэдээлэл хүссэн. Оросын таван иргэнийг саатуулсныг тэд баталсан хариу өглөө. Хэд хоногийн дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Монпелье хотоос баривчлагдсан Оросын иргэн Зелимхан Исмаиловыг террорист халдлагад бэлтгэх зорилгоор гэмт этгээдүүдтэй нийлсэн хэмээн буруутгаж байгаа аж. Үлдсэн оросуудыг ямар хэргээр буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Тэд бүгд Чеченийн уугуул ажээ.

Босогчид Ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ

Йемений Сана хотод шийт босогчдын “Ансар Аллах” бүлгийнхэн Ерөнхийлөгчийн ордныг эзэлж авчээ. Гэрчүүдийн баталж буйгаар, дайчид ордны хамгаалалтын цэргүүдтэй ахархан хугацаанд тулалдсаны дараа ордныг эзлэн авсан байна. Ерөнхийлөгч Абда Раббо Мансур энэ үеэр албан өргөөндөө байхгүй байжээ. Сана хотод өчигдөр болсон тулалдаанд есөн хүн амиа алдаж, 67 хүн шархадлаа. Босогчид хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хулгайлаад байсан юм. Босогчид болон Йемений хүчний байгууллагынхан гал зогсоох тохиролцоонд хүрээд байсан ч босогчид ийнхүү гэрээгээ зөрчин довтлоод байна.

AirAsia-гийн онгоц огцом өндөрт гарсан байжээ

Ява тэнгист осолдсон AirAsia авиа компанийн нисэх онгоц хэтэрхий огцом өндрөө авсны улмаас осолдсон хэмээн үзэх боллоо. Энэ тухай Индонезийн Тээврийн сайд ярьжээ. Онгоц осолдохоосоо өмнө минутад 1828 метрийн хурдтай явж байсан аж. Байлдааны онгоц ч, зорчигч тээврийн онгоц ч өндрөө авахдаа ингэж их хурдалдаггүй. Арванхоёрдугаар сарын 28-нд Индонезийн Сурабай хотоос Сингапур руу нисч явсан онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас осолдсон хэмээн үзэж байсан билээ. Онгоцны экипаж нислэгийн замаа өөрчлөх зөвшөөрөл хүссэний дараа холбоо тасарсан юм. Уг онгоцонд 162 зорчигч явж байсан бүгд амь үрэгджээ.

Туркт тагнаж чагнасан хэргээр дахин 20 хүнийг баривчлав

Туркт дахин 20 хүнийг төрийн өндөр албан хаагчид, улстөрчид, тэр тусмаа улс орны Ерөнхийлөгч Режеп Эрдоганыг чагнаж тагнасан хэргээр баривчилжээ. Тэдний ихэнх нь Туркийн харилцаа холбооны яам, эрдэм шинжилгээ, технологийн судалгааны хүрээлэнд ажиллаж байжээ. Өнгөрсөн онд мөн энэ хэрэгт хэдэн арван хүнийг баривчлаад байсан юм. Нэгдүгээр сарын эхний долоо хоногт хууль сахиулах байгууллагынхан цагдаагийн 20 офицерийг чагнаж тагнасан хэрэгт холбогдуулан саатуулсан байна.
Чагнах ажиллагааг АНУ-д амьдарч байгаа сөрөг хүчний лидер Фетхулла Гюлений заавраар явуулсан хэмээн Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Гюлен Туркт эрх мэдлийг солихыг эрмэлзэж байна хэмээн Эрдоган хэлжээ. Гэвч тэрээр энэ бүх буруутгалыг няцааж байгаа юм. 

No comments:

Post a Comment