Monday, 26 January 2015





Долоон чулуун гэр

Архангайн Тариат, Хорго, Тэрхийн цагаан нуурыг бүгд мэдэх биз. Харин тэнд байдаг Долоон чулуун гэр-ийг мэдэх хүн тэр бүр байхгүй байх. Галт уулын халуун лав урсаж, хайлмагтан царцахдаа хөөсөн бөмбөлөгүүд нь пур пурхийн дээгүүрээ хагаран царцсаар ийм чулуун гэрүүд бий болсон гэж бичсэн байсныг уншиж байсан.
Тариат сумын төвөөс чанх хойшоо Суман голыг гатлаад ертөнцийн зүгээр баруун тийш 200 орчим м яваад хойшоо эргэнгүүт байдаг юм билээ, Хоргын тогооны бэлээр тарсан их хүрмэн чулуун дунд. Гэхдээ очоод үзэхэд тэгж хөөс пур пурхийн буцалсаар байгаад царцсан гэж бодогдохгүй юм байна лээ. Зүгээр тал дээр хэдэн бөндгөр чулуунууд, хоорондоо зайтай, нэг дор биш... Харин гэр гэдгийн хувьд бол хаалга, тоонотой яг л юм байна лээ шүү. Зарим нь үүд нь хэтэрхий том, зарим нь нураад хаалга, тооно 2 нь нийлчихсэн байх аж. Яг гэр шиг бүрэн бүтэн нь 2-3 байна. Жаахан завтай бол үзэх л хэрэгтэй сонин тогтоц, байгалийн бүтээл юм. Энэ гэрүүд дотроо бол яг шатаж дүрэлзэж байсан нь харахад л андашгүй. Шатаж урсаад хайлсан арзайсан дотортой. Том бөндгөр чулуу дотроосоо дэлбэрч тийм гэр шиг зүйл үүсэх нь үүссэн юм шиг байгаа юм. Харин хөөс байсан гэдэг юу л бол.

Долоон чулуун гэрээс хэдхэн алхмын зайд Хүйтэн нуур гэж байна. Тэр их хүрмэн чулуун дотор тийм ч жижиг биш нуур байдаг, гүехэн, тунгалаг. Ер нь тэр их хүрмэн чулуун дунд их юм байдаг юм шиг ээ... Хад, үхрийн нүд бол их байдаг. Тэгээд янз бүрийн тогтоц, агуй, нүх сүв, тогоо гээд л... Ер нь Хоргод том, жижиг 11 тогоо (дэлбэрэлтээс үүссэн) байдаг. Залуусын агуй, Ганц хүний агуй, Шар нохойн там зэргийг хүмүүс мэдэх биз. Тэрүүгээр явахдаа завтайхан бол Долоон чулуун гэрээр ороод гараарай...

No comments:

Post a Comment