Sunday, 25 January 2015



А.Литвиненко булшин доороос Кремлийг буруутгаж байна

Лондонд дүрвэсэн КГБ-ийн экс тагнуулч, 2006 оны арваннэгдүгээр сард полонид хордон амиа алдсан Александр Литвиненкогийн үхэлд Кремлийн эзэн Владимир Путин холбоотой гэсэн яриа, буруутгал нь шинэ зүйл биш. Харин энэ хардалтыг батлах нотолгоо гарч ирлээ гэсэн нь шинэ, содон зүйл болж байна. Daily Telegraph мэдээлж буйгаар, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт (NSA) Литвиненкогийн хэрэг явдал нь төрийн аллага болохыг батлах бичлэг, нотолгоо байгаа аж. Америкийн тагнуулын алба экс орос тагнуулчийг хордуулсан хүмүүс болон Москвагийн эрх баригчдын хоорондох ярианы бичлэгийг Британийн тагнуулын албанд шилжүүлж өгчээ. Маргааш Лондоны дээд шүүх дээр уг хэргийг мөрдөн шалгах шүүх хурал эхлэх гэж байгаа тул дээрх материал, нотолгоо ихээхэн чухал ач холбогдол агуулж байна.
NSA-ийн илчилсэн баримт нь цаанаа улс төрийн зорилго агуулж байгаа нь бараг тодорхой байна. Учир нь Британийн лидер Дэвид Камерон Путиний Украин дахь үндсэрхэг түрэмгий бодлогыг эсэргүүцэн зогсож буй өрнөдийн цөөхөн лидерийн нэг билээ. Хэрвээ Их Британийн шүүх “Оросын Ерөнхийлөгч Лондонд аллага үйлдэхийг тушаасан” хэмээн үзвэл Кремль, өрнөдийн хоорондох дипломат хямрал улам хурцдах нь дамжиггүй.
Дэслэгч хурандаа цолтой байсан Александр Литвиненко 1996 онд ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны ажилтан болжээ. 1998 онд тэрээр өөр хэдэн ажилтны хамтаар дээд дарга нараа амиа алдсан хэд хэдэн магнатын хэрэгт холбоотой хэмээн буруутгасан байна. Гэвч тэрээр үүнийхээ улмаас шоронд оржээ. 2000 онд Лондонд улс төрийн орогнол олж авч, тэнд сэтгүүлч, аюулгүй байдлын зөвлөх, Британийн тагнуулын албанд мэдээлэл нийлүүлэгчийн ажил хийх болов.
Үнэн хэрэгтээ Литвиненко сэтгүүлч Анна Политковскаягийн амь насыг хохироосон хэрэгт оролцсон гэх Оросын автократ дэглэмийг илчлэгч тэрслүү үзэлтэн байсан юм. Литвиненко нас барахаасаа өмнө В.Путинийг гэмт хэргийн ертөнцийн зартай төлөөлөгч Семион Могилевичтэй холбоотой болохыг илчлэн ярьсан аудио бичлэгийг Британийн хэвлэлийнхэн олж авсан гэж байна. “КГБ-ийн экс тагнуулч булшин доороос Кремлийн эздийг довтолж байна” хэмээн хэвлэлд бичжээ. Семион Могилевич нь дэлхийгээр тархсан Оросын мафийн боссуудын босс хэмээн алдаршсан бөгөөд Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж буй хамгийн аюултай арван гэмт хэрэгтний нэг юм.

А.Литвиненко 2006 оны арваннэгдүгээр сарын 23-нд Лондоны University College эмнэлэгт цацраг идэвхт полонийн хордлогоор нас барсан билээ. Тэрээр “Бурхан л түүний хийсэн нүглийг өршөөх байх” хэмээн өөрийнхөө үхэлд Путинийг буруутгаж буйгаа цаасан дээр бичиж үлдээсэн юм. Оросын лидер түүний үхэлд эмгэнэж буйгаа илэрхийлж, хүч хэрэглэсэн гэх нотолгоо алга гэж байв. Литвиненко нас барахаасаа 20 хоногийн өмнө Knightsbirdge Park парк зочид буудлын зоогийн газар КГБ-д хамт ажиллаж байсан Андрей Луговой, Дмитрий Ковтун нартай уулзаж кофе уужээ. Орос тагнуулч нар Кремлийн удирдагчдын даалгавраар Литвиненкогийн кофенд полони хийсэн хэмээн үздэг аж. Өнөөдөр А.Луговой Төрийн Думын гишүүн бол, Д.Ковтун бизнес эрхэлж байна. Тэднийг баривчлах Интерполын шийдвэр гарсан ч ОХУ тэр хоёрыг шилжүүлж өгөхөөс татгалзсаар байна. Дашрамд сонирхуулахад, полони хэмээх цацраг идэвхт бодис нь Орос, Америк зэрэг цөөхөн улсын Засгийн газрын онцгой хяналтад байдаг асар хортой бодис юм. Нэг тоосны хэмжээтэй полони хүний биед ороход л үхэлд хүргэх аюултай ажээ. 

No comments:

Post a Comment